МАН жагсаалтдаа малчдын төлөөлөл Д.Гомбо-Очир, Х.Эрдэнэбулган нарыг оруулах бололтой

0

МАН жагсаалтын эхний 10-таа малчин, эмч, багш, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөллийг оруулна гэсэн мэдээлэл бий.

Тэгвэл МАН-ын жагсаалтад малчдыг төлөөлөн Гавьяат малчин Д.Гомбо-Очир, малчин Х.Эрдэнэбулган нарыг оруулахаар болжээ.

Гавьяат малчин Д.Гомбо-Очир Төв аймгийн Эрдэнэсант сумын малчин бөгөөд Засгийн газраас хэрэгжүүлж байгаа “Шинэ хоршоо” хөдөлгөөнийг дэмжин ажиллаж байгаа байгаа бөгөөд хоршооны асуудлаар их ярьдаг болсон.

Харин Х.Эрдэнэбулганы тухайд Булган аймгийн Хангал сумын малчин. Тэрээр сэтгүүлч мэргэжилтэй бөгөөд хөдөө гарч, малчин болоод дөрвөн жил болж байгаа билээ. Анх Дорнод аймгийн Хөлөнбуйр сумаас 300 толгой хээлтэгч хонь авчирч аж ахуйгаа эхлүүлж байсан бөгөөд цэвэр үржлийн цөм сүрэг бий болгох зорилготой ажиллаж байгаа талаараа хэлж байсан юм.

Сонгуулийн тухай хуулиар намын жагсаалтад орсон хүмүүс тойрогт нэр дэвшигчдийн гаргасан зардлын дунджийг намдаа өгөх ёстой. Энэ хандиваар нам жагсаалтад байгаа нэр дэвшигчдийнхээ сурталчилгааг хийх юм. Хуулийн энэ заалтаар бол жагсаалтаар нэр дэвшигчид 800 саяас нэг тэрбумын намдаа өгөх шаардлагатай болно. Гэхдээ МАН эмч, багш, малчин, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөллөөс хандив авахгүй аж.

Энэ талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “Заавал хандив өгнө гэсэн юм байхгүй. Сонгуулийн хуульд жагсаалтаар нэр дэвшигчид хандив өгч болно. Хандивын хэмжээ нь тойрогт нэр дэвшигчдийн зардлаас хэтрэхгүй байна гэж заасан. Тэгэхээр хандив өгч болно. Харин шалгараад ирсэн хүн өгөх боломжгүй гэвэл өөр арга байхгүй шүү дээ” гэсэн юм.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *