ХҮН-ЫН ХУВЬ ЗАЯА МАН-ЫН ХАЛААСАНД БАЙНА
Ард түмэн МАН, АН-аас уйдчихлаа. Улс төрд гуравдагч хүчин үгүйлэгдэж байна. Гэвч гуравдагч хүчин ойрын хэдэн жилдээ төрөхөөргүй болтол нь МАН, АН гэх хоёр нам өөрсдийгөө тунхаглачихсан гэдэгтэй маргах хүн байхгүй биз. Үзэл санаагаараа ялгарч гарч ирэх улс төрийн хүчин ч энэ цаг үед шүүрдээд үзсэн ч алга даа. Хэдийгээр одоогийн парламентад улс төрийн гурван хүчин үйл ажиллагаагаа явуулж байгаа гэх ч тэд бодит байдал дээрээ хөшигний ардуур гар барилцсан гэдэгтэй санал нийлэх хүн олон бий. Тэр тусмаа гуравдагч хүчин гэх ХҮН-ыг МАН-ын “халаас”-ны нам гэж ярьдаг болоод удаж байна.
Саяхан тус намын гишүүн НИТХ-ын төлөөлөгч Н.Энхчимэг намын гишүүнчлэлээсээ татгалзаж буйгаа мэдэгдэж, ХҮН-ыг МАН-ын утсан хүүхэлдэй болсон гэдгийг зарлаж байлаа. Тэрбээр энэ талаараа намын дарга Т.Доржхандад хүсэлтээ хүргүүлж, мэдэгдэл хийсэн. Н.Энхчимэг “Би ХҮН-аас гарах хүсэлтээ хүргүүллээ. Би хуучин Хөдөлмөрийн үндэсний нам байхад нь 2020 онд элсэн орж байлаа. Ард түмнийхээ өмнөөс дуу хоолой болох гэж энэ намд элсэж орсноос биш нэг хүний кампанит ажил болох гэж би энэ намд элсэн ороогүй. Залуус итгэл үнэмшлээрээ энэ намыг сонгож байгаа. Гэвч Т.Доржханд тэргүүтэй хүмүүс залуусын үзэл бодлыг улс төрийн хөзөр болгон ашиглаж байна. Би Ардын нам, Ардчилсан намын алийг нь ч сонгож орж чадаагүй учраас тус намд орсон. Тус намыг МАН-тай далдуур гар барилцсан гэдгийг би мэдэж байсан ч баталгаатай мэдээлэл байгаагүй. Гэтэл ХҮН-ын дарга Т.Доржханд МАН-тай харцаараа ойлголцох хэмжээний “утсан хүүхэлдэй” болсон” хэмээн мэдэгдсэн удаатай.
Түүнчлэн УИХ-ын чуулганы хуралдааны үеэр хотн дарга Х.Нямбаатар “Сая хуулийн төслийг таны их дотны найз ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан танилцуулсан. Би үгээ өөрөөр чинь их айхтар чиглүүлж заалгахгүй” хэмээн ХҮН-ын дарга Т.Доржхандыг МАН-тай далдуур “гар барилцсан” гэдгийг ч чуулганы индэр дээрээс мэдэгдэж байсан удаатай.
Хэдийгээр мянга мянган гишүүн ХҮН-ыг гэж дагаж буй мэт боловч дээрээ гүйдлээ олохгүй бол доороо суудлаа олохгүй гэгч болж байна. Угтаа бол ХҮН дараагийн сонгуулиар парламентад суух суудлынхаа тоог нэмэхийн тулд МАН-ын даалгаврыг дуулгавартай гэгч нь гүйцэтгэж, МАН дотроосоо гаргасан мэдээллийг нь сөрөг хүчний байр суурь болгон гаргах ажлыг гардаж хийдэг гэх нь бий. Тэд Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөс эхлээд, нүүрсний хулгай, ногоон автобусны дуулианаар шүгэл үлээсэн мэтээр харагддаг. Гэвч энэ эрх баригчд дотоод “зодоон”-оо “халаас”-ндаа тамгатай ХҮН-аар хийлгүүлсэн гэж хардах хүн олон. Магадгүй гуравдагч хүчний санаачилгаар дээрх асуудлуудыг гаргаж ирсэн бол ямар ч нийгэмд хамаагүй дуулиан дэгдээж, нүүрсний хулгай, ногоон автобусны хэргийг хав дараад өнгөрөөх кампанит ажлыг эрх баригчид өрнүүлэх байсан биз.
ХҮН-ын дарга, УИХ-ын гишүүн Т.Доржханд МАН-тай тохиролцох хэд хэдэн шалтгаан бий. Өөрөөр хэлбэл, Төрийн ордонд ард түмнийг төлөөлөлөөд пүүзтэй орохыг мэдээгүй мэтээр аашилсан шигээ улс төрд дардан замналтай өгсөж яваа нэгэн биш. Угтаа бол Төрийн ордны хууль дүрмийг сайн мэдэх хэдий ч олны анхааралд өртөх аргаа олчихсон нь энэ.
УИХ-ын гишүүн Т.Доржханд нүүрсний хэргээр “40 их наядын хулгай энд бий” хэмээн шүгэл үлээсэн. Гэвч “Нүүрсний сонсгол”-ын үеэр 40 их наяд гэх тоог хаанаас олж гаргаснаа баталгаа нотолгоотой гаргаж тавьж чадаагүй тэрбээр сонсголын үеэр амаа таглуулсан. Угтаа бол нүүрсний сонсголын гишүүнээр ажилласан нь эрх ашгийн зөрчилтэй байсан баримтыг бид дэлгэж байлаа. УИХ-ын гишүүн Т.Доржхандын төрсөн ах Т.Лувсандорж нь “Нүүрсний бүлэглэл”-ийн хамгийн том төлөөлөл, Хөгжлийн банкны хамгийн том найдваргүй зээлдэгч буюу “Моннис интернэшнл” ХХК-ийн Ерөнхий захирал Б.Чулуунбаатар, түүний ах Б.Жаргалсайхан нартай халаас нэгтэй хамтрагчид гэх баримт бий.
Цаашлаад УИХ-ын гишүүн Т.Доржханд 2021 оны гуравдугаар сарын 4-нд “Ам нээвэл” нэвтрүүлэгт оролцох үеэрээ “Манай гэр бүл минимализм буюу маш бага хэрэглээтэй байхыг зарчим болгож явдаг. Америкт том байшинд амьдардаг, том машин унадаг байлаа. Хүний амьдралд нээх том байшин, том машин, элдэв үнэтэй зүйлс хэрэггүй гэдгийг мэддэг болчихсон. Алхах, дугуйгаар явах, цахилгаан машин хэрэглэх дуртай. Ер нь бол ганц хоёрхон өрөө байранд унших номтой, үзэх телевизтэй амьдрахад л хангалттай” хэмээн ярьсан байдаг. Т.Доржханд Сангийн яамны Санхүүгийн бодлого, өрийн удирдлагын газрын даргаар ажиллаж байгаад 2013 онд АНУ руу явсан. Улмаар АНУ-ын Вашингтон хотод Олон улсын валютын сангийн Ази, Номхон далайн орнуудыг хариуцсан гүйцэтгэх захирлын зөвлөхөөр 2015 оны сүүлч хүртэл хоёр жил гаруй ажилласан гэж намтарт нь бий.
Тэгвэл Т.Доржханд АНУ-д хоёр жил жирийн нэг зөвлөхийн төлж дийлэхээргүй Вашингтон хотын хамгийн үнэтэй дүүрэгт хамгийн үнэтэй хауст амьдарч байсан аж. Тодруулбал, АНУ-ын Вашингтон хотын “1150 Spring Hill Rd, McLean, VA 22102” хаягт байрлалтай хауст Т.Доржханд, У.Сийлэн, Л.Сонор нар амьдардаг байсан гэх бүртгэл тус улсын хаягийн мэдээллийн санд архивлагдсан нь бий. Түүнчлэн УИХ-ын гишүүн Т.Доржхандын хүү Боловсролын зээлийн сангаар сурсан баримт ч ил болж байлаа.
УИХ-ын гишүүн Т.Доржхандын хүү Эрдэм Английн Кембрижийн Их сургуульд Эдийн засагч мэргэжлээр суралцахаар 33,454 ам.долларын зээл авсан. Д.Эрдэм Кембрижийн Их сургуулийг 2020 онд төгсөж, 2021 онд АНУ-ын Иелийн Их сургуульд магистр хамгаалсан. Улмаар 2022 оноос Лондонгийн “JP Morgan” компанид Хөрөнгө оруулалтын шинжээчээр ажиллаж байгаа ажээ.
Ингээд харахаар намын дарга нь улс төрд удаан тогтнохын тулд хэн нэгнээр хаацайлуулах асуудал нэгээр тогтохгүй байна. Тиймээс л Т.Доржханд тэргүүтэй ХҮН-ын удирдлагууд МАН-тай гар барилцаж, улс төрд удаан тогтнохоос аргагүй болсон биз ээ.