“Эх орондоо бизнес эрхлэхэд татварын дарамт ихтэй, дампуурах эрсдэлтэй байдаг”

0

Түүнийг Л.Оюунбилэг гэдэг. Тэрбээр Чех улсад хоёр жил ажиллаж, амьдарч байгаад эх орондоо ирсэн. Чех явахаасаа өмнө Монголдоо оёдлын цех ажиллуулдаг байсан учраас одоо тэр ажлаа үргэлжлүүлэн захиалгаар албан байгууллагын хөдөлмөр хамгааллын хувцас оёж байна. “Эх орондоо бизнес эрхлэх гэхээр бараа бүтээгдэхүүний өртөг өндөр, татварын дарамт ихтэй, бизнесийн зээлийн шалгуур нь өндөр гэх мэт хүндрэл бэрхшээл тулгардаг” гэдгийг хэлж байв.

Л.Оюунбилэг “Боломжийн ажлын байр түрээслэхэд олсон ашгаа түрээсийн төлбөрт өгч, дээр нь өрөнд орох эрсдэлтэй. Эх орондоо бизнес эрхэлж, ашиг олохоос илүү гадаад улсад “зовж” олсон хэдэн төгрөгөөрөө дампуурах эрсдэл өндөр. Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг төр засгаас дэмжиж байна гэдэг ч бодит амьдрал дээр бидэнд тэр зээл нь олддоггүй. Бор зүрхээрээ хувийн бизнесээ эрхэлж байна.

Бүтээгдэхүүн үйлдвэрлэлээ гэхэд борлуулах зах зээл нь байхгүй. Ажлын  байр түрээсэлж үйлдвэрлэлээ явууллаа гэхэд бараагаа борлуулахын тулд нэг лангуу түрээслэх шаардлагатай болдог. Өдөржингөө сууж сууж нэг бараа зарах уу үгүй юу. Дансаар орж байгаа мөнгөнөөс татвар шимтгэл авна. Тиймээс гадаадад ажиллаж, сурч байгаа залуусаа эх орондоо ирэхэд нь төрөөс дэмжиж, амьдрах орчин нь таатай байх хэрэгтэй” гэсэн юм.

Гадаадад ажиллаж, амьдарч буй 211 мянган монгол иргэн байна гэх албан ёсны тоо бий. Үүнд, визний зөрчилтэй, хууль бусаар оршин сууж байгаа иргэдийн тоо ороогүй гэдгийг албаныхан мэдээлсэн юм. Эдгээр 200 мянган монголчууд жил бүр эх орныхоо эдийн засаг руу 250 орчим сая ам.долларыг шилжүүлдэг байна. Гадаадад ажиллаж, амьдарч буй монголчууд эх орондоо эргэн суурьшихад ямар хүндрэл бэрхшээл тулгардаг, тэдний мэдлэг, нөөц боломж, ур чадварыг Монголын хөгжил дэвшлийн хөшүүрэг болгох боломжийн талаар өнөөдөр /2024.04.16/ зохион байгуулсан “Монгол Диаспора – Хөгжлийн шинэ гарц” хэлэлцүүлгийн үеэр холбогдох мэргэжилтнүүд хөндөн ярилцлаа.

Гадаадад сурч, ажиллаж байгаа монголчууд эх орондоо эргэн ирэхэд хоёр том асуудал тулгардаг. Нэгт, эх орондоо ирээд хаана ажиллах вэ. Хоёрт, амьдрах орон сууцны асуудал. Гадаадад байгаа монголчууд эх орондоо орон байр худалдаж авъя гэхээр өндөр үнэтэй. Зээлээр авъя гэхээр нийгмийн даатгал төлсөн байх ёстой гэдэг. Тиймээс гадаадад байгаа орлогоо нотолж, зээлд хамрагдах, орон сууц худалдан авах боломжийг бий болгох шаардлагатайг мэргэжилтнүүд онцолсон юм.

Харин Г.Эрдэнэжаргалын хувьд нөхрийнхөө хамт Польш, Франц, Бельги улсад дөрвөн жил ажиллаж, амьдарч байгаад эх орондоо ирсэн. Тэрбээр “Гадаадад ажиллаж амьдарч байхдаа эх орондоо ирэх туйлын хүсэлтэй байсан. Тиймээс Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагад хандаж, эх орондоо ирсэн. Бид эх орондоо хүнсний ногоо тарьж, ногоогоо даршилж зарж борлуулдаг. Энэ өвөл Хөвсгөлийн цагаан загас, гишүүгэн ургамлаар чанамал хийж зарлаа.

Бидэн шиг тэтгэврийн насны хүмүүс эх орондоо ирлээ гэхэд ажил олддоггүй. Тэтгэврийн хэдэн төгрөг нь хаанаа ч хүрэхгүй шүү дээ.

Тэр утгаараа хувийн дэлгүүртэй болох зорилгоор өрхийн аж ахуй эрхэлж байна. Худалдан авалтын хувьд тааруу. Найз нөхдийн хүрээнд бараагаа зардаг. Хүнсний том дэлгүүрүүд компаниудтай гэрээ байгуулж ажилладаг. Гадаад улсад хэлний бэрхшээлээс гадна ялгаварлан гадуурхах үзэл нь хүндрэлтэй санагдсан” тухай ярилаа.

“ГАДААДААС 211 МЯНГАН МОНГОЛ ИРГЭН ЖИЛ БҮР 250 САЯ ДОЛЛАР ШИЛЖҮҮЛДЭГ”

“Сэндли” ББСБ-ын ТУЗ-ийн дарга Б.Наранбат:

-Сүүлийн зургаан жил гадаадад байгаа монголчууд руу чиглэсэн төлбөр тооцоо, мөнгөн гуйвуулгын үйлчилгээ үзүүлж байна. Монголчууд ихээр амьдардаг АНУ, Австрали, Япон, Хятад, Өмнөд Солонгос зэрэг бүхий л оронд манай үйлчилгээ байгаа. Гадаадад байгаа монголчууд эх орондоо байгаа мэт мөнгө шилжүүлэх, худалдан авалт хийх, онлайн шоп ажиллуулах бололцоотой болсон. Дараагийн шаардлагатай зүйлс нь гадаадад байгаа монголчууд орон сууц худалдаж авах, зээлд хамрагдах боломжийг нээх ёстой. Манай байгууллага 2019 оноос эхлүүлсэн. Ирэх жилүүдэд орон сууцны зээл олгох бололцоог дэмжих, нэвтрүүлэх хэрэгтэй байна.

Төр засгаас дэмжлэг үзүүлвэл эх орондоо эргэн ирж суурьших боломжийг бүрдүүлж чадна. Тиймээс өнөөдөр байр хямд үнэтэй байгаа дээр  нь сар бүр төлбөрөө хийгээд худалдан авах хүсэлтэй байдаг.

Харамсалтай нь энэ асуудлыг шийдэх төрийн бодлого, дэмжлэг алга байна. Засгийн газраас анхаарвал гадаадад байгаа 200 мянган монголчуудад санхүүгийн үйлчилгээ үзүүлж, 250 орчим сая ам.долларыг жил бүр Монголын эдийн засаг руу шилжүүлж байна. Цаашид арилжааны банкууд, Засгийн газартай хамтран хэрэгжүүлэхэд бэлэн байна” гэв.

diaspora open forum-2

diaspora open forum

diaspora open forum-14

diaspora open forum-13

diaspora open forum-11

diaspora open forum-9

diaspora open forum-8

diaspora open forum-6

diaspora open forum-5

diaspora open forum-2
diaspora open forum
diaspora open forum-14

Эх сурвалж: Nnews.mn

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *