“УИХ дэргэдээ телевиз, радиотой байна” гэх төслийг Н.Энхболд, Г.Тэмүүлэн нар өргөн барьж “Төрийн мэдэлд хэвлэл мэдээллийн хэрэгсэл байхыг хориглоно” гэсэн хуулийг зөрчжээ
Монголын үндэсний олон нийтийн радио, телевиз нь олон нийтийн статустай ч энэ үүргээ хангалтгүй биелүүлж, эрх баригчдыг сурталчилдаг, удирдлагуудыг нь ч улс төрчдийн захиалгаар томилдог болоод удаж байгаа.
– “УИХ ЧУУЛГАНЫ ХУРАЛДААНЫГ ШУУД НЭВТРҮҮЛЭХ, ҮЙЛ АЖИЛЛАГАА, БАТЛАГДСАН ХУУЛЬ ТОГТООМЖИЙГ СУРТАЛЧЛАХ ТЕЛЕВИЗ, РАДИОГИЙН ТУСГАЙ СУВАГТАЙ БАЙЖ БОЛНО” ГЭЖЭЭ –
Тэгвэл эрх баригчдад өөрийгөө сурталчилдаг төрийн мэдлийн суваг нь багадаж бүр дэргэдээ телевиз, радиотой болох хуулийн төслийг боловсруулж, өргөн барьжээ.
Тодруулбал,энэ сарын 05-ны өдөр /2024.04.05/ УИХ-ын гишүүн Н.Энхболд, Г.Тэмүүлэн, Л.Мөнхбаатар нараас өргөн барьсан УИХ-ын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн 38.3 дугаар зүйлд “Улсын Их Хурал чуулганы хуралдааныг шууд нэвтрүүлэх, үйл ажиллагаа, батлагдсан хууль тогтоомжийг сурталчлах телевиз, радиогийн тусгай сувагтай байж болно” гэж заажээ. Хуулийн төслийг ЭНД дарж уншина уу.
Угтаа 1998 онд батлагдсан одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж буй “Хэвлэлийн мэдээллийн эрх чөлөөний тухай” хуулийн 4 дүгээр зүйлд “Төрийн байгууллага өөрийн мэдэлд хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй байхыг хориглоно” гэж заасан байдаг. Хуулийг ЭНД дарж унших. Гэтэл УИХ-ын гишүүн Н.Энхболд, Г.Тэмүүлэн, Л.Мөнхбаатар нар нь дээрх заалттай зөрчилдөх агуулгыг УИХ-ын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд оруулсан байна.
-PARLIAMENT.MN, D.PARLIAMENT.MN ВЭБ САЙТААР МЭДЭЭЛЛИЙГ ТҮГЭЭХИЙН ЗЭРЭГЦЭЭ, СКАЙ МЕДИАГИЙН СУВГААР ЧУУЛГАНЫ ХУРАЛДААНЫГ ШУУД ДАМЖУУЛАН ХҮРГЭЖ БАЙНА-
Өнөөдрийн хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хууль, дүрэм журмаар хэвлэл мэдээллийн хэрэгслүүд нь УИХ-ын үйл ажиллагааг хагас чөлөөтэй (чуулганы танхимд нэвтэрдэггүй, байнгын хорооны хуралдаанаас зураг, видео бэлтгэж болдоггүй) сурвалжилж, байнгын хороо, чуулганы хуралдааны проткол бүхий мэдээлэл болон санаачилсан хуулийн төслүүд болон цаг үеийн асуудлаар гишүүдийн байр, суурийг дамжуулан иргэд, олон нийтэд хүргэж ажилладаг. Үүнээс гадна УИХ-ын тамгын газар нь албан ёсоор дэргэдээ Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газартай.
Энэ нэгж нь 16 хүний орон тоотойгоор үндсэн чиг үүргээ хэрэгжүүлж, parliament.mn, d.parliament.mn вэб сайтаар мэдээллийг түгээхийн зэрэгцээ, скай медиагийн сувгаар чуулганы хуралдааныг шууд дамжуулан хүргэж байна. Гэтэл эдгээрийн хажуугаар УИХ нь дэргэдээ радио, телевиз байгуулж ажиллахаар хуульчилсан нь энэ аж.
Хуулийн энэ зохицуулалт хэний захиалга вэ гэдэг хардлага бий. Гэхдээ хэний захиалга байхаас үл хамааран энэ заалт батлагдаж хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлвэл УИХ-ын тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газрын үйл ажиллагаа өргөжиж, ачаалал, зарцуулах төсөв хөрөнгө нь нэмэгдэх нь тодорхой юм. Төсвийг улсын төсөв буюу татвар төлөгчдийн мөнгөнөөс гаргана. Тэгэхээр хуулийн энэ заалтыг зайлшгүй хэрэгжүүлэх практик хэрэгцээ бий юу, УИХ нь дэргэдээ телевиз радиотой болоход шаардагдах хөрөнгө зардал, улсын төсвөөс гаргах нийт хэмжээ зэргийг хууль санаачлагчид тайлбарлах шаардлага гарч байна. Ташрамд дурдахад,УИХ-ын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслөөр 30 гаруй жил 76 гишүүний бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж ирсэн өнөөгийн бүтцийг 126 гишүүнтэй болж өөрчлөгдөхөд бэлдэж байгаа юм.
Эх сурвалж: isee.mn