С.Бямбацогт: “Эрдэнэс Монгол”-оо Монголын бүх замыг эзэмшиж, яах гээд байгаа юм?
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийн хэлэлцүүлэг өрнөж буй. Өчигдрийн чуулганд УИХ-ын гишүүн, Зам, тээвэр хөгжлийн сайд С.Бямбацогт зарчмын зөрүүтэй саналаар байр сууриа илэрхийлсэн. Түүний асуултад хуулийн төслийг боловсруулах ажлын хэсгийн ахлагч УИХ-ын гишүүн Б.Баттөмөр, Эдийн засгийн байнгын хорооны дарга, УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Наранцогт нар хэрхэн хариулсан протоколыг хүргэе.
—————————————————————————————————–
УИХ-ын гишүүн С.Бямбацогт:
-Парламент Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг хэлэлцэж эхэлсэн. 2019 онд бид Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан. Үүний гол агуулга нь бид байгалийн баялгийн өгөөжийг Монголын ард түмэнд тэгш хүртээнэ гэж оруулж, баталсан. Тэр дагуу Засгийн газраас Баялгийн сан байгуулах хуулийн төслийг яаралтай горимоор өргөн мэдүүлж хэлэлцэж байна. Гэтэл Засгийн газрын өргөн мэдүүлсэн төслөөс ангид, тэс хөндлөн заалтыг ажлын хэсэг оруулж иржээ. Өөрөөр хэлбэл, хуулийн төслийн үзэл баримтлалд тусгагдаагүй, хамрах хүрээнээс хэтэрсэн ийм заалт оруулж ирж хуулийг гууль болгох гэж байна. Нуухыг нь авах гээд нүдийг нь сохлох гэж байна. Иргэд хурдан хугацаанд баялгийн сангаа байгуулж, байгалийн баялгаасаа хүртмээр байна. Гэтэл байгалийн баялгийн өгөөжөөс гадна, төмөр зам, автозамын компаниудын орлогыг төвлөрүүлнэ. Удирдлага зохион байгуулалтыг “Эрдэнэс Монгол” компани хангана гэдэг заалт тусгажээ. Ийм байж болохгүй, чухал хуульдаа би хариуцлагатай хандмаар байна. Тэр АЗЗА-гаар яах гээд байгаа юм. Зам засдаг компани болохоос орлого олдог компани биш. Гашуун сухайтын замыг өнөөдөр “Эрдэнэс Монгол” компани эзэмшдэг. Өдөртөө 1000 машин явж, 540 мянган төгрөгийн хураамж төлдөг. Жилдээ 350 тэрбумын орлого олдог. Тэгээд замаа засдаггүй. “Эрдэнэс Монгол” компанийн хэдэн ажилчдын цалинг л тавьдаг. “Эрдэнэс Монгол” компанийг авч үлдэж, хэдэн саяар нь цалин авахын тулд ингэх гээд байгаа юм уу. Бүх замуудыг, бүх төмөр замыг авч яах гээд байгаа юм. Мөн “Улаанбаатар төмөр зам” ХК-ийн Монголын тал 50 хувийг эзэмшдэг. Бид “Улаанбаатар төмөр зам”-ыг авч чадахгүй байгаа биз дээ. Түүний орлогыг авах уу. Энэ Төмөр замын компаниуд гээд. Асуудлыг ийм байдлаар оруулж ирмээргүй байна. Өмнө нь С зөвшөөрлийн асуудлыг ярьсан. АТҮТ дээр байж болохгүй байна. Авлига боллоо гээд. Одоо С зөвшөөрлийн авлига нэг хоёр саяар тооцогддог байсан бол 20-30 сая болчихлоо. Би энэ индэр дээрээс шүгэл үлээж байна. Энэ авлига уул уурхайн компаниуд С зөвшөөрөл өгдөг болсноос хойш бий болсон. Өмнө нь ч би Халтар сайд аа, төмөр зам дээр чинь 500 саяын авлига яваад байна шүү гэж сайд биш гишүүн байхдаа шүгэл үлээсэн. Үнэхээр тийм байсан, баригдсан. Нүүрсний хулгай байна шүү гэж шүгэл үлээсэн. Өнөөдөр энэ хулгай ямар байсныг Монголын ард түмэн бүгд мэддэг болчихлоо. Одоо та нар АЗЗА, Төмөрзамаа бүгдийг нь “Эрдэнэс Монгол” дээрээ аваад нэртэйгээр нь Зам тээврийн яамаа татан буулгачих л даа. Ганцхан агаарын тээврийн яам гээд нэрлэчих. Ийм байдлаар Баялгийн хуулийн үндсэн үзэл баримтлалыг гуйвуулж, чононд хонины арьс нөмрүүлсэн заалт оруулж ирж болохгүй.
УИХ-ын гишүүн Б.Баттөмөр:
-Монголын бүх замыг авна гэсэн ойлголт байхгүй ээ. С.Бямбацогт сайд аа. Ажлын дэд хэсгээс Гашуун сухайтын автозам 100 хувь “Эрдэнэс Таван толгой” ХХК-ийн мэдэлд байна. Гашуун сухайтын төмөр замын 66 хувь нь “Эрдэнэс Монгол” компанид байна. Тиймээс технологийн зам нь “Эрдэнэс Таван толгой” ХХК компанийн мэдэлд байх нь зөв юм уу гэдэг санал оруулж, дэмжигдээд явж байна. Ер нь уул уурхайн том компаниуд “Эрдэнэс Монгол”-д, бодлого нь Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамд байгаа. Энэ зам бол “Эрдэнэс Монгол” компанид очсоноороо бодлого алдагдахгүй байх. Энэ зөвхөн удирдлага гэсэн үгэнд С.Бямбацогт сайд эмзэглээд байх шиг байна.
УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг:
-С.Бямбацогт сайдын асуултад хариулъя. Байнгын хороонд дэмжигдээд явсан хоёр үндэслэл байгаа юм. Ер нь энэ яамдад компаниуд байдаг нь зарчмын хувьд буруу. Өнөөдөр энэ жишиг байна. Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам бүх компаниудыг авч ирээд байлгая, бодлого алдагдаад байна гэвэл төрийн өмчийн оролцоотой Оюутолгой гээд бүх том компаниуд салбарын яаманд байж болно л доо. Гэхдээ өнөөдөр салбарын яам нь бодлогоо барьж, компаниуд нь үйл ажиллагаагаа бие даан шийдвэрлээд явах зарчим бусад яаманд үйлчлэх ёстой гэдэг үүднээс энэ асуудал байж болох нь ээ. Энэ компаниуд яаман дээр байдаг нь буруу. УУХҮЯ жишиг тогтоон ажиллаж байна. Хоёрдугаарт, энэ бол “Тавантолгой” компанийн хөрөнгө оруулалт хийсэн хөрөнгө оруулалтаа олж авах ёстой. Нийт 3.4 сая хувьцаа эзэмшигчдэд 3.8 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, хувьцааны үр ашиг нь нэмэгдэнэ гэж хэлж хөрөнгө оруулсан компаниуд өнөөдөр Таван толгой, Гашуун сухайт гээд ажиллаж байна. Эдгээр нь “Эрдэнэс Монгол” компанийн бүрэлдэхүүнд байх ёстой.
“Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Наранцогт:
-С.Бямбацогт сайдад буруу мэдээлэл өгсөн бололтой. Нэгдүгээрт, ажлын хэсгийн үед Баялгийн сангийн орлогыг тогтвортой байлгах асуудал бүлэг дээр уул уурхайн төрийн өмчит компаниуд, эдгээрийн удирдлага зохион байгуулалт нэгдмэл байж, орлого, ногдол ашиг нэгдсэн байдлаар төвлөрч, сангийн орлого бүрдэх үзэл баримтлалын хүрээнд тодорхой салбаруудын нэр орж явсан. Энэ үед ажлын хэсгийн хүрээнд ярьж байгаад манай өөрийн хөрөнгө оруулсан, Хөгжлийн банкны 239 тэрбум төгрөгийн өрийг төлсөн Гашуун сухайт авсан. Бүх хөрөнгө оруулалтыг оруулсан “Таван толгой төмөр зам” компанийн үг үсэг алга байна гэдэг утгаараа авто зам, төмөр зам гэдэг үг орсон юм. Энийг бүх авто тээврийн зам орох гэж байна гэж буруу ойлгосон байна. Хоёрдугаарт, Гашуун сухайт замын талаар салбарын сайд тэнгэр газар шиг тоон мэдээлэлтэй явдаг юм байна. Жилдээ дунджаар 60 орчим тэрбум төгрөгийн орлого олдог зам. Хөгжлийн банкны өрийг төлөөд замын зардалд есөн жилийн хугацаанд 169 сая төгрөгийг зарцуулсан байдаг. Нийт 87 тэрбумаар замын засварыг хийсэн. Өнгөрсөн жил 25 тэрбумаар зам зассан. Улсын хэмжээн дэх зам засварын төсвөөс илүү тавигдсан. Энэ жил тэр хэмжээний зам засна. Орсон орлогын 10 хувь нь л Эрдэнэс Монгол болсон охин компаниудын санхүүжилтэд зарцуулдаг. Замын хувьд хоёр авто зам, нэг төмөр замын л асуудал байгаа. Өөр асуудал байхгүй гэлээ.
Эх сурвалж: “Зууны мэдээ”