О.Одбаяр: Бид малыг залж амьдрах ёстой болохоос малдаа залагдах учиргүй
БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн зөвлөх О.Одбаяртай ярилцав. Тэрээр Монгол Улсын уур амьсгалын элчээр мөн ажиллаж байгаа юм.
”Өнө Мөнхийн Монгол” байгаль хамгаалах хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэхээр БОАЖЯ, The Nature Conservancy болон Монголын байгалийн өв сантай хамтран ажиллах гэрээг бямба гарагт байгууллаа. Энэ гэрээний ач холбогдол юу вэ?
-Манай улсад Байгалийн өв санг анх удаа байгууллаа. Энэ сан хараат бусаар, бие даан ажиллаж, энэ хөтөлбөрийн санхүүжилт, үр дүнг хариуцан ажиллана. Мөн энэ хөтөлбөрийн хүрээнд тусгай хамгаалалттай газар нутгийн нийт нутагт эзлэх хэмжээг 30 хувьд хүргэх зорилт дэвшүүлсэн.
Энэ хөтөлбөр Монголоос гадна зургаан оронд хэрэгжиж байна. Эдгээр нь Канад, Коста Рика, Перу, Коломб, Бутан юм. Эдгээр улсад байгаль хамгааллын тогтвортой санхүүжилт үүсгэж чаджээ. Манай улсад дээрх хөтөлбөрийг ирэх 15 жилд хэрэгжүүлэхдээ Монголын байгаль, цаг уурын онцлог нөхцөлд тохируулахаар гэрээ байгуулсан.
Өнгөрсөн намар Дубайд Уур амьсгалын өөрчлөлтийн 28 дахь удаагийн дээд хэмжээний уулзалт (COP28) боллоо. Энэ хуралд олон асуудлыг хэлэлцсэн. Байгалийн гэнэтийн үзэгдлүүд олон оронд гарсаар байна. Манай оронд зун үер усны, өвөл зудын аюул тулгардаг. Мөн цөлжилт бидний хамгийн их анхаарах асуудал болсон. Уур амьсгалын өөрчлөлт бүс нутгийн, нийт хүн төрөлхтний дундын сорилт боллоо.
Уур амьсгалын өөрчлөлт хүний эрүүл мэнд, амьдрах орчин гэх мэт олон зүйлд нөлөөлж байна. Жишээ нь хүмүүсийн стресс, агаарын бохирдол ихээхэн нэмэгдсэн.
Иймд эрчим хүчний шилжилтийг хэрхэн хурдасгах, хүлэмжийн хийг бууруулах тухай одооноос ярих ёстой. Манай улс 2050 он гэхэд хүлэмжийн хийг бууруулах үүргийг олон улсын конвенцод нэгдсэнээр хүлээсэн. Энэ онд хүлэмжийн хийн тайланг буюу аль салбар ямар хэмжээтэй үүсгэж, ямар хэмжээний хийг шингээсэн талаарх мэдээллээ хүргүүлнэ.
Бусад салбаруудаас ХАА хамгийн их хэмжээний хүлэмжийн хий ялгаруулдаг тул зохистой мал аж ахуйг хэрхэн хөгжүүлэх талаар ярих цаг болсон. Малчдын мэдлэгийг нэмэх, тэдэнд фермерийн аж ахуйн талаар зааж сургах, эдийн засгийн үр ашигтайгаар ажиллах талаар зөвлөх хэрэгтэй. Учир нь манай бэлчээрийн даац 30 сая малд хүрэлцэнэ. Гэтэл 60 саяд хүрсэн малын тоо цаашид өсөх хандлагатай байна. Хаана мал аж ахуй эрхлэх, аль нь газар тариалангийн бүс байх, эрчимжсэн мал аж ахуйг аль аймагт эрхлэх үү гэдгээ тодорхойлох шаардлагатай. 200 үхэртэй хүнээс 20 үхэртэй хүний орлого давсан тохиолдол бий тул малчид тоо биш чанартаа анхаарах цаг боллоо.
Малчид малынхаа сайн сайхны төлөө яваад байна уу? Өөрийнхөө сайн сайхны төлөө ажиллаж байна уу гэдгээ бодоосой. Бид малыг залж амьдрах ёстой болохоос малдаа залагдах учиргүй.
Энэ өвөл олон малчин малаа алдаж хохирлоо. Хэдий байгалийн гамшигт үзэгдэл болсон ч бид цаашид өөрсдөөс хамаарах зүйлээ хийх нь зөв. Мөн хойч үедээ ямар байгаль үлдээх талаар бодох хэрэгтэй.