Ирэх сонгуулийн өнгийг шинжихүй
Энэ жил Дэлхийн долоон тэрбум хүний 41 хувь нь сонгуульд оролцох их сонголтын жил. Өөрөөр хэлбэл, Дэлхийн 70 гаруй улсад сонгуулийн кампанит ажил өрнөж байгаа бөгөөд хүн амаараа тэргүүлэгч Бүгд Найрамдах Энэтхэг Улсад бүх нийтийн сонгуулийн кампанит ажил эхэлж, санал хураалт энэ сарын 19-нд эхлэх товтой байна. Тус улсын СЕХ-ны мэдээлснээр бүх нийтийн сонгуулийн санал хураалтыг зургаан долоо хоногийн турш долоон үе шаттайгаар явуулж, сонгуулийн дүнг зургадугаар сарын 4-нд танилцуулах ажээ. Улсын хэмжээнд 960 сая гаруй хүн санал өгөх нэг сая гаруй сонгуулийн хэсэг байгуулсан байна.
Харин 3.5 сая хүнтэй Монгол Улсын хувьд энэ жилийн сонгуульдаа хэдийн бэлтгээд эхэлсэн. Ирэх зургадугаар сарын 28-нд бид УИХ-ын ээлжит сонгуулиа зохион байгуулах бол аравдугаар сарын 11-нд аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулиа хийхээр товлоод байна. Улс төрийн намуудын үйл ажиллагаа эхэлж, дунд шатны байгууллагууд нь намын үүрээ байгуулах ажилдаа орчихсон харагдана.
Энэ жилийн сонгуулийн хувьд “өөр” сонгууль болно. Учир нь Үндсэн хуульдаа сонгуулийн холимог тогтолцоогоо тусгаж өгсөн, УИХ-ын гишүүдийн тоог нэмсэн, Улс төрийн намын тухай хуулиа шинэчилсэн, сонгуулийн тойргоо шинээр зурчихсан гээд олон өөрчлөлт шингээсэн сонгууль болно. Хүн ам цөөхөн ч өргөн уудам газар нутгаа бүсчилж хуваасан нь магадгүй зөв шийдэл байж болох ч нэр дэвшигчдийн хувьд том сорилт болох нь мэдээж. Юутай ч тоглоомын дүрэм ийн зурагдсан. Харин өөрчлөлтийг ингэж хийгээд байгаад хөдөө аглагт суугаа малчид, хотын захын дүүрэгт амьдарч байгаа иргэд маань хангалттай сайн мэдэж байгаа болов уу. Гурван аймгийг нэгтгэсэн 10 мандаттай бүсэд амьдардаг сонгогч нэг удаадаа 10 нэр дугуйлж, түүний хажуугаар намын жагсаалтыг харгалзан нам дугуйлах талаар ойлголтгүй сууж байхыг үгүйсгэх аргагүй. Сонгуулийн холимог тогтолцоог сонгохдоо нэг саналын үнэ цэнийг нэмэгдүүлэх зорилго агуулж байсан бол сонгогчийн мэдлэг ойлголт тааруу байх нь хүчингүй саналын хуудас эрс нэмэгдэх эрсдэл дагуулж буй. Богинохон ч үлдсэн цаг хугацаанд улс төрийн намууд, иргэний нийгмийн байгууллагууд, төрийн холбогдох нэгжүүд сонгогчийн боловсролд чиглэсэн үйл ажиллагааг эрчимжүүлээсэй л гэж хүсэж байна.
Ийн санаа зовнихын зэрэгцээ ирэх жилийн сонгуулийн өнгийг сайнаар төсөөлөх шалтгаан олон бий. Олон удаагийн хэлэлцүүлгийн үр дүнд парламентын төлөөлөх чадвар, нэг саналын үнэ цэнийг нэмэх сонгуулийн тогтолцоо, Сонгуулийн тухай хууль, улс төрийн намын төлөвшил, санхүүжилтийг шийдсэн Улс төрийн намын тухай хуулийг өнгөрсөн хавар баталж чадсан. Нэг нам хэт олонх байгаа үед олон жил хүлээгдсэн энэ мэт өөрчлөлтүүд хийгдсэн нь олон хардлагыг дагуулж байгаа ч ямартаа ч өөрчлөлтийг эхлүүлснийг мартах учиргүй. Харин сонгуулиар цаашид хэн засгийн эрхэнд гарснаас үл хамааран энэ өөрчлөлтүүд үргэлжлэх л учиртай.
Юуны өмнө улс төрийн намууд сонгуульдаа хэрхэн бэлтгэж байгааг анхааралтай ажиглаж байгаагийн хувьд ирэх жилийн сонгуулийн өнгийг шинжээд үзье. УИХ-д суудалтай намуудын хувьд энэ жилийн сонгуулийг арай өөр жишгээр хийхээр хичээж буй нь илт анзаарагдаж байгаа ч үг үйлдэл нь зөрөхгүй гэх баталгаа бас л байхгүй. Улс төрийн хуучин соёлоос олон нийт залхаж, шинэ жишиг, шинэ хүмүүс, шинэ соёл хүлээж байгааг эрх биш тэд гадарлаж буй.
Анх удаа 27 нам, эвсэл УИХ-ын сонгуульд оролцохоо илэрхийлж, мөрийн хөтөлбөрөө Үндэсний аудитын газарт хүргүүлээд байгаа. Өнгөцхөн харвал 126 суудлын төлөө, намын жагсаалтын төлөө ийн хөдөлгөөнд орсон мэт харагдах боловч эцсийн дүндээ олон намын тогтолцоог дэмжсэн хуулийн өөрчлөлтийн л бодит илрэл. Монгол хүн бүр Үндсэн хуулиар олгогдсон эвлэлдэн нэгдэх, сонгогдох эрхээ эдлэхээр идэвхижсэнийг буруутгаж, элдвээр шүүх эрх бидэнд байхгүй. Харин энэ олон өнгө дундаас сонголтоо зөв хийж, тэнцвэртэй парламент бий болгох нь сонгогч бидний ажил. Сонголт арвин сонгууль болох нь ээ.
Улс төрийн намуудын лидерүүдийн үг, үйлдлээс тодрох нэг агуулга бол нийгмийн бүлгийн төлөөллийг хангасан, олон өнгө хосолсон парламент бий болгоход манлайлан ажиллана гэдгээ удаа дараа мэдэгдээд буй. Үе үеийн сонгууль зангиатай хөрөнгөлөг эрчүүдийн өрсөлдөөний талбар байсаар ирснийг хүлээн зөвшөөрч, одоо Дэлхий нийтийн жишгийг дагаж, олон нийтийнхээ хүлээлтэд нийцүүлэхээр зэхэж буй бололтой. Тэгэхийн тулд залуучууд, эмэгтэйчүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, мэргэжлийн бүлгийн төлөөллийг тэргүүн магнайдаа барьж, сонгуульд оролцох нь намуудад давуу тал авчирна.
Эрх баригч намын сүүлийн үеийн томилгоонууд боловсролтой залуу эмэгтэйчүүдээр хүрээгээ тэлж байгаа бол АН залуу үеийн төлөөллийг намын эрх барих байгууллагадаа оруулснаа зарлаад буй. Харин ХҮН нам нэр дэвшүүлэхдээ хүйсийн харьцааг 50:50 хувь байлгахаар зорьж буйгаа зоригтой илэрхийлсээр байна.
Ухарч ч болдоггүй, урагшилж ч чадахгүй улс төрийн намуудад магадгүй үүнээс өөр гарц үлдээгүй биз. Намаар дамжуулж, төр улсаа байгуулдгийн хувьд намын үүргийг тодотгож, хариуцлагыг чамбайруулах нь л чухал болохыг одоо бид ойлгож авсан. Намаас бүх зүйл эхэлж, намаар дуусаж байна.
Уг нь бид өнгөрсөн хавар батлагдсан Сонгуулийн тухай хуульдаа сонгуулийн зардлыг бууруулах хэд хэдэн дэвшилтэт өөрчлөлт хийсэн. Гэвч эрх баригч нам сонгуулийн тойргоо зурахдаа энэ зарчмаасаа ухарчихсан. Яаж ч хашхираад нэмэргүй нөхцөл байдалд бүгд уначихсан гэхэд болно. Тоглоомын дүрэм ийн зурагдсан нь улс төрийн намуудын манлайлал, хүсэл зориг, сонгогчдын идэвх санаачилгаас их зүйл шалтгаалахаар болгочхов. Нэр дэвшигчдийг мөнгө гэж харах хандлагаасаа эхлээд бидэнд өөрчлөх зүйл их байна. Нам нь ч тэр, сонгогчид нь тэр энэ хандлагаасаа салахгүй бол мянга сайн хууль батлагдаад ч гууль болж хувирах нь гарцаагүй.
Эцэст нь хэлэхэд энэ жилийн сонгууль сонирхолтой хийгээд содон болох нь. Өнгө будаг нь тэгш хосолсон зураглал үзэмж гоо харагддаг шиг олон өнгө хосолсон сонгууль Монголын хөгжлийн түүхэнд нэгэн тод “будаг” болон үлдэх нь дамжиггүй.