Н.Цэрэнсодном: Амгалан дулааны станцын өргөтгөлийн төслийг төгрөгөөр санхүүжүүлснээр ТӨХК-ийг ханшийн эрсдэлд орохоос сэргийлж чадсан

0

“Ди Би Эм лизинг” ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.Цэрэнсодномтой Амгалан дулааны станцын өргөтгөлийн төслийн санхүүжилтийн талаар ярилцлаа.  

-“Амгалан дулааны станц” ТӨХК-ийн өргөтгөл өнгөрсөн долоо хоногт ашиглалтад орлоо. Энэхүү өргөтгөлийн төслийг хэзээнээс, хэрхэн эхлүүлсэн бэ?

– Амгалан дулааны станц нь анх Монгол Улсын Хөгжлийн банкны санхүүжилтээр баригдаж, ашиглалтад орж байсан. Тус станцыг 116МВт-аар өргөтгөх одоогийн төсөл нь Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж байгаа Шинэ сэргэлтийн бодлогын Эрчим хүчний сэргэлтийн зорилтод тусгагдсан, нийслэл хотын дулааны эрчим хүчний дутагдлыг нөхөх зорилготой. 2022 онд “Амгалан дулааны станц”-ын өргөтгөлийн төслийг эхлүүлэх, дулааны эрчим хүчний дутагдлыг бууруулах албан даалгаврыг Засгийн газраас Эрчим хүчний яаманд өгч байсан. Энэ хүрээнд уг төслийг санхүүжүүлэх хүсэлтийг Эрчим хүчний яамнаас Монгол Улсын Хөгжлийн банк болон Банкны охин компани болох “Ди Би Эм лизинг” ХХК-д ирүүлснээр холбогдох тооцоо, судалгааг хийж, санхүүжилт олгох шийдвэр гаргасан юм.

– “Ди Би Эм лизинг” ХХК-ийн тухайд өмнө нь ямар төслүүдэд санхүүгийн түрээс олгож байв. Энэ удаагийн станцын өргөтгөлийн төслийн санхүүжилт болон гэрээний нөхцөл, онцлог нь юу вэ?

– Төслийн нийт төсөвт өртгийн 80 хүртэлх хувийг “Ди Би Эм лизинг” ХХК-аас санхүүжүүлж байгаа. Манай компани санхүүгийн түрээс буюу лизингийн үйл ажиллагаа явуулдаг. Анх 2017 онд Монгол Улсын Хөгжлийн банкны охин компани хэлбэрээр үүсгэн байгуулагдаж, уул уурхай, хөдөө аж ахуй, эрчим хүч, зам тээвэр зэрэг эдийн засгийн тэргүүлэх салбаруудад үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж, байгууллагуудад техник, тоног төхөөрөмж худалдан авахад дунд болон урт хугацаатай санхүүгийн түрээсийн үйлчилгээг үзүүлэн ажиллаж байна.

“Амгалан дулааны станц” ТӨХК-ийн өргөтгөлийн энэ удаагийн төсөл нь манай улсад нэн шаардлагатай байгаа дулааны эрчим хүчний дутагдлыг арилгах зорилго бүхий эрчим хүчний салбарын дэд бүтцийн томоохон төсөл бөгөөд манай компани Монгол Улсад анх удаа санхүүгийн түрээсээр дулааны станцын бүтээн байгуулалтыг санхүүжүүлж байгаагаараа шинэлэг бөгөөд онцлогтой. Ер нь санхүүгийн түрээсийн үйлчилгээ хөгжсөн гадаадын улс оронд санхүүгийн түрээсээр томоохон бүтээн байгуулалтын дэд бүтцийн төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлдэг жишээ маш олон байдаг. Тухайлбал, хурдны зам, гүүр, станцын бүтээн байгуулалтыг санхүүгийн түрээсээр олгодог. Мөн манай улсад томоохон дэд бүтцийн бүтээн байгуулалтын төсөлд шаардлагатай санхүүгийн эх үүсвэрийг гадаад валютаар татан төвлөрүүлж, санхүүжилтийг олгох нь ханшийн эрсдэлийг бий болгож, тухайн төсөл нь цаашид амжилттай хэрэгжихэд багагүй хүндрэлийг бий болгодог.

Тэгвэл “Ди Би Эм лизинг” ХХК нь энэхүү төслийг санхүүжүүлэхдээ холбогдох арга хэмжээг авч хэрэгжүүлсний үр дүнд төгрөгөөр санхүүжүүлж, “Амгалан дулааны станц” ТӨХК-ийг ханшийн эрсдэлд орохоос урьдчилан сэргийлж чадсанаараа онцлог гэж харж байна.

Түүнчлэн санхүүгийн түрээсийн онцлог болон хууль эрх зүйн зохицуулалтын хүрээнд эргэн төлөлтийг уян хатан нөхцөлөөр шийдвэрлэснээс гадна Амгалан дулааны станцын үйл ажиллагааны онцлог буюу дулаан үйлдвэрлэх хугацаатай уялдуулснаараа давуу талтай байгаа.

– Өргөтгөлийн төслийг амжилттай санхүүжүүлж, ашиглалтад оруулснаар ямар давуу тал бий болж байгаа вэ. Цаашид энэхүү өргөтгөл нь бусад станцуудын ачааллыг хэрхэн хөнгөвчлөх вэ?

– Амгалан дулааны станц анх байгуулагдахдаа  116МВт-ын хүчин чадал бүхий гурван зуух, дагалдах иж бүрдлийн хамтаар ашиглалтад орж байв. Ингэснээр Улаанбаатар хотын төвийн болон зүүн хэсгийн хорооллуудын 20,000 айл өрхийн 250 орон сууцыг дулаанаар хангаснаас гадна шинээр ашиглалтад орох 40,000 айл өрх, 500 орчим орон сууцыг дулаанаар хангах боломжийг бүрдүүлсэн шинэ эх үүсвэр болж байсан юм. Өнөөдрийн байдлаар тус станц нь хүчин чадлаасаа давж ажиллаж байна. Тодруулбал, Амгалан дулааны станцын суурилагдсан хүчин чадал нь 300 Гкал/ц байгаа ба тус станцын сүлжээнээс хотын зүүн хэсгийн нийт 458.5 Гкал/ц-ийн тооцоот ачаалал бүхий хэрэглэгчдийг дулааны эрчим хүчээр хангаж байгаа юм.

Харин энэхүү өргөтгөл ашиглалтад орсноор 145 хэрэглэгчийн 73.6 Гкал/ц-ийн ачаалал буюу 12,000 орчим айл өрхийн орон сууцны шинэ хороолол, 14 сургууль, цэцэрлэгийг төвлөрсөн дулааны эрчим хүчээр хангах боломж бүрдэж байгаагийн зэрэгцээ нам даралтын халаалтын 40 гаруй зуухыг зогсоож, 32 ажлын байр шинээр бий болж байна.

Мөн ДЦС-3 ТӨХК-ийн хоёрдугаар үе шатны өргөтгөлийн ажлыг хийх хугацаанд тус сүлжээнээс хангагддаг Баянзүрх дүүргийн хэрэглэгчдийн ачааллыг Амгалан дулааны станцын сүлжээнд шилжүүлэн ажиллах боломжтой болж байгаа юм.

– Амгалан дулааны станцын өргөтгөлийн төслийн хувьд байгаль орчин, агаарын бохирдолд нөлөөлөх эерэг болон сөрөг тал юу байгаа вэ?

– Өргөтгөлийн төслийн хүрээнд бий болж буй эргэлдэх буцлах давхаргатай ус халаах зуух нь эрчим хүчний зарцуулалт маш бага бөгөөд зуухны хүхэргүйжүүлэх үр ашиг нь 98 хувиас дээш байгаа. Энэ нь дулааны эрчим хүч, төвлөрсөн халаалт, химийн болон бусад салбарын хэрэглэгчид хүлээн зөвшөөрөгдсөн хэмжээ юм. Мөн утаа сорох хоолой буюу яндан нь хоёр оролттой, хоёр талдаа шүүдэг, сэлгэн залгах боломжтой учир ашиглалтын үед зуухыг зогсоохгүйгээр ээлжлэн салгаж, засвар үйлчилгээ хийх бүрэн боломжтой. Уг төхөөрөмж нь зуухнаас гарсан утааны хийнээс үнс, тоосонцрыг 99 хувь хүртэл шүүдэг, байгаль орчинд ээлтэй технологи гэж үздэг. Түүнчлэн энэхүү өргөтгөлийн төсөл хэрэгжсэнээр 40 гаруй халаалтын зуухыг буулгаж, агаарын бохирдлыг бууруулж байгаа.

Мөн “Амгалан дулааны станц” ТӨХК нь халаалтын улиралд нүүрснээс гарсан үнсийг ДЦС- 4 ТӨХК-ийн үнсэн санд 1 тонн тутамд 5,500 төгрөг, Цагаандавааны хогийн цэгт тонн тутамд 2,080 төгрөгийн зардалтайгаар автомашинаар зөөвөрлөн хаядаг байсан бол уг өргөтгөлийн төслийн хүрээнд 7,000 метр куб бүхий дөрвөн ширхэг үнс хадгалах савыг бий болгосноор хөрсний бохирдлыг бууруулж, хуримтлагдсан үнсийг дотоодын цемент, зуурмагийн үйлдвэрт худалдах замаар орлогын нэмэлт эх үүсвэрийг бий болгож байгаа юм.

-Баярлалаа

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *