Хүүхдийнхээ тэтгэмжийг аав, ээжээрээ төлүүлдэг эрчүүд байна
Гэр бүл салалтын хамгийн том хохирогч нь хүүхэд. Тэд хайраар дутаж, хөндий хүйтэн нэгэн болж өсөх суурь үүгээр тавигддаг. Салсан хэдий ч хүүхэдтэйгээ ойр дотно байх боломж эцэг эхийн аль алинд нь байдаг ч хүүхдийн тэтгэмж төлдөггүй гэх шалтгаанаар уулзуулдаггүй буюу нэгэндээ хаалт хийдэг. Иймд хүүхдийг хохироохгүйн тулд гэр бүлээ зөв төлөвлөх нь нэн чухал. Буруу төлөвлөлтөөс үүдэн эхнэр, нөхөр хоорондоо таарахгүй салвал хаа хаанаа хүүхдийнхээ өмнө хариуцлага хүлээнэ. Тэгвэл хүүхдийг хохироохгүйгээр тэтгэмжийг нь бүрэн гүйцэд төлүүлэх чиг үүрэг хүлээдэг хүмүүс бол шүүхийн шийдвэр гүйцэтгэгчид. Шийдвэр гүйцэтгэгчид хэрхэн ажилладаг, хүмүүс хүүхдийнхээ тэтгэмжийг төлдөггүй шалтгаан нөхцөлийг сурвалжиллаа…
Эцэг, эх байх үүрэг хариуцлага хүүхдийн тэтгэмжээс эхэлнэ.
Иргэн … 2010 оноос нэгэн эмэгтэйтэй хамтран амьдарч, 2 хүүхэдтэй болсон ч 2015 онд салсан байна. Хүүхдүүд нь 0-3 настай учир ээжийнх нь асрамжид үлдээжээ. Харин аав нь хүүхдүүдээ 18 нас хүртэл тэтгэмж өгөх үүрэгтэй. Гэтэл эцэг нь салснаасаа хойш хүүхдүүддээ огт тэтгэмж өгөөгүй. Сарын хоёр сая төгрөгийн орлоготой ч банкны зээл төлдөг. Тэтгэмж өгдөггүй шалтгаан нь банкны зээл.
Иргэн… тогтмол цалинтай ажил хийдэггүй учраас хүүхдийн тэтгэмж төлж чаддаггүй. Түүнчлэн хүүхдүүдтэйгээ уулзаж чаддаггүй учраас тэтгэмж төлөхгүй гэх хандлага гаргадаг.
Иргэн… хамгаалагчийн ажил эрхэлдэг. Түүнд 8 сая төгрөгийн тэтгэмж төлөх төлбөр хуримтлагдсан байна. Тэр хүүхдийнхээ тэтгэмжийг огт төлж байгаагүй.
Эдгээр хүн хүүхдийнхээ тэтгэмжийг төлөхөөс ямар нэг аргаар зайлсхийдэг ажээ. Бүр эцэг эхээрээ төлүүлдэг хүн ч байна. Зарим хүн хүүхдийнхээ тэтгэмжийг эхэд нь өгөхгүй, нэрийн данс нээж, хүүхдийнхээ нэр дээр хуримтлал үүсгэнэ гэдэг. Гэтэл тэр мөнгийг хүүхдэд шаардлагатай хамгийн анхны хэрэгцээ болох хоол унд, хувцас ав, хүүхдийг амьд явах, өсөж өндийхөд хэрэгцээтэй зүйлст нь зарцуул гэж эцэг, эхээс нь гаргуулдаг. Түүнээс биш хадгаламжид хийх гэж биш.
Өнөөдөр хүүхдийн тэтгэмжийн хэмжээг амжиргааны түвшинтэй уялдуудан жил бүр шинэчлэн тогтоодог. Энэ жил бүсчлэлээс хамааран 446,700, 454,200 гэх мэт байдлаар тогтоосон. Үүгээр ажил эрхэлдэггүй ээж хүүхдийнхээ бүх хэрэгцээг хангана гэдэг хэцүү .
Эрчүүд хүүхдэдээ тэтгэмж өгөхийг асуудлыг ял мэт хүлээж авдаг байна
Эрчүүд ер нь хүүхдэдээ сайн дураараа тэтгэмж өгдөггүй. Заавал шүүхийн шийдвэр гаргуулж, шийдвэр гүйцэтгэгчдээр албадуулах гэдэг. Эмэгтэйчүүд хүүхдийнхээ эцгийг олох, хаягийг нь тогтоох, ажлыг нь мэдэх гэсээр хугацаа алдаж, шүүхэд ханддаг. Үүний улмаас төлөөгүй саруудын мөнгө хуримтлагдаж, барагдуулахад бэрх болдог. Хэрвээ эрчүүд хүүхдээ эхэд нь орхиж явсан үеэсээ ухамсраараа тэтгэмж төлсөн бол тэтгэмжийн мөнгө хуримтлагдахгүй байв.
“Хүүхдийн тэтгэмжийг маш багаар тооцдог ч эцэг, эхчүүд “Би ажилгүй, орлогогүй байна”, “Өөрийнхөө ч амьдралыг авч явж чадахгүй байна” гэх зэрэг шалтгаанаар хүүхдийн тэтгэмж өгөхөөс зугтдаг талаар ШШГЕГ-ын Банкны өр төлбөр барагдуулах газрын шийдвэр гүйцэтгэгч Т.Амирдаа хэллээ. Энэ бол нийтлэг дүр төрх. Тэд хэзээ ч өөрийнхөө хүүхдэд өгөх ёстой зүйлээ өгч байна гэж боддоггүй.
Уг нь хүүхдээ эцэг эх нь хамт өсгөх ёстой. Дэргэд нь байж, асарч, өсгөж чадахгүй болсон учраас оронд нь мөнгө төлдөг. Мөнгөөр эцгийн хайрыг, эцгийн үүргийг орлуулж болохгүй л дээ. Гэвч тэгэхээс өөр аргагүй. Гэтэл түүнийгээ ч төлөхгүй байгаа нь жигшмээр. “Хэрвээ намайг хүүхэд байхад эцэг минь хаяж яваад, тэтгэмж төлөхгүй зугтаавал надад ямар байх вэ” гээд бодоод үзэх хэрэгтэй. Муухай санагдана биз дээ.
Зарим эмэгтэй нөхрийнхөө хүүхдийн тэтгэмж нэрийдлээр цалинг бүгдийг нь авахыг санаархдаг
Нөгөө талаар хүүхдийн тэтгэмж авч буй ээж тэтгэмж төлөгчийн сарын бүх цалинг авах гэдэг. Тухайлбал, нэг сая 800 мянган төгрөгийн цалинтай хүн түүнийгээ хүүхдэдээ өгчихвөл өөрөө мөнгөгүй үлдэнэ. Мөн тэтгэмж төлөгч дахин шинэ амьдрал зохиож, хүүхэдтэй болсон байх нь олон.
Тэр цалингаа бүгдийг нь эхний хүүхдэдээ өгчихвөл дараагийн хүүхдийн эрх зөрчигдөнө. Үүнийг зарим эмэгтэй бодолцдоггүй. Хүүхдийнхээ эцгийн бүх цалинг авах гээд шийдвэр гүйцэтгэгч нарт дарамт, чирэгдэл учруулдаг ажээ.
Манай улсад сүүлийн зургаан жилд гэр бүл салалт байнга нэмэгдсээр байна. Жилдээ 14-21 мянган хос гэрлэлтээ бүртгүүлдэг бол 3-4 мянган хос салдаг байна. 2023 онд гэхэд 16.118 хос гэрлэж, 3391 хос гэрлэлтээ цуцлуулжээ. Үүнээс харвал, манай улсад өдөрт 44 хос гэрлэж, 9 хос салж байна. Гэхдээ энэ бол хууль ёсны дагуу, шүүхийн шийдвэртэйгээр салж байгаа хосын тоо юм. Үүнээс гадна албан бусаар хэчнээн хос салж байгааг таашгүй. Хосуудын 65 хувь нь 10 болон түүнээс олон жил хамт амьдарчээ. Гэр бүл салахад шилжилт хөдөлгөөн, муу зуршил, гэр бүлээс гадуурх харилцаа, хэрүүл маргаан, үл ойлголцол, хүчирхийлэл, дарамт, санхүүгийн байдал, амьдралын баталгаа зэрэг хүчин зүйл голлон нөлөөлдгийг гэр бүл судлаачид тогтоожээ.
Нэг шийдвэр гүйцэтгэгч 300-гаад албан бичиг хариуцдаг
Гэр бүл салах тусам шийдвэр гүйцэтгэгч нарын ачаалал ихэснэ. Хэрвээ тэтгэмжээ төлөхгүй бол 7-30 хоног албадан баривчилдаг. Шийдвэр гүйцэтгэгч нар өдөрт 4-5 айлаар орж, шүүхийн шийдвэрийг гүйцэтгэдэг. Энэ тохиолдолд нохой дайрах , хэл амаар доромжлуулах гээд олон бэрхшээл туулна. Нийслэлийн хэмжээнд өнөөдөр өр төлбөр төлүүлэх 1698, хүүхдийн тэтгэмж төлүүлэх 5798 шийдвэр шүүхээс ирээд байна. Шүүхийн энэхүү 7496 шийдвэрийг гүйцэтгэхээр 27 хүн ажиллаж байна. Нэг шийдвэр гүйцэтгэгч 300-гаад албан бичиг хариуцдаг.
Шүүх жилд 14 мянга орчим шийдвэрийг шийдвэр гүйцэтгэх албанд ирүүлдэг. Үүний 50 орчим хувийг хэрэгжүүлж бардаг ажээ. Өнгөрсөн гуравдугаар сард 6375 буюу 47.2 хувь нь хүүхдийн тэтгэмжээ хэвийн төлсөн бол, 7148 буюу 52.8 хувь нь төлөөгүй хуримтлагджээ. Тэд төлбөрийн чадваргүй, оршин суугаа хаяг тодорхойгүй, хорих ял эдэлж байгаа, эрэн сурвалжлах ажиллагаа явагдаж байгаа, хэсэгчлэн төлөлттэй, хуримтлагдсан гэх шалтгаантай байдаг байна.
Үүнээс үзвэл эрчүүд хүүхдийнхээ тэтгэмжийг төлдөггүй, эцгийн үүргээ биелүүлдэггүй, ухамсарладаггүй юм байна. Харин эмэгтэйчүүдийн хувьд хүүхдийн тэтгэмжийг асуудалгүй төлчихдөг гэдгийг албаныхан хэлж буй
Энэ талаар ШШГЕГ-ын Банкны өр төлбөр барагдуулах газрын шийдвэр гүйцэтгэгч Д.Намдаг ингэж ярилаа.
-Тэтгэмж төлөгч нарын хаягаар яваад очиход, эцэг эхийнхээ хаягийг бүртгүүлсэн, өөрөө өөр газарт амьдарч байдаг. Ийм тохиолдол олон. Ингээд эцэг эх нь санаа зовоод, хүүхдийнхээ өмнөөс ач, зээ нарынхаа тэтгэмжийг төлдөг.
Гэр бүл салалтыг хуулиар зохицуулах боломжгүй. Хуулиар зохицуулах нь хүний эрхийг ноцтой зөрчих аюултай. Тиймээс хүүхэд бүр эцэг эх болно гэдгийг анхаарч, бага наснаас нь цэцэрлэг, сургууль гээд бүх шатны боловсролын байгууллагаар дамжуулан, гэр бүл төлөвлөлт, гэр бүлийн болон эцэг эхийн үүрэг, хариуцлагын талаар ухамсарлуулах шаардлагатай.