Хөгжлийн бэрхшээлийг нь биш, ялгаатай байдлыг нь олж харахыг хичээрэй
Сүүлийн үед бидний дунд өөрийгөө болон бусдыг хүлээн зөвшөөрөх, юмсыг байгаагаар нь хүлээж авах гэх мэт хандлага дэлгэрэх болсон. Нэг ёсондоо трэнд болоод буй. Гэвч ярихаас биш хийдэг нь хэд байна вэ.
Ялгаатай байдлыг ойлгоё, хүндэлье гэж сошиолоор нэг сэвдэг хэр нь бодит байдал дээр “эвэртэй туулай” харсан мэт аашлах нь ч бий. Тэгвэл бид хөгжлийн бэрхшээл гэж юу вэ, тэднийг хэрхэн хүлээж авах талаар бага ч гэсэн мэдлэгийг хуримтлуулахаар хүүхэд хөгжлийн “Энэрэл” төвийг зорилоо.
Тус төвийн үүсгэн байгуулагч бол Т.Туяажаргал. Тэрээр одоогоос 16 жилийн өмнө хүүгээ хөгжлийн бэрхшээлтэй гэсэн оношийг сонсчээ. Тэр үеэс хүүхдүүдтэй хэрхэн харилцах талаар суралцаж, өөртэй нь адил 100, 100 эцэг эх байгааг санаж зориг шулуудан 2009 онд “Ээлтэй ертөнц” ТББ байгуулсан. Цаашлаад 2018 онд хүүхэд хөгжүүлэх “Энэрэл” төвөө байгуулжээ. Энэ хугацаанд өдөр бүр алхам тутамдаа саад бэрхшээлтэй нүүр тулж байсан ч бууж өгөлгүй өдгөө үйл ажиллагаагаа үргэлжлүүлсээр байгаа юм.
Биднийг очиход хүүхдүүдийн унтлагын цаг дуусаж, ор хөнжлөө хурааж байгаа харагдана. Энэ дүр зургийг хараад цэцэрлэгт байсан үедээ дахин нэг очмоор ч санагдаж байлаа. Дараад нь хүүхдүүд хоол цайгаа идэж уусны дараа сэргээн засах эмчилгээндээ оров. Тэдний дундаас булцгар цагаан хүү анхаарал хамгийн ихээр татав. Сандал дээрээ суусаар орчин тойрныг ажиглах тэрээр биднийг харангуутаа хүүхдийн гэнэн томоогүй инээдээр инээнэ. Энэ л инээмсэглэл шинэхэн орсон нэвсгэр цагаан цасыг санагдуулна. Ямар ч хир буртаггүй шинэхнээрээ.
Хүүхдүүдтэй цагийг хамт өнгөрүүлэхэд хааяа хааяадаа “юу бодож суудаг юм болдоо” гэсэн бодол төрнө. Магадгүй та ч бас тэгж бодож байсан байж магад… “Хүүгээ юу бодож байгаа бол гэж дандаа боддог. Үеийн хүүхдүүдийг нь тамхи татаж, заримдаа найз нөхөдтэйгөө уучихсан явж байхад нь миний хүү ч гэсэн ингээд явж байх байсан даа гэж үргэлж бодогддог. Одоогоор АШУҮИС-ийн Хөдөлмөр засалч мэргэжлээр төгсөх гэж байна. Хүүгийнхээ хийж чадаагүй зүйлсийг л хийж байгаа юм байлгүй дээ” гээд Т.Туяажаргал инээмсэглэн зогсоно.
Түүнээс хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд юу боддог бол, тэднийг хэрхэн ойлгох вэ гэж маш их асуудаг гэнэ. Тэгвэл та доорх зургийг сайтар хараад дээр нь бичсэн өгүүлбэрийг унших гээд үзээрэй.
Юу гэж байгаа юм бол доо гэж бодно. Зарим нэг хэлбэр дүрсийг нь “У” үсэг ч гэж харна. Гэхдээ л уншиж чадахгүй. Энэ бол “Би чамд хайртай” гэсэн үг. Эсвэл сайхан амраарай, өглөөний мэнд, маргааш уулзая ч байж болно. Яагаад гэвэл энэ л тэдний яалгаатай байдал. Заавал ижилхэн нэгэн хэвийн байдалд баригдаж үсэг бүр нь ижил байх шаардлагагүй. Тэд бидэн шиг ярьдаггүй байж болно. Уншиж бичихгүй байж ч болно. Үүнд л бидний юмсыг байгаагаар нь хүлээж авах хандлага харагдана.
Тэд бол хамгийн гэгээлэг хүүхдүүд. Энэ намайг муухайгаар хэлж байна гэж боддоггүй. Би энэнд худлаа хэлчихэе ч гэдэггүй. Хар буруу санадаггүй. Магадгүй тэдний тухай хүмүүс ярихад тоодог ч үгүй байх. Гэхдээ тэд мэддэггүй, тоодоггүй байлаа гээд энэ нь зүгээр гэсэн үг биш. Тэдний асран хамгаалагч, эцэг эхчүүдэд хамгийн хүндээр тусдаг байна. “Зарим үед хажуугаар нь гарахдаа зугтаах шахуу өнгөрдөг. Харж байгаа харц нь цаанаасаа л нэг өөр байдаг. Дэргэдүүр өнгөрөхдөө нэг нэгэнтэйгээ шивнэлддэг, байн байн хойшоо эргэж хардаг. Тэр нь бидэнд хүндээр тусдаг. Тэд мэддэг ч болоосой” хэмээн “Энэрэл” төвийн нэгэн багш ярилаа. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ойлголцож сурна гэдэг цаашлаад хэнтэй ч ойлголцож чаддаг болно гэсэн үгаж.
Бид өөр өөр талын өөр өөр хүмүүс биш. Бүгд л нэг ширээнд хамт сууж байгаа. Хөгжлийн бэрхшээлтэй хүнийг мэдэж байна гэдэг нь хүний ялгаатай байдал. Харин бидэнд зөвхөн тэрхүү ялгаатай байдлыг ойлгох, хүндлэх ухаан хэрэгтэй байгаа юм. Ялгаатай байлаа гээд тэд ч бид ч адилхан хүн шүү дээ.