Эрх мэдэлтнүүдэд тооцох хариуцлагад “хатуу” хандах ёстой!

0

Цагаан захтануудтай хамаарал бүхий хүмүүсийн хэрэг олны анхаарлыг хэсэгтээ татаж шуураад л олигтой тооцсон хариуцлага ч үгүй замхардаг. Сүүлийн нэг жилийн хугацаанд гэхэд их хэмжээний мөнгө, эрх мэдлээ урвуулан ашигласан хэд хэдэн хүмүүсийн хэрэг зарим нь цагаадаж, нөгөө хэсэг нь багахан хэмжээний торгууль төлөөд л хаагдсан. Тэгвэл албан тушаалтнуудын дуулиан дагуулсан хэргүүдэд хэрхэн хариуцлага тооцсон сүүлийн жишээнүүдийг тоймлоё.


ХӨГЖЛИЙН БАНКНЫ ХЭРЭГТ ЯЛЛАГДАГЧААР ТАТАГДСАН Ё.БААТАРБИЛЭГ НАРЫН ХЭРГИЙГ БҮХЭЛД НЬ ХҮЧИНГҮЙ БОЛГОВ

Хөгжлийн банкны 80 хүн, дөрвөн хуулийн этгээдэд холбогдох эрүүгийн хэргийн давж заалдах шүүх хурлын шийдвэрийг өнгөрсөн гуравдугаар сарын 22-нд танилцууллаа. Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатарын танилцуулснаар, УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, Н.Батбаяр нар гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдоогүй учраас хэргийг хэрэгсэхгүй болгосон. Харин Н.Батбаярын хувьд хэргийн хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан учраас цагаатгасан. Хөгжлийн банкны хэрэгт холбогдогч давж заалдсан 27 шүүгдэгчийг цагаатгах шийдвэр гаргалаа. Хөгжлийн банкны төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийн хэрэгт холбогдох материал үйл баримтаар баталгаажаагүй, таамаглал төдий байна. ТУЗ-ийн гишүүдийн хувьд анхан шатны шүүхэд үнэлэлт, дүгнэлт өгөөгүй, ирц байхгүй, дахин шалгаж нарийвчлах шаардлагатай гэдгийг шүүгч танилцууллаа.

Мөн Ё.Баатарбилэг нарт холбогдох хэргийн бүх асуудлыг дахин хэлэлцэх зайлшгүй шаардлагатай учраас хэргийг бүхэлд нь хүчингүй болгосон.

Үндэслэлгүй хөрөнгөжсөнийг нарийвчилсан байдлаар дүгнээгүй, зээл нь байр худалдаж авахад цаг хугацаа нь таарч байгааг шалгаж, дүгнэх шаардлагатай. Үйл баримтыг нь батлаагүй гэсэн юм.

Эргэн сануулахад, Хөгжлийн банкны гэх тодотголтой хэргийн шүүх хурал гурван сар үргэлжилсний эцэст 48 хүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Энэ дунд УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, Г.Амартүвшин, Х.Ганхуяг нарт холбогдох хэрэг хэрэгсэхгүй болсон юм. Харин прокуророос дээрх нэр бүхий гурван гишүүнээс гадна 40 гаруй хүнд холбогдох хэргийг анхан шатны шүүхээс хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй, зарим шүүгдэгч нарт зорчих эрх хязгаарлах, торгох ял оногдуулсан нь хөнгөдсөн гэж үзэн эсэргүүцэл бичиж, нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хүргүүлсэн байдаг. Хөгжлийн банкны гэх хэрэгт холбогдуулан, шүүхээс УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэгт зургаан жилийн хорих ял, мөн нийтийн албанд томилогдох эрхийг дөрвөн жилээр хасч,  73 сая төгрөгийн хөрөнгийг хураах шийдвэр гаргасан.

Түүнийг авлига авсан үндэслэлээр дээрх ялыг оноосон байдаг. Ингэхдээ таван жил хорих ял дээр нэг жилийг нэмж, нийт хорих хугацааг зургаан жил болгож байгааг албаныхан мэдээлсэн.

Ё.Баатарбилэг гишүүний хувьд “Шүүхийн анхан шатны шийдвэрийг зөвшөөрөхгүй, давж заалдана” гэдгээ мэдэгдсэн. Шүүхээс түүнд зургаан жилийн хорих ял оноосон ч хоригдоогүй байгаа. Учир нь, УИХ-аас түүний гишүүнийх нь бүрэн эрхийг түдгэлзүүлээгүй, мөн Давж заалдах эрхтэй гэж үзсэнээр өнөөдрийг хүртэл УИХ-ын гишүүн гэдэг статустай байгаа юм.

МӨНГӨ УГААХ ГЭМТ ХЭРЭГТ ОНОГДУУЛСАН ЯЛЫГ ХӨНГӨРҮҮЛЖ ХАРИУЦЛАГА ТООЦСОН С.БАТДӨЛ

“Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн Тээвэр зохион байгуулалтын албаны орлогч дарга асан С.Батдөл нарын гомдлыг өнгөрсөн хоёрдугаар сарын 7-нд Улсын дээд шүүхээр хэлэлцсэн. Ингэхдээ Улсын дээд шүүхээс шүүх хэргийг зөв зүйлчилж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгч нарын гэм буруугийн хэм хэмжээ, хувийн байдлыг харгалзан хуульд заасан төрөл хэмжээний ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байна гэж дүгнэсэн. Давж заалдах шатны шүүх С.Батдөлд холбогдох хэргээс 2022 оны дөрөвдүгээр сарын 5-ны өдөр “Ланд Крузейр-200” загварын тээврийн хэрэгслийг худалдан авч, мөнгө угаасан гэх хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг үндэслэлтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэсэн.

Дээрх шийдвэртэй холбогдуулан мөнгө угаах гэмт хэрэгт оногдуулсан ялыг хөнгөрүүлсэн мөн хахууль авах гэмт хэрэгт оногдуулсан найман жилийн ялыг долоон жил болгон хөнгөрүүлэхдээ Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн гэж дүгнэсэн юм.

Эргэн сануулахад, түүний гэрээс нь олдсон долоон тэрбум төгрөгт үндэслэн яллаж, нийтийн албанд томилогдох эрх хасах ялыг долоон жилийн хугацаагаар, 12 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсэн билээ.

Тэрбээр өнгөрсөн оны наймдугаар сард Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаснаар /2023.10.10/  гомдлыг хэлэлцэж, 12 жилийн хорих ялаас нь хоёр жилийг хасч, 10 жил болж шийдвэрлэсэн байдаг.

ГИШҮҮН АСАН Т.АЮУРСАЙХАНД 3 ЖИЛИЙН ХОРИХ ЯЛ ОНООВ

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг, УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайхан нарын 11 хүнд холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаан Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд нэгдүгээр сарын 15-31 хүртэл хэлэлцэж эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг танилцуулсан.

Шүүгдэгч Т.Аюурсайханыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2.3, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.3.3 дахь зааснаар зохион байгуулалттай гэмт бүлэглэл байгуулсан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8.1, 2.2.3 дахь хэсэгт заасныг тус тус журамлан эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.10.2 хэсэгт заасан үргэлжилсэн үйлдлээр нийтийн албан тушаалтны хөрөнгө орлого их хэмжээгээр нэмэгдсэнийг хууль ёсны болохыг үндэслэлтэй тайлбарлаж чадаагүй буюу үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэм буруутайд тооцсон байна.

Ингэснээр Т.Аюурсайханд нийтийн албанд томилогдох эрхийг таван жилээр хасаж, гурван жилийн хугацаанд хорих ял оногдуулсан юм. Мөн түүнд авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхэлж тооцсугай гэж шүүхийн шийдвэр гарсан.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал болох 11.4 сая төгрөгийг Т.Аюурсайханаас гаргуулах бөгөөд түүнээс 1.8 тэрбум төгрөгийг хурааж, улсын төсөвт шилжүүлэх шийдвэр гаргасан юм.

Эх сурвалж:Nnews.mn

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *