Галт тэрэгнээс амжих гээд аваарт оржээ
Дархан-2 өртөө-Шарын гол хоорондын замын 11км-ын 5 зуутад байрлах авто замын гарамд 2024 оны 4 сарын 13-ны 21:11 цагт 3501-р галт тэрэгний урдуур Субару маркын улаан өнгийн суудлын 99-47 ОРА автомашин орж осолджээ.
Жолооч хөнгөн гэмтэлтэй эмнэлэгт эмчлүүлж байгаа бол хажууд нь сууж явсан эмэгтэй сэхээнд биеийн байдал хүндхэн байна. Ард сууж явсан хоёр охины бие харьцангуй хэвийн байгаа аж.
Гармын дохионууд авто машины хөдөлгөөнд хориглосон заалттай, зарлан мэдээлэх төхөөрөмж мэдэгдэх хонх, чиглэл заагч хэвийн ажиллаж, гармын жижүүр зам дээр дохиотой зогсож байхад уг машин зогсож байсан автомашинуудын урдуур тойрон гарч галт тэргэнд мөргүүлсэн байна.
Уг галт тэрэг 18 вагонтой 1607тн ачаатай байсан ч 328 метр явж зогсжээ.