МЕТА компани аль ч улсад төлөөлөгчийн газар, төлөөлөгчөө ажиллуулдаггүй гэв

0

Сонгуулийн ерөнхий хорооноос УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулиар сонгогчдыг мэдээллээр хангах, сошиал орчинд хуулийн хэрэгжилт хангуулах зорилгоор Facebook, Messenger, WhatsApp, Instagram зэрэг сүлжээг хөгжүүлэгч МЕТА компанийн төлөөлөгчидтэй хамтын ажиллагааны чиглэлээр уулзалт, мэдээлэл, сургалтын арга хэмжээ зохион байгууллаа.

Сонгуулийн ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнаран, Нарийн бичгийн дарга Д.Даваа-Очир нар МЕТА компанийн Төв Азийн орнууд, Монгол, Шри Ланка, Малдивын орнуудын төрийн бодлого хариуцсан захирал Сенүра Абейвардена тэргүүтэй төлөөлөгчдийг 2024 оны дөрөвдүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч уулзахдаа сонгуулийн шударга байдлыг хангах хамтын ажиллагааны хүрээнд сонгогчдыг мэдээллээр хангах, хуурамч мэдээ мэдээлэл, хаягийг бүртгэж, устгах, тархалтыг бууруулах талаар санал солилцож, хамтран ажиллах төлөвлөгөөгөө ярилцжээ.

УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн сурталчилгааны үеэр төлөөлөгчдөө Монгол Улсад томилж ажиллуулах хүсэлт тавихад МЕТА-гийнхан аль ч улсад төлөөлөгчийн газар, төлөөлөгчөө ажиллуулдаггүйг тайлбарласан юм. Харин цагийн зөрүү харгалзахгүйгээр шуурхай ажиллах боломжтойг мэдээлсэн байна. Хамтын ажиллагааны хүрээнд улс төрийн нам, сэтгүүлчдийн төлөөллийг 2024 оны дөрөвдүгээр сарын 25-ны өдөр МЕТА компанийн төлөөлөгчидтэй уулзуулж, мэдээлэл хийлгэлээ.

Улс төрийн намын төлөөлөл болох 70 гаруй оролцогчтой уулзалт, сургалтын үеэр МЕТА компанийн төлөөлөгчид сонгуулийн шударга байдлыг хангах зорилготой ажилладаг тухай онцлоод, Улсын Их Хурлын сонгуулийн үеэр цагийн зөрүү харгалзахгүйгээр, шуурхай ажиллахаа мэдэгдсэн. 

Түүнчлэн МЕТА компани Монгол Улс болон бусад улсад төлөөлөгчийн газар ажиллуулдаггүй, хараат бусаар ажилладаг гэдгээ тодотгов. Тухайн улс дахь хамтран ажилладаг байгууллага, баримт нягтлан шалгах сүлжээ, үйлчлүүлэгчдээс ирүүлсэн мэдээлэл, хүсэлтийг компанийн дүрэм журам, холбогдох шалгуурын дагуу нягталсны дараа арга хэмжээ авдаг талаар оролцогчдод тайлбарлав.

Сургалтын үеэр улс төрийн намын гишүүдэд өөрийнхөө хаягаар, үнэн бодит мэдээллийг түгээх нь сурталчилгааны хамгийн зөв хэлбэр бөгөөд хүлээн зөвшөөрөгдөхүйц байдгийг зөвлөлөө.

“Сонгуулийн боловсрол” сэтгүүлч, судлаачдын клубийн ээлжит уулзалтаар МЕТА компанийн төлөөлөгчид сургалт, мэдээлэл хийхдээ дэлхийн олон оронд сонгууль зохион байгуулж байгаа учраас цахим сүлжээн дэх мэдээллийн тоо эрс өссөн, үүнийг дагаад нэг контентын хандалтын тоо буурч байх магадлалтайг тайлбарласан юм. Тиймээс мэдээллийнхээ чанарт анхаарахыг сэтгүүлчдэд зөвлөв хэмээн СЕХ-ноос мэдээллээ. 

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *