Т.Бадамжунай нарын гомдлыг Дээд шүүх хэлэлцэхээс татгалзаж, Ц.Анандбазарын үйлдлүүдийг уг хэрэгт нэгтгэн шийдвэрлэхээр боллоо

0

УИХ-ын гишүүн, ХХААХҮ-ийн сайд, Улаанбаатар хотын ерөнхий менежер асан Т.Бадамжунай, УИХ-ын гишүүн Ц.Анандбазар нарын хэргийг нэгтгэн шүүх эсэхийг Улсын Дээд шүүх хэлэлцэхээр товлосон талаар бид өмнө нь мэдээлсэн билээ. 

Тэгвэл прокурор, өмгөөлөгч нарын эсэргүүцэл, гомдлыг Дээд шүүх хэлэлцэхээс татгалзлаа. 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Дуламсүрэн 2023 оны арваннэгдүгээр сарын 3-нд Т.Бадамжунай, түүний хүргэн, ХХААХҮЯ-нд удирдах албан тушаал хашиж байсан Э.Жаргалсайхан, “87 байртай” гэх дуулианы эзэн, авлигын хэргээр ял шийтгүүлсэн “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-ийн захирал асан, Төрийн шагналт Д.Бямба-Очир, “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн захирал асан Д.Баярсайхан нарт холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн хурлыг хаалттай явуулаад нэмэлт ажиллагаа хийлгэх захирамж гаргасан юм.

Шүүхээс уг хэргийг буцаах болсон үндэслэлдээ шинжээчдийн мэдүүлгийг авах шаардлагатай гэсэн байдаг. Мөн УИХ-ын гишүүн Ц.Анандбазарын үйлдлийг тусгаарласан нь буруу гэж дүгнэжээ. Прокурорууд шүүгчийн захирамжид заасан ажиллагааг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжтой тул буцаах шаардлагагүй хэмээн нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд эсэргүүцэл бичсэн бөгөөд түүнд дурдагдсан таван үндэслэлээс гурвыг нь хүлээн авч, хоёрыг нь хүлээн авахаас татгалзсан ч нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр болсон билээ. Ингэснээр УИХ-ын гишүүн Ц.Анандбазарын Т.Бадамжунайд хахууль өгсөн үйлдлийг нэгтгэн шүүхээр шийдвэрлүүлэхээр болсон юм. 

Тэгвэл Дээд шүүх прокурорын эсэргүүцэл, Т.Бадамжунай нарын өмгөөлөгчдийн гомдлыг хэлэлцэхээс татгалзсанаар Ц.Анандбазарын үйлдлүүдийг уг хэрэгт нэгтгэн шийдвэрлэхээр боллоо. 

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *