Нүүрсний хууль бус орлогыг Оросоор дамжуулан авсан байж болзошгүй хэмээн Р.Базарааг шалгаж байж магадгүй байна
“Алтай хүдэр” ХХК-ийн эзэн “Баян” гэх Р.Базарааг өнөөдөр /2024.04.15/ өглөө Эрүүгийн цагдаагийн албаны алба хаагчид хойшлуулшгүй ажиллагаа явуулж саатуулсан талаар бид өмнө нь мэдээлсэн.
Р.Базарааг сонгуульд нэр дэвших магадлалтай улстөрчийг хууль бусаар санхүүжүүлж байсан байж болзошгүй гэх үндэслэлээр ийнхүү саатуулж, түүний “Тээвэр хөгжлийн банк”, “Алтайн хүдэр”, “Бүрдэл майнинг” зэрэг аж ахуйн нэгжүүдэд Эрүүгийн цагдаагийн газраас нэгжлэг хийж байгаа талаар мэдээлсэн.
Тэгвэл Р.Базараа нь “Нарийнсухайт”-ын уурхайгаас борлуулаад нуусан нүүрсний 20 сая ам.долларын орлогыг Сингапурт бүртгэлтэй компани руу шилжүүлж ОХУ-аар дамжуулан монголд оруулж ирсэн байж болзошгүй байгаа аж. Учир нь Р.Базараагийн эзэмшдэг Тээвэр хөгжлийн банкны тодорхой хувийг ОХУ-ын иргэд эзэмшдэг байж магадгүй гэх мэдээлэл байна. Эх сурвалжийн мэдээлж буйгаар, “Р.Базараагийн холбогдсон тус хэрэгт Л.Гантөмөр, С.Баярцогт, Ц.Элбэгдорж, Н.Номтойбаяр нарын нэр бүхий улс төрчид холбогдож магадгүй байгаа” гэв.