Ц.Сосорбарам: Сэлбэ гол үерлэхээс сэргийлж буй арга хэмжээнүүд үр дүнтэй байна
Сүүлийн жилүүдэд уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалан байгалийн гамшигт үзэгдлийн давтамж нэмэгдсээр байна. Өнгөрсөн зун их усны үер тохион Сэлбэ гол үерийн аюултай түвшинд хүрч, их хэмжээний хохирол дагуулсан. Тэгвэл энэ жил Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас Сэлбэ голд шар усны үер, халиа тошингоос сэргийлж мөсийг хагалан зөөж, голын голдиролыг хаасан барилгыг нурааж буй. Мөн Цаг уурын байгууллагаас ирэх зун хур ихтэй жил болно хэмээн мэдээлээд байна. Сэлбэ голд дахин үер болох эрсдлээс хэрхэн сэргийлж болох арга замуудын талаар Аж үйлдвэрийн гавьяат ажилтан, Монгол Улсын усны зөвлөх инженер, техникийн ухааны доктор Ц.Сосорбарамаас тодрууллаа.
Тэрээр “Монгол Улсад 1997-2005 оны үед 10-12 жилийн давтамжит хур борооны татралт болсон. Үүнээс үүдэн 5000 гаруй гол, горхи, нуур, цөөрөм ширгэж, 23 сая мал хорогдож, 43 мянган хүн орон нутгаас Улаанбаатарт суурьшиж байв. Тухайн үед Сэлбэ голын хөндийн намаг хатаж, ус нь урсахаа больсон. УИХ-ын Байнгын хорооноос энэ асуудалд арга хэмжээ авахыг Усны газарт даалгаж байлаа. Сэлбэ голын нийт усны 10 гаруй хувь нь Сибирийн мөнх цэвдгээс сэлбэгддэг. Тухайн үед хиймэл нуур байгуулах санхүүгийн боломжгүй байсан учраас Усны Газраас мөнх цэвдгээс ус сэлбэх нөөцийг нэмэгдүүлэх арга хэмжээ авсан.
Гэхдээ дараа дараагийн жилүүдэд хур тунадасны давтамж ихсэж, уулын уруй болон их усны үерийн давтамж нэмэгдсэн. Мөн тухайн үед хот төлөвлөлтгүйгээр Сэлбэ голын эх болон дагуу замбараагүй их газар олгосон. Энэ буруу шийдвэр, хот төлөвлөлтийн үр нөлөөг өнөөгийн хотын захиргааны залуучууд үүрч байна. Цаашид инженерийн шийдлээр үерийн далан байгууламж барин урьдчилан сэргийлэх арга хэмжээг авах гэж буйд баяртай байна.
Голын голдирлыг хааж барьсан барилгуудыг буулгах нь зөв.
Өнгөрсөн зун 60 жилд нэг тохиодог их үер Сэлбийн голд болсон. Тус их үерийн гуравны хоёрыг Сэлбэ голын эхэнд байгуулсан хиймэл нуур авч үлдсэн юм. Гэтэл үерийн үлдсэн нэг нь л хотын дундуур урсахад ямар их хохирол учруулсныг иргэд мэдэж буй. Тэгэхээр голын голдирлыг хааж барьсан барилгуудыг буулгах нь зөв. Үүнээс гадна гол дагуух барьсан орон сууц, хашаа байшингаас шалтгаалж голын чөлөөтэй урсах урсцыг боож халиа тошин үүсээд байгаа юм. Халиа тошин нь шар усны үер болж жорлон, хог зэргийг хамж урсан халдварт өвчин гарах эрсдэлтэй. Харин ч энэ хаврын шар усны үерийг бага хохирлоор даван туулж Сэлбэ гол үерлэхээс сэргийлж буй арга хэмжээнүүд үр дүнтэй байна. Цаашид инженерийн зөв шийдлээр ажиллах ёстой.
-Сэлбэ голд шар усны үер болохоос сэргийлж мөсийг нь хагалж зөөсөн. Ер нь үерээс сэргийлэхийн тулд ямар инженерийн шийдлүүд байдаг вэ?
-Уулын голуудын халиа тошин үүсэхээс сэргийлэх хоёр инженерийн шийдэл бий. Нэгдүгээрт, голыг хөндлөн боох буюу урсцыг тохируулна. Өөрөөр хэлбэл үерийн усыг нь халиулж, шинээр байгууламж барин доогуур нь урсгах боломжтой. Хэрвээ зарим жил хатаж ширгэсэн тохиолдолд экологийн зардлыг нэмж өгөн шийддэг. Хоёрдугаарт, гол дагуу үерийн далан, боомт байгуулах инженерийн шийдэл бий.
Хот байгуулахын гол чухал зүйл нь усны хангамж, татралт, хөнөөлийг шийдэх асуудал байдаг.
Түүнчлэн түр зуурын буюу хуванцар болон шуудайтай элсээр үерийн даланг хүчитгэж болно. Хаврын халиа тошин, шар усны үерт өртдөг зургаан орон бий. Үүнд, ОХУ-ын Сибирь, АНУ-ын Аляск, Канадын хойд хэсэг, Норвеги, Шведийн хойд бүс, Монгол улс багтана. Тэгэхээр бид байнга л энэ асуудалтай тулгарна гэсэн үг. Хөгжингүй орнууд халиа тошинтой хэрхэн тэмцдэг вэ гэвэл нэгдүгээрт голын мөсийг тэсэлж, урсцыг чөлөөтэй болгодог. Гэвч энэ аргыг хот дотор явуулах боломжгүй. Тийм учраас хот дундуур урсдаг голын мөсийг механик аргаар буюу экватороор хагалаад зөөх арга байна. Мөн химийн бодис гол дээгүүр цацаад хурдан хугацаанд мөсийг хайлуулдаг. Энэ аргыг жижиг голд хэрэглэх нь тохиромжгүй.
Хот суурьшлын амин сүнс бол ус. Дэлхийн бүх соёл иргэншил, хотууд гол мөрнийг даган бий болсон байдаг. Хот байгуулахын гол чухал зүйл нь усны хангамж, татралт, хөнөөлийг шийдэх асуудал байдаг.
Дэлхийн хаана ч газар хөдлөлт, цунами, галт уул дэлбэрэлт, үер зэрэг байгалийн гамшгийг таамаглахад хэцүү бөгөөд гэнэт л тохиолддог. Монгол Улсад гурван төрлийн үер болдог. Халиа тошин, уруйн үер, их усны үер. Их усны үерийг урьдчилан таамаглах хэцүү учраас бэлэн байдлаа хангах шаардлагатай. 1966 онд тохиосон их үерээр Туул гол дагуу үерийн байгууламж барьсан. Энгийн иргэн харахад ямар ч ашиглагдах боломжгүй барилга байгууламж шиг харагддаг. Гэтэл үерийн далан бол 100 жилд нэг удаа аминд орох маш чухал байгууламж юм. Тиймээс усны болон хот төлөвлөлтийн инженер маш хэрэгтэй мэргэжил.
-Сэлбэ голын эхэнд хиймэл нуур байгуулсан гэлээ. Ач холбогдол нь юу вэ?
-Энэ усан сан буюу хиймэл нуурыг өнгөрсөн оны долоодугаар сард барьж дууссан. Уг ажил дөрөвдүгээр сард дуусах байсан ч олон бэрхшээлтэй тулгарсан. Усны ажил дулааны улиралд л явагддаг. Энэ усан сан байгуулагдсанаар Сэлбэ голын урсцыг тохируулах, хатаж ширгэсэн тохиолдолд экологийн зардлыг хэмнэж усаар тэжээх, үер болохоос сэргийлэх ач холбогдолтой. Ойр орчимд ой хээрийн түймэр болоход усны нөөцийг бий болгож буй юм.
Мөн хиймэл нуурын эрэг дагуу иргэдийг амарч зугаалах боломжтойгоор тохижуулна. Инженерүүдийн тооцооллоор уг усан байгуулагдаад нэг жил зургаан сарын хугацаанд усаар дүүрнэ гэж байсан. Гэтэл өнгөрсөн зун үер тохиож гурав хоногт л дүүрсэн. Хэрвээ Сэлбийн эхэнд боомт, хиймэл нуур байгуулаагүй бол үерийн хохирол маш их байх байсан. Дэлхийн бүх улсад голын урсац тохируулгын усан сан байдаг. Жишээ нь Япон манай улсын газар нутгаас дөрөв дахин жижиг боловч голын урсац тохируулгын 67 мянган усан сантай.
-Мэдээлэл өгсөнд баярлалаа.