Германыг зорьсон анхны суралцагчдын хувийн гаралтай баримтыг Үндэсний төв архивын сан хөмрөгт хүлээлгэн өглөө

0

Монгол Улсын Ерөнхийлөгчийн урилгаар Холбооны Бүгд Найрамдах Герман Улс /ХБНГУ/-ын Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайэр 2024 оны 02 дугаар сарын 07-08-ны өдрүүдэд Монгол Улсад төрийн айлчлал хийсэн билээ.

Монгол Улс, ХБНГУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тохиолдуулан хэрэгжүүлсэн тус айлчлалын үеэр Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр тус улсад Монгол Улсаас суралцсан анхны оюутнуудын хувийн гаралтай баримтыг Монгол Улсын Ерөнхийлөгчид бэлэглэсэн юм.

Нийт 125 хуудас бүхий эдгээр баримтыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөх Э.Одбаяр, Боловсрол, шинжлэх ухаан, инновацын бодлогын зөвлөх Ч.Лодойравсал, Хууль зүйн бодлогын зөвлөх Р.Батрагчаа нар Үндэсний төв архивын сан хөмрөгт хүлээлгэн өглөө.

Ардын Засгийн газрын 1925 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн хуралдааны шийдвэрээр монгол залуус Герман, Франц улсад суралцаж эхэлсэн юм. Германыг зорьсон анхны суралцагчид хоёр орны иргэд хоорондын харилцаа, боловсролын солилцооны эхлэлийг тавьсан бөгөөд германы талаас хүлээлгэн өгсөн баримтад эдгээр суралцагчдын визийн анкет, суралцаж эхэлсэн цаг үеийн хичээлийн явц, ахуйн байдлын талаарх ноот бичиг гэх мэт мэдээлэл багтжээ.

Тухайлбал, анхны 35 суралцагч Орос дахь Элчин сайдын яамаар дамжуулан виз авч, усан онгоцоор Германыг зорьсон тухай баримтыг ХБНГУ-ын Гадаад хэргийн яамны улс төрийн архиваас хуулбарлан авчирсан байна.

“Манай архивын материал баяжиж, хоёр орны харилцааны түүхэнд судлах судлагдахуун нэмэгдэж байна. Монгол, Германы хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой энэ онд тохиож байгаа хэдий ч харилцааны түүх 50 жилээр хязгаарлагдахгүйг нотолсон баримт бичгүүд гэдгээрээ онцлогтой” хэмээн Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөх Э.Одбаяр тодотголоо.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *