Нийслэлд стандартын шаардлага хангахгүй хүүхдийн тоглоомын 976 талбай байна
Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурал өчигдөр болов. Энэ үеэр Хотын стандарт, хяналтын газрын дарга С.Төмөрдулам иргэдийн эрүүл, аюулгүй орчныг бүрдүүлэхэд хууль, норм дүрэм, стандартын хэрэгжилтийг хангуулах тухай асуудлыг танилцуулав.
Нэгдсэн төлөвлөгөөг боловсруулан стандарт мөрдүүлэх чиглэлээр 99, сургалтын чиглэлээр 10, судалгааны чиглэлээр долоо, хяналтын чиглэлээр 32, нийт 148 ажлыг 23 байгууллага, долоон дүүрэгтэй хамтран зохион байгуулахаар төлөвлөжээ.
Улмаар урьдчилан сэргийлэх чиглэлээр 1,083, төлөвлөгөөтэй 221 объектод хяналт шалгалт хийх аж. Нийслэлийн хэмжээнд стандартын шаардлага хангахгүй, эрсдэлтэй хүүхдийн тоглоомын 976 талбай байна. Үүнээс энэ онд 487 талбайд стандарт хангуулах арга хэмжээ авна. Мөн үерийн усны 126 км далан сувгийн орчны аюулгүй байдлыг хангуулах юм.
Улаанбаатар хотын ундны усны 11 эх үүсвэрийн эрүүл ахуйн хориглолтын бүсэд 3,782 нэгж талбар бүртгэлтэй байна. Энэ нь Ундны усны тухай хууль болон БХБЯ, БОАЖ-ийн сайдын хамтарсан тушаалаар баталсан дэглэмийг зөрчиж байгаа аж. Иймд Ундны усны эх үүсвэрийн эрүүл ахуйн хориглолтын бүсэд байрлах байгууллагад шалгалт хийхээр төлөвлөжээ. Түүнчлэн худалдаа, үйлчилгээний газрын гадна хаяг, зар сурталчилгааны байгууламжийг стандартын шаардлагад нийцүүлэх, 1,837 зогсоолд Тээврийн хэрэгслийн ил зогсоолыг төлөвлөх, байгуулахад тавигдах ерөнхий шаардлагын хэрэгжилтийг хангуулах арга хэмжээ авахаар болжээ.
Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө “Иргэд, аж ахуйн нэгжүүдэд дарамт болсон учраас мэргэжлийн хяналтын байгууллага татан буугдсан. Гэхдээ хяналт, шалгалт хийх нэрээр эргээд мэргэжлийн хяналтын байгууллага шиг иргэд, аж ахуйн нэгжүүдэд хүндрэл учруулж болохгүй. Харин зөвлөн туслах үйлчилгээ үзүүлдэг байх хэрэгтэй” гэдгийг онцолж байв.
Зөвлөлийн хурлаас Нийслэлийн Засаг даргын захирамж гарч, Ажлын хэсэг байгуулагдсан бөгөөд Хотын стандарт, хяналтын газрыг нэгдсэн удирдлагаар хангаж ажиллахыг үүрэг болгов.