ДЭЛХИЙН МОНГОЛ: АНУ-ын Калифорни мужийн Өмнөд бүсийн захиргааны техникийн хэлтсийн дарга А.Баярмааг онцолж байна
АНУ-ын Калифорни мужид ажиллаж, амьдардаг техникийн ухааны доктор (Ph.D) А.БАЯРМАА-г “Дэлхийн Монгол” булангийнхаа энэ удаагийн зочноор урьж ярилцлаа. Тэрээр хоёр, хүүхдийн ээж болж, 30 гарсан хойноо мэргэжлээ сольж, гадаад улсад суралцаж одоогийн карьераа эхлүүлсэн байна. Харин одоо тэрээр АНУ-ын Калифорни мужийн Өмнөд бүсийн захиргаанд техникийн хэлтсийн даргаар ажиллаж байгаа юм.
-Та эхлээд уншигчдадаа өөрийгөө танилцуулахгүй юу. Аль нутгийн хүн бэ. Хэзээ нутгаасаа гарч, гадаадын улс оронд ажиллаж амьдарч эхлэв?
-Би одоо АНУ-ын Калифорни мужийн Лос Анжелес хотод гэр бүлийн хамт ажиллаж, амьдардаг. Америкт ирээд 14 жил болж байна. Дарханд 10 жилээ төгсөөд, Тexникийн Их Сургуульд бакалавр, магистраа хамгаалсан. Сургуулиа төгсөөд тухайн үeийн Политехникомын коллежид урилгаар багшилж дараа нь ТИС, Төмөр замын коллежид багшилсан. Эрчим хүчний инженерийн ангиудад мэргэжлийн хичээлүүд, бусад ангиудад Инженерийн тооцоонд матeматик загварчлал хэрэглэх нь хичээлийг заадаг байсан. 2003 онд Японы Засгийн газрын тэтгэлгээр, Киотогийн Их Сургуулийн хотын мeнeжмeнт, удирдлагын сургуульд урилгаар докторантурт элсэн орсон. 2007 онд тээврийн матeматик загварчлалаар докторын зэргээ хамгаалаад Нидерландын Утрехтийн Их Сургууль, Америкийн Калифорни Их Сургуулиудад судлаач багшаар ажиллаж байгаад 2012 онд Америкийн төрийн албанд ажилд орсон. 20-иод жилийг дээд боловсролын салбарт ажиллаж сүүлийн 10 гаруй жилд улсын ажил хийж байна.
-Та Монголд их сургуулийн багшаар ажиллаж байгаад Японд сургуульд явсан гэж байна. Тухайн үед гадагшаа сурах боломж хэр байсан бэ. Хэлний мэдлэгээс эхлээд бэрхшээлтэй зүйл тохиолдож байв уу?
-2003 онд Монголд шилжилтийн үе дөнгөж дуусч байсан. Би хоёр бага насны хүүхэдтэй, сургуулийн багшаар ажиллаж байсан. Япон явах боломж маш санамсаргүй байдлаар олдсон. Би өөрөө гадагшаа явна гэж төлөвлөөгүй. Дээр нь, япон, англи хэлний бэлтгэл байхгүй. Монголд сургуулийн багш нар ямар ачаалал авдаг билээ. Яг л ийм байсан. Өөрийгөө хөгжүүлэх боломж байхгүй, олон цагийн хичээл заагаад, дараагийн хичээлдээ бэлдээд, ажил гэр гэсэн л маршруттай, өөрийгөө хөгжүүлэх, судалгаагаа хийх боломжгүй байсан. Хэдэн жилийн өмнө Галбадрах ахад “Алдаанаас олдсон миний амьдрал” ярилцлага өгч байлаа. Яг л ийм боломж миний амьдралд олдсон. 2003 онд ЖАЙКА-ийн мэргэжилтэн Төмөр замын удирдах дээр гурван сар ажиллаад явах болоод, тайлангаа бичээд семинар зарласан байсан. Би тэр семинар дээр очоод семинарын материал дотроос алдаа олсон юм. Алдаа байгааг олж хараад орчуулагчид нь хэлсэн. ЖАЙКА-ийн мэргэжилтэн намайг 10 минутын дараа ороод ирээч гэж гуйсан. Тэгээд уулзахад “таны олсон алдаа номын алдаа байж таарлаа” гэсэн. Ингээд тэр хүнтэй танилцсан. Тухайн үед би зам тээврийн чиглэлээр биш эрчим хүчний чиглэлээр их сургууль төгсөөд, инженерийн ангиудад математик загварчлалыг компьютерт хийх, мэргэжлийн тооцоог компьютерт хэрхэн хийх гэдэг хичээл заадаг байсан юм. Магистраа төгсөөд хэдэн жил багшилж байгаад докторын зэргээ хамгаална гэсэн л төлөвлөгөөтэй байсан Гэхдээ тийм боломж гарахгүй явж байгаад тэр 10-хан минутын уулзалтаар маш том боломж надад олдсон юм. Уулзалтаас тэр япон хүн маш өндөр сэтгэгдэлтэй үлдээд, бид хоёр салсан.
Наймдугаар сард надад Японы Киотогийн Их Сургуульд тээврийн математик загварчлалын чиглэлээр докторантурт суралцах урилга ирсэн. Ингээд л явах болсон. Тухайн үед явна гээд хөөрөөд байсан болохоос хэл сурах, бэлтгэл хийх боломж ер нь байгаагүй. Харин очоод жинхэнэ бэрхшээл гэж юу байдаг, хад чулуу мөргөнө гэдэгтэй тулж эхэлсэн. Японд байсан дөрвөн жил намайг маш их өөрчилсөн, хамгийн их сорьсон хугацаа байсан.
-Та тэгэхээр 30 гарсан хойноо өөр мэргэжлээр, хэл мэдэхгүй, гаднын улсад докторантурт суралцахаар явсан байх нь?
-Тухайн үед хоёр бага насны хүүхэдтэй 35, 36 настай байсан. Интернет одоогийнх шиг чөлөөтэй байсангүй, картаар утсаар ярьдаг. Хэл сурна гэдэг маш хүнд нөхцөл байсан. Харин одоо интернэт хөгжсөн, ийм сайхан үед 30 гарсан, хүүхдүүдээ гаргачихсан залуу ээж нар бүх боломж нь хаагдчихсан, хэл сурах оройтсон, хүүхэдтэй, завгүй байна гэж бодож болохгүй. Боломжоо битгий хаагаарай гэж би уулзсан залуу ээж бүхэндээ хэлдэг.
2003 онд Японд очиход хамгийн эхний бэрхшээл бол хэл байсан. Англи, Япон хэлний аль нэгийг сурахгүй бол докторын ажлаа эхэлж болохгүй. Багштайгаа ч харьцаж чадахгүй байдалтай эхэлж байлаа. Дүү рүүгээ монголоор бичээд дүү минь англи руу орчуулж өгөөд багштайгаа харьцаж байсан. Багш “хэл бол хамгийн амархан сурдаг ур чадвар. Матeматик мэдлэгийг богино хугацаанд хурдан сурах боломжгүй.. Чамд мэргэжлийн, судалгааны, бусад ур чадвар маш сайн байгаа учраас чамайг авсан. Чи энэ мэргэжлийн номыг унш” гээд англи хэл дээрх ном өгөөд, Баасан гариг бүрийн энэ цаг дээр надтай ирж уулз гэсэн. Би чинь ямар ч интернэтгүй орчноос очсон, хэлний бэлтгэл байхгүй. Хэдэн мөр ойлгох гэж англиас орос руу орчуулаад орос, монгол толь бичиг эргүүлж байж хэдэн өдөр зарцуулдаг байсан. Ингэж л англи хэлийг сурч эхэлж байсан юм.
Гэр бүлтэйгээ оччихсон, дэлгүүр хоршоо хүүхдүүдийн цэцэрлэг, банкинд данс нээлгэх гээд Японы нийгэмд харилцаанд ороход бас л хэл байхгүй. Тиймээс хоёр сарын япон хэлний сургалтад сураад багштайгаа яриад, харилцаад эхэлсэн.
Дараагийн бэрхшээл нь докторантурт сурна гээд юмаа мэдэхгүй оччихсон. Нэг л мундаг урилгаар сурах гэж очсон. Очсон чинь докторантурт хараахан ороогүй байсан. Докторантурын шалгалт өгч байж тэнцвэл орно тэнцэхгүй бол буцна. Ямар нөхцөлөөс очсон билээ, буцах уу, үлдэх үү гэдэг зөвхөн надаас хамаарахаар байсан. Дөрөвдүгээр сард Японд очиход долдугаар сард шалгалтад орохыг шаардсан. Би тэгээд багшдаа үнэн учраа хэлээд шалгалтаа хоёрдугаар сар хүртэл хойшлуулж өгөх хүсэлт тавиад хоёрдугаар сард шалгалтаа өгөөд тэнцэж, ингэж л докторантурт орох эрхээ авч байсан юм. Гэхдээ төгсөх хүртлээ Монголынхоо боловсролын системийн алдаа, оноотой талуудыг их ойлгож, анзаарч авсан.
Докторантурын сургалтыг төгсөхийн тулд гурван судалгааны материал хэвлэлтэд өгсөн байх шаардлагатай. Тэрийгээ хэвлэх эрхээ авахын тулд АНУ-ын Вашингтон ДС-д болох олон улсын хуралд оролцож эрхээ авах шалгууртай байсан. Материал маань тэнцээд 2006 онд Америкт анх удаа ирсэн. Хуралд оролцоод явж байхад нэгэн гадаад оюутан охины илтгэл миний анхаарлыг татсан. Зам тээврийн хурал хэрнээ баахан хагархай тавагны зурагтай постeр тавьсан байсан. Криста-г маргааш болох өөрийнхөө илтгэлд урихад.. багштайгаа ирээд, илтгэлийн дараа багштайгаа танилцуулсан. Тэгсэн манай багш, тэдний багш хоёр танилууд болж таарсан. Манай багш энэ салбартаа маш нэр хүндтэй нэгэн байсан. Тэгээд сургуулиа төгсөөд “манай багт орж ажиллана уу” гэж урьсан. Энэ бас л 10, 20-хон минутын уулзалт болсон. Эргээд харахад 10,20 минутын уулзалтаар миний амьдралын өөрчлөлтүүд,дараа дараагийн боломжууд гарч ирсээр байсан .
-30 гарчихсан, бага насны хоёр хүүхэдтэй хүн хоёр хэлийг зэрэг сурахад бэрхшээл юу байсан бэ. Хүмүүс 30 гарчихаар хөгширчихлөө, сурах боломж, хугацаа дууслаа гэдэг шүү дээ?
-Хэл сурах, докторантурын шалгалтдаа тэнцэх хамгийн том хүч, тусламжийг би гэр бүлээсээ авсан. Ар гэрийн дэмжлэг сайтай болохоор 100 хувь хичээлдээ анхаарлаа хандуулж чадсан. Мөн Японд сурахад Засгийн газраас нь надад 100 хувийн тэтгэлэг өгсөн. Тэтгэлэгтэй байсан учраас юунд ч санаа зовохгүй 100 хувь хичээлдээ анхаарч байсан. Энэ бол маш том дэмжлэг шүү дээ. Энэ том дэмжлэгүүдийг авчихаад би өөрөө би өөрөө хичээх хэрэгтэй гэж бодож хичээж ирсэн . Мөн монголчууд бидэнд байдаг шинэ орчинд хурдан дасах чадвар, бэрхшээлийг даван туулах, хөрвөх чадвар ч надад их тусласан.
Тухайн үeд том охин байнга эмнэлгээр эмчилгээ хийлгэдэг, бага охин 5 настай Японд 1-р ангид орж байсан. Охины минь биеийн байдал намайг түлхэх хүч болсон байх. Хэрвээ Японоос буцвал охины минь боломж, эмчилгээ, бүх юм хаагдах гээд байсан. Магадгүй том охин минь тийм хүнд нөхцөлд байгаагүй бол надаас тийм их хүч гарах уу, үгүй юү мэдэхгүй. Түүнээс залуу байсан бол би магадгүй шантраад явчих байсан байх. Харин эх хүнд байдаг илүү тэмцэгч, хүч чадал байсан юм болов уу гэж одоо боддог юм.
Тухайн үед хоёр бага насны хүүхэдтэй 35, 36 настай байсан. Интернет одоогийнх шиг чөлөөтэй байсангүй, картаар утсаар ярьдаг. Хэл сурна гэдэг маш хүнд нөхцөл байсан. Харин одоо интернэт хөгжсөн, ийм сайхан үед 30 гарсан, хүүхдүүдээ гаргачихсан залуу ээж нар бүх боломж нь хаагдчихсан, хэл сурах оройтсон, хүүхэдтэй, завгүй байна гэж бодож болохгүй. Боломжоо битгий хаагаарай гэж би уулзсан залуу ээж бүхэндээ хэлдэг.
-Та хоёр хэлийг зэрэг сурч байхад ямар арга хэрэглэж байсан бэ?
-Би 10 жилээ орос хэлний гүнзгийрүүлсэн сургууль төгссөн. Хэлний суурь сайтай байсан. Олон хэлийг зэрэг сурах хамгийн гол ур чадвар бол монгол хэлний суурь маш сайн байсантай холбоотой гэж боддог. Монгол хэлдээ сайн, ном их уншдаг, цээжилдэг байсан нь гадаад хэл хурдан сурахад их нөлөөлсөн. Нэг хэлний суурь сайн байвал бусад хэлийг хурдан сурах боломжтой юм билээ.
Тухайн үед хэлнүүдийн харьцуулалтыг маш их хийдэг байсан. Орос хэлний дүрэм хамгийн хүнд. Орос хэлний дүрэмтэй бусад хэлнийхээ дүрэм, өгүүлбэрийн бүтцийг харьцуулдаг байсан. Мөн маш их сонсдог байсан. Сурч байгаа хэлээрээ кино үзээд, ном уншаад богино хугацаанд сурсан. Тухайн үед манай япон найз нар гайхаж байсан юм. Ямар ч хэлний мэдлэггүй байж бидний нүдэн дээр хоёр хэлийг зэрэг сурчихлаа гэж.
-Тэгвэл залуучууд өөрт тулгараад байгаа бэрхшээлийг хэрхэн даван туулах ёстой юм бэ. Хэрхэн амжилтад хүрч чадах вэ?
-Би багадаа мундаг онц сурдаг хүүхэд байгаагүй. Харин эхэлсэн юмаа дуусгадаг, өөртөө итгээд, тууштай зүтгэдэг байсан. Тууштай байдал хүнийг амжилтад хүргэдэг.Зорилготой байх хамгийн чухал. Зорилгодоо хэрхэн хүрэх арга замаа мэдэх нь бас чухал. Арга замаа мэдэхгүй бол цаг ,хугацаа алдагдана. Том зорилгоосоо айгаад өөртөө итгэх итгэлээ бууруулахгүй, бага багаар..даван туулаад өөрийгөө урамшуулаад зөв замаар явахад амжилтанд хүрдэг. Тиймээс зорилготой, зогсолтгүй, тууштай байх хэрэгтэй. Мөн мэдрэмжтэй байх хэрэгтэй.
Одоогийн нийгэм бидний өссөн үеийнхээс тэс өөр. Тухайн үед нэг гадаад хэлтэй, нэг мэргэжилтэй байхад амжилттай ажилладаг байсан бол одоогийн нийгэмд хүнээс нэг ур чадвар бус олон ур чадвар, олон мэргэжил шаарддаг болсон. Тиймээс би залуустаа мэргэжил сонгоно гэж битгий төвлөр. Мэргэжил сонгох биш ур чадваруудаа сайн хөгжүүл. гэж хэлдэг..21 зууны ур чадваруудыг сураад, өөрийгөө хөгжүүлээд явбал та ямар ч салбарт ажиллах бүрэн боломжтой. Одоогийн нийгэмд өрсөлдөөнтэй мэт боловч нөгөө талаас маш олон боломж хүнд гарч ирж байгаа.
Би эрчим хүчний чиглэлээр сургууль төгсчихөөд алс хол Америкт зам тээврийн чиглэлээр ажиллаад явж байна шүү дээ. Мөн сүүлийн хоёр жил давхар сургуульд сурлаа. Монголчууддаа эдний системд нь таарсан зөв ойлголт, мэдээлэл өгөхийн тулд би өөрөө давхар суралцах, хөгжих ёстой болсон. Ажлынхаа хажуугаар Калифорни Их Сургуульд суралцаж коллежи конслур болоод ажиллаад явж байна. Боловсролын салбартаа 10 гаран жилийн дараа эргэн ирлээ. Олон хүүхэд, залуусыг мөрөөдөлдөө хүрэхэд нь тусална. Ур чадвараа хөгжүүлж, шинэ ур чадвар сурч, байнгын шинэчлэл хийж байх ёстой.
-Манайхан гадагшаа явахаар мэргэжлээрээ ажиллах нь маш ховор. Хар, бор ажил хийдэг гэсэн ойлголттой байдаг. Тэгвэл гадаадад мэргэжлээрээ тэр тусмаа төрийн албанд удирдах албан тушаал хаших боломж яаж гарч ирсэн бэ?
-Америкт ажлын байр өрсөлдөөнтэй боловч ур чадвартай хүнд боломж их байдаг. Ялангуяа, өөр орны хүн Америкт ажилд орно гэдэг хэцүү. Миний хувьд Японд сурч байх хугацаандаа олон улсын хуралд оролцоод үргэлжлүүлээд Нидерландын Утрехтийн их сургууль, Калифорнийн сургуулийн багш нартай хамтарч судалгаанууд их хийж, бүтээлүүдээ хэвлүүлж байсан. Олон улсын хуралд яваад дэлхийн түвшний судалгаа хийгээд, хэвлүүлсэн болохоор энэ чиглэлээр АНУ-ын сургуульд судалгаа хийхэд харьцангуй хялбар байсан. Калифорни мужын матeматик загварчлалын төслөө дуусч байтал одоогийн ажлын боломж гарч ирсэн. Тухайн үeд тээврийн төлөвлөлт хийдэг загварчлал нь шаардлага хангахгүй шинэ аргачлал рүү шилжих мужийн амбан захирагчийн тушаал гарсан байсан. Хуучин аргачилал нь иргэдийн эрэлт, хэрэгцээг бүрэн хангахгүй дутагдалтай байсан. Тиймээс дэд бүтцийн хөрөнгө оруулалт, бодлого төлөвлөлт иргэдийн хэрэгцээнд тохирохгүй. Микро түвшиний нарийн загварчлал хийдэг хүн манай байгууллагад байхгүй, ажлын зар дахин дахин гараад байсан. Миний хувьд яг энэ чиглэлийг зохиосон хүнээр удирдуулан докторын судалгаа хийсэн болохоор зориг гаргаад матeриалаа явуулсан. Яг хэрэгтэй, хайж байсан хүн нь байж таарсан учраас шууд ажилд авсан. Тэд төлөвлөлт хийдэг мэргэжил биш ур чадвар л хайгаад байсан байгаа биз.
-Одоо Калифорни мужийн зам тээврийн төлөвлөлтийг хийдэг гэж ойлгож болох уу?
-Тийм ээ, хотын ойрын болон хэтийн зам тээврийн хөгжлийн бодлого төлөвлөлтийг хийдэг. Хот төлөвлөлт, зам төлөвлөлт хоёрын хавсарсан Калифорни мужийн нэгдсэн загварчлал гэсэн төсөл байсан. Тэр төсөл дээр ажиллах боломж олдоод төсөл дээрээ математик загварчлал хийсэн. Хот төлөвлөлт, зам төлөвлөлт хамтдаа явдаг. Манай байгууллага Калифорни мужийн өмнөд хэсгийн 191 хотын хөгжлийн загварыг, бодлогыг дөрвөн жил тутам хийдэг. Саяхан 2050 он хүртэлх төлөвлөлтөө хийгээд дуусгаад олон нийтэд танилцуулсан.
-2050 он хүртэл Калифорни мужийн хөгжлийн загварыг гаргасан гэж байна. Ганц Улаанбаатар гэлтгүй дэлхийн томоохон хотуудад түгжрэл асуудал болоод байна. Хүн амын өсөлт, нийгмийн хөгжилтэйгөө уялдуулж төлөвлөгөөгөө гаргадаг уу?
-2050 оны төлөвлөлтийг 2024 онд хийж байна. Саалиа бэлдэхээр саваа бэлд гэдэг үг байдаг шүү дээ. 2050 он гэхэд одоо байгаа хүн ам дөрвөн саяар өснө гэдэг тооцоолол гарсан. Тэгэхээр одоо байгаа хүн ам дээр шинээр нэмэгдэх дөрвөн сая хүнээ хаана амьдруулах, энэ хүмүүсийг нэмээд түгжрэхгүй, чихцэлдэхгүй, агаарын бохирдолгүй хэрхэн амьдруулах вэ гэдгийг шийдэх нь бидний зорилго. Тээврийн систем маш олон салбартай холбогдож байдаг. Тээврийн систем уналтад орохоор агаарын бохирдол, түгжрэл нэмэгдээд, эдийн засаг гээд маш олон салбартай уялдаатай байдаг. Тэгэхээр агаарын бохирдлоо бууруулахын тулд бид ямар тээврийн хэрэгсэл хэрэглэх вэ гэдэг чухал. Агаарын бохирдлыг үүсгэж байгаа хамгийн гол зүйл бол тээврийн хэрэгсэл. Тиймээс тээврийн хэрэгслийг багасгахын тулд хүмүүс машин бага унадаг хотын бүтэц рүү шилжих шаардлагатай. Тэгэхээр ямар бүтэцтэй хот байгуулах вэ?..гэдэгтэй хотын болон зам тээврийн төлөвлөлт, бодлого хамаарна. Тархсан ,тэлсэн хот бол машин замаа, нягтарсан хот бол явган зам,дугуйн замын дэд бүтцээ илүү хөгжүүлэх гэх мэт . Олон жилийн өмнө америкууд тарсан бүтэцтэй, айл бүхэн мөрөөдлийн хаус, машинтай болж хөгжсөн. Гэтэл одоо тэр нь асуудал болоод айл бүхэн нь машинаас хамааралтай болчихсон. Энэ нь агаарын бохирдол, түгжрэл үүсгээд байгаа учраас хүмүүсийг гэрээсээ гараад дэлгүүр ордог, ажил сургуульдаа явдаг бүх юмтайгаа ойр хот байгуулъя гээд 50:3 гэсэн аргачлалаар төлөвлөлтөө хийдэг. Энэ нь дөрвөн сая хүнийхээ 50 хувийг нийтийн тээврийнхээ шугамын дагуу хороолол бариад амьдруулна. Үлдсэн 50 хувийг нь хотынхоо ашиглагдаагүй хэсгийн гурван хувийг ашиглаад хот байгуулна. Тэгэхээр хот төлөвлөлтийн бодлого зам тээврийн хөгжлийн бодлого нэг зэрэг явж байгаа юм.
-Манайд бол бараг сонгууль бүрийн дараа улсын бодлого тэр чигтээ өөрчлөгддөг. Бодлого нь тогтвортой биш гэсэн үг. Харин наана чинь 25, 26 жилийн дараах төлөвлөгөөг гаргаж байна. Энэ хугацаанд энэ төлөвлөгөөгөөр л явах уу. Удирдлага солигдсон ч өөрчлөгдөхгүй?
-Америкт дэд бүтийн зардлууд Мeтрополитан төлөвлөлтийн байгууллага манайхаар дамждаг. АНУ-д 400 гаруй Мeтрополитан байгууллага байдаг. Манай Өмнөд Калифорни мужийн байгууллага нь Америкийн хамгийн том Мeтрополитан. Тэгэхээр энд ямар ч улс төр байхгүй. Энэ байгууллагуудаар дамжуулаад дэд бүтцийн хөрөнгө оруулалтууд хуваарилагддаг. Энд ямар ч улс төр байхгүй бүх зүйл нь мэргэжлийн хүмүүсийн шийдвэр байдаг. Бүх зүйл судалгаан дээр тулгуурладаг. Би энэ байгууллагад ороод 12 жил болж байна. Нэг ч удаа улс төрийн хамааралгүйгээр ажлаа хийж ирсэн.
-Таны мэргэжил, туршилга манайд маш их хэрэгтэй. Яг өнөөдрийн Улаанбаатарын хот төлөвлөлт, түгжрэл, төвлөрөл үнэхээр тулгамдсан асуудал болсон. Та мэргэжлийн хүний хувьд Улаанбаатарын асуудлыг судалж байв уу?
-Би 2018 онд амралтаараа очихдоо Нийслэлийн Засаг дарга байсан Д.Сумъяабазар даргатай уулзсан. Д.Сумъяабазар даргын харьяанд байдаг судалгааны газрынхантай уулзаж, тэдний хийж байгаа ажилтай танилцсан. Улаанбаатар хотын одоогийн асуудлыг шийдэхэд ямар ч мэргэжилтэн, ямар ч мундаг хүн очоод шийдэх боломжгүй болчихсон. Яагаад гэхээр буруу төлөвлөлт, хүн ам, машины хэт төвлөрөл. Гэхдээ хот тэр чигтээ бөглөрөөгүй, хүн амын тэнцвэр алдагдаад нэг дүүрэгтээ хамаг хүн нь очдог, явдаг. Энэ бол судалгаагүй, төлөвлөлтгүй буруу хот хийсний хор уршиг. Тэгш, сондгойгоор зорчуулах буруу бодлогын нөлөөгөөр тээврийн хэрэгслийн тоо нь механикаар нэмэгдчихсэн. Эхэндээ үр дүнтэй юм шиг хэрнээ айл бүхэн гэрээсээ гарч ажлаа амжуулах, амьдрахын тулд хоёр дахь машинаа авдаг ч гэх юм уу тээврийн хэрэгслийн тоо нь хиймлээр өсчихсөн. Энэ мэт буруу бодлогын үр дүнгээс түгжрэлийн асуудал хурцадмал байдалд орчихоод байна.
-Тэгэхээр цаашдаа яах ёстой вэ?
-Одоо метро барина, тэгнэ ингэнэ гээд яриад байгаа шүү дээ. Үүнийхээ оронд хүн ам, тээврийн хэрэгслийнхээ судалгааг хийгээд дагуул хотуудаа хөгжүүлж, төвлөрлөө арилгах хэрэгтэй. Хүн яагаад нэг газар уу зүтгээд байна вэ гэхээр сайн сургууль, сайн эмнэлгийн үйлчилгээ авахын тулд. Тэгэхээр сайн үйлчилгээ, сургуулиа тэгш хүрэлцээтэйгээр дагуул хотуудаа байгуулбал хүмүүс амьдарна.
-Одоо манайд метро барих гээд тендер зарлагдаад явж байна. Тэгвэл одоогийн Улаанбаатарт метро барих шаардлага бий юү. Та мэргэжлийн хүний хувьд хэрхэн харж байна вэ?
-Хүн ам төвлөрсөн том хотуудад метро байх шаардлагатай. Миний мэдэхийн энд ч нийтийн тээврүүд ашиггүй ажилладаг. Гэхдээ хүмүүсийн сонголтыг олон болгох шаардлагатай. Ганц нийтийн тээвэр гэлтгүй янз бүрийн технологи оролцсон сонголттой үйлчилгээнүүдийг бий болгох хэрэгтэй. Одоогийн хүмүүсийн хэрэгцээ нийгмээ дагаад их өөрчлөгдсөн. Өмнө нь бид тогтсон хуваарьтай, очих тогтсон газартай байсан. Тэгэхээр нийтийн тээвэр байх шаардлагатайгаас гадна ашигтай байсан. Харин одоо нэг хүн гэрээсээ гарсан бол замдаа ийшээ оръё, одоо ингэе гээд олон ажил амжуулдаг. Тэгэхээр нийтийн тээвэрт олон, дахин бууж, суугаад явах боломжгүй. Хүмүүс замдаа хүүхдээ хүргэнэ, дэлгүүр, банк орно, хүнтэй уулзана, ажил амжуулна. Тэр бүхэнд нийтийн тээврээр явахаар хүндрэлтэй. Өөрөөр хэлбэл, одоогийн нийгмийн амьдралын хэмнэл, хэвшил өөр болсон учраас метро барьсан ч хүмүүс машинаа орхиод нийтийн тээвэр үү шилжинэ гэж бодохгүй байна. Хүний амьдралын тогтсон зуршлыг тийм амархан өөрчилнө гэж байхгүй.
Хүмүүсийн эрэлт хэрэгцээ машинаас хамааралтай нийгэм болчихоод байна. Мөн технологиос хамааралтай болсон. Тиймээс уян хатан, олон сонголттой үйлчилгээг нийгэм шаардаад байна. Тэгэхээр үүнийгээ дагаад Нэг шугамтай,нэг хуваарьтай,сонголтгүй үйлчилгээ багасаад байгаа гэж ойлгож болно.
-Манайх түгжрэлийг бууруулахаар олон арга хэмжээ авч байна. Нийслэлд авто машины дугаарыг шинээр олгохгүй, түгжрэлийн төлбөртэй бүс тогтоох гэх мэт. Тэгвэл энэ аргууд түгжрэлийг бууруулах арга хэрэгсэл болж чадах уу?
-Энэ бүхэн түгжрэлийг бууруулах арга хэрэгсэл болох уу, үгүй юү гэдгийг хамгийн доод нэгжээсээ эхлээд тээврийн системийн эрэлт хэрэгцээ, нийлүүлэлтийн нарийн судалгаа хэрэгтэй. Судалгаагаа маш сайн боловсруулж, аваад, математик загварчлалаа сонгоод, энэ бодлого нь ажиллах уу, үгүй юү гэдгийг шалгадаг нийтийн тээвэрт хэрэглэдэг маш олон программ, платформуудыг ашиглаад туршиж үзэх хэрэгтэй. Шууд амьдралд хэрэгжүүлээд олон хүний нерв бараад, цаг мөнгө зарцуулахгүйгээр программууд дээрээ туршаад, олон янзын тест гараад шалгаж үзэх хэрэгтэй. Тэгэхээр улстөрөөс ангид байгаад мэргэжлийн залуусыг олноор ажиллуулах шаардлагатай байгаа юм.
-Та нийслэлийн төлөвлөлтийн багийнхантай уулзсан гэж байна. Тэгвэл манайх урт хугацаагаар, бодитой төлөвлөж чадаж байна уу?
-Миний энд ашигладаг стандартын өгөгдөл судалгаа нэг ч хараагүй. Тийм судалгаа байхгүй гэсэн үг. Одоо дэлхийн улс орнууд бараг хэрэглэхээ больсон бүсийн хэмжээний макро тоо гаргаж өгдөг, аргачлалын хувьд хоцрогдсон загварууд байсан. Мэдээж манайхаас суралцъя гэсэн саналууд зөндөө тавьсан. Суралцах, туршлага судлах үнэхээр их боломж байгаа. Яагаад гэхээр манайд суурь боловсрол, математик, IT салбарууд нэлээд сайн хөгжсөн. Тиймээс мэргэжилтэн бэлтгэхэд асуудал байхгүй. Хамгийн гол нь төр засгийн дэмжлэг, бодлого хэрэгтэй.
Япон болон дэлхийн бусад улс оронд сурч байгаа хот, тээврийн чиглэлээр төгссөн мэргэжлийн хүмүүс надтай холбогддог. Монголд энэ чиглэлээр ажиллаж байгаа залуус мөн Улаанбаатарынхаа асуудлыг шийдье гээд холбогддог. Энэ залуусын хэсэг нь хотын шинэ даргатай уулзсан гэсэн.
Бидний хувьд мэргэжлийн баг бүрдүүлэх ажил явж байгаа. Хамгийн гол нь төсөв зардлаа гаргаад судалгаагаа стандартын дагуу аваад техник төхөөрөмж, программ хангамж аваад явбал болно.
Мэргэжлийн хүнээр судалгаатай хийлгэвэл гуравхан сая хүний асуудлыг шийдэж чадна. Гурван сая хүний хагас нь л Улаанбаатарт амьдарч байгаа шүү дээ. Гэтэл миний ажиллаж, амьдарч байгаа газар 19 сая хүн, 16 сая машин, нийт 60 гаруй сая хөдөлгөөн өдөрт хийгдэж байна. Үүний хажууд Улаанбаатарын хөдөлгөөн, хүн амын тоо бол маш жаахан. Асуудлыг шийдэхэд амархан. Хамгийн гол нь дэмжлэг, санхүү, тууштай байдал дутагдаад байгаа.
Монгол IT салбар их хөгжөөд байна гэдэг. Одоо үүнийгээ бусад салбарууд руугаа оруулах хэрэгтэй байгаа юм. Салбар хооронд нэгдэж ажиллахгүй, бүх зүйл нь тусдаа явж байна. Мөн тээврийн систем гэж огт байхгүй. Системээрээ бодож системээрээ асуудлаа шийдэх ёстой.
-Таны цаашдын зорилго юу байна. Монголдоо ирэх үү?
-Мэдээж хамгийн их санаа зовоож байгаа зүйл бол Монголын түгжрэл, хөгжлийн асуудал. Гэхдээ заавал Монголд очиж байж өөрчилнө гэсэн юм байхгүй. Эндээс яаж хувь нэмрээ оруулах вэ гэдэг чухал. Миний хувьд Японд сургууль төгссөн, энэ чиглэлээр дэлхийн олон сургуульд ажилласан, энэ чиглэлийн мэргэжлийн том, том профессоруудтай баг болоод ажиллаж байсан. Тиймээс Монголд мэргэжлийн баг бүрдүүлж өгөх боломж надад бүрэн бий. Жишээлбэл, Монголын их сургуулиудыг Японы их сургуулиудтай холбох, туршлага судлаад, богино хугацааны сургалтууд явуулаад, мэргэжлийн баг бүрдүүлэх нь миний оруулах хамгийн том хувь нэмэр гэж бодож байна.
Мөн би өөрөө ажлынхаа хажуугаар энд амьдарч байгаа монголчууд руугаа чиглэсэн ажлыг сүүлийн гурван жил хийж байна. Америкт сурч, хөгжиж байгаа хүүхэд залуучуудад зөвлөгөө өгөх, дараагийн ажил мэргэжлээ сонгоход нь туслах, чиглүүлэх ажил хийдэг. Хүүхүүд эхнээсээ хүссэн сургуульдаа ороод, амжилт гаргаж байна. Эндээс Монголоо хөгжүүлэх мэргэжилтнүүд төрөн гарна гэдэгт итгэдэг. Энэ жил нэг хүүхдийг хот төлөвлөлт,инженер- н мэргэжил рүү чиглүүлсэн. Саяхан Калифорнийн Их Сургуулийн, Berkeley – сургуульд тэнцэн орсон. Berkeley- ухаалаг хот байгуулах чиглэлээр улсдаа тэргүүлдэг.
Мэргэжлийн хүнээр судалгаатай хийлгэвэл гуравхан сая хүний асуудлыг шийдэж чадна. Гурван сая хүний хагас нь л Улаанбаатарт амьдарч байгаа шүү дээ. Гэтэл миний ажиллаж, амьдарч байгаа газар 19 сая хүн, 16 сая машин, нийт 60 гаруй сая хөдөлгөөн өдөрт хийгдэж байна. Үүний хажууд Улаанбаатарын хөдөлгөөн, хүн амын тоо бол маш жаахан. Асуудлыг шийдэхэд амархан. Хамгийн гол нь дэмжлэг, санхүү, тууштай байдал дутагдаад байгаа. Монгол IT салбар их хөгжөөд байна гэдэг. Одоо үүнийгээ бусад салбарууд руугаа оруулах хэрэгтэй байгаа юм. Салбар хооронд нэгдэж ажиллахгүй, бүх зүйл нь тусдаа явж байна. Мөн тээврийн систем гэж огт байхгүй. Системээрээ бодож системээрээ асуудлаа шийдэх ёстой.
-Та мэргэжлийн баг бүрдүүлж өгөх, монголтой энэ чиглэлийн мэргэжлийн хүмүүсийг холбох бүрэн боломжтой гэлээ. Ер нь энэ чиглэлээр хэр зэрэг мэргэжилтэн бэлтгэгдэж байна вэ?
-Энд байгаа залуусыг Монголд хувь нэмэр оруулах, Монголд байгаа залуусыг нааш нь авчрахад надад хэд хэдэн бэрхшээл тохиолддог. Хамгийн түрүүнд Монголоос наашаа юм уу, Япон руу сурахаар ирэх гэж байгаа хүүхдүүдэд хэлний бэлтгэл байхгүй. Хэл гэж том саад байна. Харин энд сургууль төгссөн хүүхдүүдийн математекийн мэдлэг нь сул.
-Тэгвэл Монголд сурч төгссөн залуусын математикийн мэдлэг сайн гэсэн үг үү?
-Яг одоогийн түвшин ямар байгааг сайн хэлж мэдэхгүй байна. 10,20 жилийн өмнө бол үнэхээр сайн байсан. Манай хүүхдүүдийн суурь мэдлэг сайн байсан учраас хэлнээс бусад асуудалгүй байсан.
-Манай улстөрөөс ч болдог юм уу боловсролтой, чадалтай хүмүүсээ эх орондоо байлгаж чадахгүй гадагшаа алдаад байна. Ид хөдөлмөрийн насны залуусаа ч алдаад сүүлдээ хүний нөөцийн асуудал тулгамдсан асуудал боллоо. Үүнийг та хэрхэн харж байна вэ?
-Залуучууд тогтвортой ажлын байр, баталгаа байхгүй болохоор эх орноосоо гарч байгаа боловч хамгийн том шалтгаан нь гэр бүл болоод үр хүүхэдтэй болоход хүүхдүүдийнх нь ирээдүй, сургууль, эрүүл мэнд, агаар гэдэг зүйлээс болж л гарч байгаа. Түүнээс залуус ажлын байр, эрүүл орчин, боловсрол сайн бол гарахгүй байх. Энд байгаа хүмүүс бүгд Монгол руугаа гэсэн сэтгэлтэй байдаг. Монгол зөв бодлоготой, иргэнээ гэсэн бодлоготой болбол маш олон залуус буцаад очно гэж итгэдэг.
-Ярилцсанд баярлалаа.