Иргэн Н.Жаргалсайхан: Элэгний В, D вирусийн “Vicure” гэх эм 15 мянган төгрөг байсныг 45 мянга болгосон
Эмийн үнэ, чанарын асуудлаар нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол өнөөдөр эхэллээ.
Өнөөдрийн сонсголоор Монгол Улсын эм зүйн салбарын өнөөгийн нөхцөл ба тулгамдаж буй асуудал, зайлшгүй шаардлагатай болон хөнгөлөлттэй эмийн зохицуулалт, зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтад албан тушаалтны нөлөөлсөн байдал, төрийн байгууллага дахь эм хангамжийн байгууллагын хамаарлыг судлах юм.
УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Ж.Чинбүрэн:
-Хянан шалгах хорооны бүрэлдэхүүнд байгаа нийт 11 шинжээчид 1164 албан тушаалтан, 6200 нотлох баримт, 153 мянган цаасан нотлох баримт, 85 мянган ширхэг цахим файл цуглуулж нотлох баримтад үндэслэсэн шинжилгээ судалгаа, дүгнэлтийг гаргасан байна. Давхардсан тоогоор 150 гаруй гэрч сонсголд дуудагдахаар байна. Эхний ээлжинд нийт долоон гэрч дуудагдаж мэдүүлэг өгөх ёстой гэв.
Эмзүйн салбарын ерөнхий мэдээллийн талаар шинжээч дүгнэлтээ танилцуулав.
- Эм ханган нийлүүлэх байгууллага 2020 онд 384 байсан бол 2023 оны байдлаар 453 болсон.
- Эмийн сангийн тоо 2020 онд 2,343 байсан бол 2023 оны байдлаар 2,857 болсон.
- Эмийн үйлдвэрийн тоо 2021 онд 43 байсан бол 2023 онд 39 болсон байна.
Эмийн сангийн тоо болон хүн амын тоон харьцааг авч үзэхэд нийслэлд 1,000 хүн тутамд нэг эмийн сан, орон нутагт 1,600 хүн тутамд нэг эмийн сан үйл ажиллагаагаа явуулж байна.
Эмтэй холбоотой төсвийн өсөлт:
- Эрүүл мэндийн сайдын зарцуулах төсөв 2018 онд 766 тэрбум байсан бол 2020 онд 1 их наяд 59 тэрбум болж өссөн.
- Эм, эмнэлгийн хэрэгслийн төсөвт өртөг, худалдан авах ажиллагааны гэрээний дүн 109 тэрбум байсан бол 2020 онд 82 тэрбум болсон.
- Төвлөрүүлэх орлого 239.4 тэрбумаар тогтоож байсан бол 2020 онд 280.3 тэрбум болжээ.
Эмийн импортын мэдээ:
Эм импортлогчдын тоо сүүлийн гурван жилд өссөн. 2022 онд хамгийн их буюу 8,638 тонн эм импортолсон. Нэг кг эмийн үнэ ам.доллароор 2021 онд хамгийн өндөр буюу 39 байсан бол 2022 онд хамгийн бага буюу 16 болж буурсан байна.
Сүүлийн таван жилийн байдлаар Словен, ХБНГУ, БНСУ, ОХУ, Энэтхэг улсаас хамгийн их эм импортолжээ.
Иргэн н.Жаргалсайхан:
-B D вирусээр үүсгэгдсэн элэгний өвчлөлөөр жилд 5400, сард 450, өдөрт 15 хүн нас барж байна.
Элэгний В, D вирусийн “Vicure” гэх эмийг эмийн санд 15 мянган төгрөгөөр худалдаалж байсан. Гэтэл энэ жилээс тус эмийг даатгалд оруулаад эмийн жагсаалтаас хасчихлаа. Ингээд 45 мянга болгоод үүнээс даатгалаар хасаж иргэдэд олгож байна. Тэгэхээр энэ хямд үнийг үнэтэй болж ашиг олж байна гэж хардаж байна. Миний хувьд арван жил энэ эмийг хэрэглэж байгаа ч улам л онош маань хүндрээд байна. Дараагийн өөр эмийг хэрэглэ гэж эмч маань зөвлөсөн. Тэр эм нь чанаргүй гэдгийг олон улс хүлээн зөвшөөрсөн. Иргэддээ чанартай эмээр хангах гэж эрүүл мэндийн яам, төр засаг гэж байх ёстой биз дээ. Би үнэхээр гайхаж байна.
УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Ж.Чинбүрэн:
–D-гийн халдваргүй B вирусийн халдвартай иргэнд үйлчлэх эм өөр. Хавсарсан вирустэй хүнд бас өөр байдаг. Ялгаж ойлгох хэрэгтэй. Мэдээллийг зөв олон нийтэд өгөх хэрэгтэй гэв.