Ерөнхийлөгчийн дүү Ухнаагийн Отгонбаяр сонгогдох эрхтэй!
Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн төрсөн дүү Ухнаагийн Отгонбаяр Зүүн бүсийн 6-р тойрогт нэр дэвших гэж буй нь анхаарал татсан. Ах нь Ерөнхийлөгч, дүү нь гишүүн байж болох уу, болно. Ерөнхийлөгчийн төрсөн ах, дүү сонгогдох эрхтэй. Хуулиар хориглосон зүйл заалт байхгүй. Улс төрийн ёс зүй талаасаа зөрчсөн алхам биш.
Учир нь Ерөнхийлөгч, УИХ хоёр бол төрийн тус тусдаа институци. Харин нэг институцэд төрсөн ах дүү нар, нэг ам бүлийнхэн хамт байх нь зохисгүй боловч нэг бус удаа тохиолдож байсан саяхны түүх.
У.Хүрэлсүх 2017 онд Ерөнхий сайдаар томилогдоход Барилга, хот байгуулалтын яамны газрын даргаар ажиллаж байсан У.Отгонбаяр нэг Засгийн газарт ажиллахгүйн тулд хүсэлтээрээ чөлөөлөгдөж байсан удаатай. Найман жилийн өмнө албанаас нь чөлөөлүүлсэн дүүгээ ахиад л болиулж зогсоогоод байх эрх Ерөнхийлөгчид ч байхгүй. У.Отгонбаяр өнөөдөр Ерөнхий сайдад Бүсчилсэн хөгжлийн асуудлаар зөвлөдөг. Сүхбаатар аймгийн нутгийн зөвлөлийн дарга, насанд хүрснээр барахгүй 46-тай хүн. Ухнаа гэдэг тээврийн жолоочийн хоёр хүүхэд төрийн хоёр өөр институцэд сонгогчдын эцсийн дээд шийдвэрээр алба хашиж болно.
УИХ-ын сонгуулийн нэг тойрогт төрсөн ах дүү нар, нэг айлын хүргэчүүл давхцах, нэг танхимд тохой залган сууж байсан түүх олон бий.
БАЗУУД ХООРОНДОО АХИАД НЭГ ТОЙРОГТ
Ховдод нэг тойрогт төрсөн эгч дүүсийн нөхөр С.Бямбацогт, Д.Батцогт нар МАН, АН-аас өрсөлдөөн гэхээсээ үзүүлбэр зохиож, 2012 онд 3 мандаттай тойргоос хоёулаа УИХ-ын гишүүн болж байв. “Хоёулаа миний хүргэн” гэдэг кино Ховдод гарч, үнэмшилтэй болгохын тулд бага зэрэг барьц булаалдаан хүртэл харуулж байгаад базууд нэг танхимд “базаа” хийсэн. 2024 оны УИХ-ын сонгуулийн баруун дөрвөн аймгийн 2-р тойрогт базууд ахиад учраа тааруулах магадлалтай байна.
ТӨРСӨН ЭГЧ ДҮҮС
Дүнжингарав захын эзэн Б.Наранхүү 2016 онд АН-аас гэнэт дэвшин УИХ-ын гишүүн болсон. Харин төрсөн эгч Б.Саранчимэг нь 2016 онд МАН-аас парламентад орж ирж, төрсөн эгч дүү хоёр нэг ангид суусан. Тэдний хувьд өнгөрсөн 2020 оны УИХ-ын сонгуульд Б.Саранчимэг нь Баянзүрх дүүргээс нэр дэвшиж, сонгогдсон бол Б.Наранхүү сонгууль өнжиж, улс төрөөс зайгаа барьсан. Б.Саранчимэг энэ удаад говийн бүст нэр дэвшихээр бэлтгэж буй.
АХАА, ААВАА, НӨХРӨӨ ЗАЛГАСАН БУСАД ТҮҮХ
Ёндонгийн Баярсайхан 2000 онд Эрдэнэтээс, дүү Ёндонгийн Отгонбаяр нь 2012 онд Булганаас сонгогдож байсан. Харин С.Оюун цаг бусаар амиа алдсан ахынхаа үйл хэргийг залгамжлахыг сонгогчид санал нэгтэй дэмжсэн. Эрдэнэтийн захирал агсан Ш.Отгонбилэгийн эхнэр Б.Туяа, хүү О.Содбилэг нар нь залгамжилж байсан. Н.Энхбаяр хэдэн үг эвлүүлээд хэлчих эв хавгүй хүү Э.Батшугарыгаа гишүүн болгох гэж тусгаарласан намаа хүртэл буцааж нэгтгээд эцэг хүний 13 мэх хэрэглэсээр санасандаа хүрээд байна.