ТОМИЛОЛТ: Шивээхүрэн эдийн засгийн ГҮҮР болно
Хулан зээрийн сүргээс өөр эзэнгүй говьд ган зам зурайж бүтээн байгуулалтын салхи сэвэлзэж байна. 68 жилийн дараа анхны нарийн царигтай, хил дамнасан төмөр замаар Монголын хоёр дахь экспорт, импортын гарцыг нээхээр ийнхүү Шивээхүрэн-Сэхээ боомтыг холбож байгаа нь энэ юм.
1956 оноос хойш өнөөдрийг хүртэл манай улс Хятад руу ганцхан гарцтай байсныг тав болгон нэмэгдүүлэх том амбиц Засгийн газарт бий. Үүний эхлэл нь дээр дурдсан Монголын том боомтуудын нэг Шивээхүрэн юм.
Улаанбаатар хотоос 1000 гаруй километр, аймгийн төв Даланзадгад хотоос 580 орчим километрийн цаана өрнөж буй “Боомтын сэргэлт” бодит байдал дээр ямар байгааг бид энэ удаагийн сурвалжлагаар хүргэхийг зорилоо.
БНХАУ-ын Сэхээ боомттой хаяа залгасан Шивээхүрэн боомт нь нүүрсний экспортын 48 хувийг бүрдүүлдэг. Улсын хилээс хэдхэн километрын зайтай орших ба хайрга нь тагтаршиж амжаагүй ган зам хоёр улсын гүүр болжээ. Бид, хоёр улсын дундын бүсэд ирсэн нь энэ байлаа.
ШИВЭЭХҮРЭН МОНГОЛ-ХЯТАД-ОРОС ГУРВАН УЛСЫН ЭДИЙН ЗАСГИЙН КОРИДОР БОЛНО
Шивээхүрэн-Сэхээ боомтын төмөр зам нь хоёр улсыг холбохын зэрэгцээ гурван улсыг холбосон эдийн засгийн коридор болж буйгаар онцлогтой.
“Монголын төмөр зам” ТӨХК-ийн Төслийн хэлтсийн дарга Т.Сайнжаргал: Шивээхүрэн-Сэхээ боомт нь анх удаа 1435 мм нарийн царигаар холболт хийж байна. Ач холбогдол нь, Хятадаас Монгол руу нарийн царигтай төмөр замаар ачаа тээврийн галт тэрэг орж ирнэ. Мөн манай улсаас экспортолж буй бүтээгдэхүүн галт тэрэг, зам солихгүй гарна.
Хоёр улс нарийн царигтай холбогдож буй нь тээврийн зардал буурч, цаг хугацааг хэмнэх давуу талтай. Мөн энэ төмөр зам нь Монгол-Хятад-Орос баруун босоо тэнхлэгийн гурван улсыг холбосон магистрал шугам байх юм гэв.
Мөн үргэлжлүүлэн хэлсэн үгэндээ “Монгол Улс 70 жилийн дараа төмөр замын магистрал шугамуудыг үе шаттайгаар холбож байна. Шивээхүрэн-Сэхээ боомт, Тавантолгой-Гашуунсухайт, Зүүнбаян-Ханги Мандал, Бичигт-Зүүнхатавчийг үе шаттайгаар төмөр замын холболтын ажил үргэлжилж байна. Энэ хугацаанд эдийн засаг, хөгжлийн олон боломжийг алдсан нь тодорхой. Харин одоо энэ бүтээн байгуулалтын ажлуудаа цаг хугацаанд нь барьж дуусгах, эдийн засгийн эргэлтэд оруулах шаардлагатай гэсэн юм.
ХӨХӨЛЗӨХИЙН ГОВЬ ХӨЛ ГИШГЭХ ЗАЙГҮЙ “ХОТ” БОЛНО
Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутаг Хөхөлзөхийн говь ирээдүйд Замын-Үүд, Эрээн шиг болох эхлэл тавигджээ. Энэ бол Шивээхүрэн боомт. Салхины оронд тоос боссон энэ газарт өнөөдөр төмөр замын бүтээн байгуулалт дагасан цөөн ажилчдаас өөр хүнгүй.
Эдийн засгийн тулгуур баганын нэг болох энэ боомтын төмөр замын бүтээн байгуулалтад 400 гаруй хүн ажиллаж байгаа бол цаашид 280 орчим байнгын ажлын байр бий болох төлөвтэй байна.
Энд төмөр замын өртөө, 60 айлын орон сууц баригдсан бол зураг төсөлд ногоон байгууламж хүртэл тусгажээ. Цаашид сургууль цэцэрлэг, эмнэлэг баригдах ч төлөв бий. Ирээдүйд төмөр зам дагасан суурьшлын бүс бий болох эхлэл тавигдсан нь энэ байлаа. Магадгүй энэ бүс нутаг хөл гишгэх зайгүй болохыг ч үгүйсгэх аргагүй. Өнөөдөр гэхэд л төмөр замын бүтээн байгуулалтыг дагаад энэ чиглэлд боловсон хүчин бэлтгэдэг Төмөр замын дээд сургууль болон коллеж, мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвүүдийн үйл ажиллагаа эрчимжсэн байна.
МОНГОЛЧУУДАД НАРИЙН ЦАРИГТАЙ ТӨМӨР ЗАМ БАРЬСАН ТУРШЛАГА БАЙХГҮЙ, ГЭХДЭЭ…
Энэ бол Шивээхүрэн өртөөний нэгдүгээр үеийн суурь чигжээсийг Хятадын дөрөвдүгээр товчооны ажилчид жижиг техниктэйгээр дэвсэж байна. Үүний дараа дахин чигжээс хийх аж. Тас няс хийх жоотууны чимээ, хүнд хүчир ажлыг тэд хялбархан мэт хийх дүр зурагтай.
Монгол Улс анх удаа нарийн царигтай төмөр зам барьж байгаа тул зориулалтын технологи ашиглах боломж байхгүй аж. Иймээс жижиг техник хэрэгсэл ашиглан гар аргаар чигжиж байгаа нь энэ юм байна.
Гэхдээ стандарт зөрчөөгүй гэнэ. Энэ тухай “Монголын төмөр зам” ТӨХК-ийн Төслийн хэлтсийн дарга Т.Сайнжаргал тайлбарласан юм. Тэрбээр “Хоппер вагон ашиглах ёстой ч Монгол Улс анх удаа нарийн царигтай төмөр зам барьж байгаа тул ийм боломжгүй. Тиймээс гар аргаар техник ашиглан суурь чигжээсүүдийг хийж байгаа юм. Гэхдээ энэ нь стандарт зөрчихгүй. Харин олон хүн ажиллаж, цаг хугацаа алдаж байгаа сул талтай” гэсэн юм. Энэ нь магадгүй төмөр замын барилгын ажил удаашрах гол шалтгаан болсныг төслийн захиалагч болон гүйцэтгэгч нар үгүйсгээгүй. Нийт 20 гаруй компанийн 400 орчим ажилтан энэ бүс нутагт төмөр замын барилгын ажилд өдрийн найман цагаар ажиллаж байна. Шаардлагатай тохиолдолд 24 цагийн ээлжээр ажилладаг гэнэ.
ТЕРМИНАЛ 19 ГА ТАЛБАЙТАЙ, ХҮНИЙ ОРОЛЦООГҮЙ
Төр хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлж буй энэ төсөл галт тэрэг хүлээн авах, явуулах 5 салбар, ачилт буулгалт бүхий 4 салбар зам бүхий чингэлэг терминалын талбайтай байхаар төлөвлөсөн.
Тодруулбал, 19 га талбайг хамарч буй энэ ачаа тээврийн энэ хэсэг нь нийт дөрвөн терминалын талбайтай бөгөөд орж гарч буй ачаанууд явна. Энэ талбайгаас ачаа тээврийг галт тэргэнд зөөвөрлөх бөгөөд хүний оролцоогүй.
Термниал болон дэд бүтцийн угсралтыг Хятадын тал хариуцаж 120 хүн ажиллаж байгаа аж. Ачилт буулгалтын талбайд авто тээвэр эргэх хөдөлгөөнөөр гарч орно гэдгийг “Нарийн сухайт” ХХК-ийн суурь бүтэц хариуцсан инженер тайлбарласан. Тэрбээр “Ачаа тээврийн талбай нь 9 метрийн гүн ухмалтай. Энэ нь 9 метрийн доор гэсэн үг. Терминалын голоор ус зайлуулах шуудуу татаж төгсгөлд нь хуримтлуулах цөөрөм байгуулжээ.
Товчхондоо хувийн хэвшил буюу “Нарийн сухайтын төмөр зам” ХХК өөрсдийн хөрөнгөөр бүтээн байгуулалтын хариуцаж байгаа бол төр хяналт тавьж байна. Өөрөөр хэлбэл, Засгийн газрын тогтоолоор Шивээхүрэн-Сэхээ боомтын төмөр замын 51 хувийг “Монголын төмөр зам” ТӨХК эзэмшдэг бол “Нарийн сухайтын төмөр зам” ХХК 49 хувийг эзэмшдэг.
ХЭТ ХАЛУУНД ТЕХНИК ЭВДЭРЧ, УСНЫ ХОМСДОЛ ХАМГИЙН ТОМ БЭРХШЭЭЛ БОЛЖЭЭ
Товлосон ёсоор төмөр зам өнгөрсөн оны аравдугаар ашиглалтад орох ёстой байсан ч техникийн хоцрогдол, усны хомсдол, хэт халалтаас үүдэн техник хэрэгсэл эвдрэх, ажлын бүтээмж буурах зэрэг олон хүчин зүйл нөлөөлжээ. Нэн ялангуяа зуны улиралд хөрсөн дээр 40-50 хэм хүртэл халдаг нь өдрийн цагаар техник эвдрэхээс авхуулаад шөнө ажиллах гол шалтгаан болж байж. Мөн говьд ус ховор энэ мэт бэрхшээл олон байсан ч эцэст нь төмөр зам барих нөр их ажил дуусч байгаад “Нарийнсухайтын төмөр зам” ХХК-ийн ажилчид ярьж байлаа. Тэдний нэг тус компанийн дэд бүтцийн инженер “Говьд ажиллах хэцүү. Хүндрэл бэрхшээл маш их байсан. Хэт халуунаас илүү усны хомсдол гол асуудал байсан. Усны ундарга муутай, байнгын шахам л ундаргын усгүй болдог. Бид эхний ээлжид дөрвөн худагтай ажиллаж байсан бол нийт 8 худагтай болсон. Нэг өдрийн усны багтаамж нь 1 тонн. Одоо бид хэд хэдэн усны цөөрөм үүсгэсэн.Иймээс хангалттай гэж үзэж байна” гэсэн юм. Мөн Хятадын дөрөвдүгээр товчооны төслийн удирдагчийн хэлснээр гол зам болон суурь бүтцийн ажлыг тэд хариуцаж байгаа аж.
ЦААСАН ДЭЭРХ ТӨЛӨВЛӨГӨӨ АМЬДРАЛ ДЭЭР 100 ЗАДГАЙ
Зүүнбаян-Ханги, Тавантолгойт-Гашуунсухайтын төмөр замтай харьцуулахад Шивээхүрэнд галт тэрэгний дуу хангинахад эрт байна. Нийт 7.1 километр үргэлжлэх хил дамнасан анхны нарийн царигтай төмөр замыг барилгын ажил дуусах дөхсөн ч ашиглалтад ороход бэлэн болоогүй. Өнөөдрийн байдлаар төмөр замын барилга байгууламжийн ажил 70 хувь, дэд бүтцийн барилга угсралтын ажил 51 хувь, дохиолол төвлөрүүлэлт холбооны ажил 35 хувь, эрчим хүч хангамжийн ажил 83 хувьтай байна. Харин гүүр хоолой, хиймэл төхөөрөмжийн ажил 100 хувь дууссан бол дэд бүтцийн барилга угсралтын ажил 95 хувийн гүйцэтгэлтэй байгааг “Нарийн сухайтын төмөр зам” ХХК-иас танилцуулсан.
Цаасан дээрх төлөвлөгөө бодит байдал дээр хатуухан хэлэхэд зуун задгай, жаран хагархай гэгчээр ажил шахуу дүр зурагтай байна. Угтаа бол төмөр замыг энэ сард ашиглалтад оруулахаар төлөвлөсөн ч дахин хойшилжээ.
Ямартай ч энэ оны хоёрдугаар улиралд багтаан ашиглалтад оруулахаар төлөвлөж байна. “Боомтын сэргэлт”-ийн бодит хэрэгжилттэй ирэх сард Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ танилцах бололтой.
Тэрбээр “Оюу Толгойн гүний уурхайг хугацаанд нь эхлүүлж чадсан шиг, Ханги-Мандалын төмөр замыг найман сарын хугацаанд барьж ашиглалтад оруулж чадсан шиг, Шивээхүрэн-Сэхээ хил дамнасан боомтын төмөр замын төслийг товлосон хугацаандаа буюу арваннэгдүгээр сарын 1-нээс өмнө бүрэн ашиглалтад оруулж чадна гэдэгт итгэж байна” гэж өнгөрсөн оны тавдугаар 27-нд хэлж байлаа. Түүний энэ өөдрөг төсөөлөл бодит амьдрал дээр удааширч хойшилсоор…
ТӨМӨР ЗАМААР 10 САЯ ТОНН НҮҮРС ЭКСПОРТОЛНО, БАС…
Хэрэв Шивээхүрэн-Сэхээ боомттой холбогдох хил дамнасан төмөр зам ашиглалтад орвол экспорт хоёр дахин нэмэгдэж жилд 20-25 сая тонн нүүрс экспортлох боломжтой гэх өөдрөг төсөөллийг Зам тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт хэвлэл мэдээллийнхэнд ярьж байв. Түүний хэлснээр ирэх жил буюу 2024 онд 20 сая тонн нүүрс экспортлох тооцоо байсан. Тэгвэл эхний ээлжид уг төмөр замаар 10 сая тонн нүүрс экспортлох боломж бүрдэх бөгөөд цаашид энэ хэмжээ 30, 40 сая хүртэл өснө гэж холбогдох албаны хүмүүс тооцож байгаа юм байна. Үүний зэрэгцээ авто тээврээр нүүрс экспортлох ч өнөөдрийнх шиг урт дараалал хилийн зурваст үүсэхээргүй цөөрөх нь. Тэгвэл жолооч нар хаачих вэ? тэд магадгүй өөр бусад төмөр замгүй боомт руу нүүрс тээвэрлэхээр явж магадгүй гэнэ.
Монголчуудын хувьд хил дамнасан нарийн царигтай төмөр замыг ердөө нэг жилийн дотор барьж байгаа нь энэ байлаа. Энд ажиллаж буй компаниудын дийлэнх нь дотоодын аж ахуйн нэгжүүд аж. Анзаарвал, монголчууд нэг үеэ бодвол айл царайчлахгүй өөрсдөө том төсөл хөтөлбөр хөдөлгөж сурж байгааг төмөр замын төслүүдээс харж болно. Үүнд ч салбар, салбарын мэргэжилтнүүд санал нэг байна.
Эх сурвалж: ubn.mn