Монголд 3 төсөлтэй “Asian Battery Minerals” компани Австралийн Хөрөнгийн биржид бүртгүүлнэ

0

З.Ган-Очир: Цэнэг хураагуурын үнэ цэний сүлжээний бүх шатанд ноёрхдог БНХАУ-тай ойр оршдог нь Монгол Улсад олон боломж бий болгож байна

Чухал ашигт малтмалууд шинэ цагийн газрын тос болж, нийлүүлэлтийг нь нэмэгдүүлэх болоод төрөлжүүлэхэд чиглэсэн бодлогын дэмжлэг ихээр шаардахыг саяхан хөндсөн. Тэгвэл Монголд эдийн засгийн томоохон үр ашигтай байх потенциалтай чухал ашигт малтмалын гурван төслийг эзэмшдэг “Asian Battery Minerals” компанийн үйл ажиллагааг танилцуулъя.

Австралийн Хөрөнгийн биржид гарна

Монгол Улсад никель, лити, зэс зэрэг чухал ашигт малтмалын хайгуул хийдэг “Asian Battery Minerals” компани Австралийн Хөрөнгийн биржид бүртгүүлэхээр болсныг тус компанийн Гүйцэтгэх захирал З.Ган-Очир “Proactive Investors”-д өгсөн ярилцлагынхаа үеэр мэдээлжээ. Ингэхдээ Их Британид төвтэй “Doriemus” компанитай урвуу нэгдэл (RTO) хийх байдлаар тус биржид бүртгүүлэх аж. Урвуу нэгдэл гэдэг нь хувийн компани IPO хийлгүйгээр олон нийтэд нээлттэй болох үйл явц бөгөөд нээлттэй компанийн хувьцааг хаалттай компани худалдаж авах замаар хэрэгждэг.

“Asian Battery Minerals” компанийн хувьд 2023 онд “BHP Xplor”-ийн хурдасгуур хөтөлбөрт сонгогдож, “Oval” буюу “Ямбат” төслийн хайгуулд шаардлагатай техник, санхүүжилтийн тусламж хүлээн аваад байгаа юм. Компанийн өдгөө 100 хувь эзэмшиж буй төслүүдийг танилцуулбал:

Хөх таг: Дундговь аймгийн нутаг дахь графитын орд нь 12.3 хувийн агууламж бүхий нийт 12.2 сая тонн эрдсийн нөөцтэйг одоогоор тогтоожээ. “Asian Battery Minerals” компани лицензийн талбайн багахан хэсэгт өрөмдлөг хийсэн тул боломжит нөөцийн хэмжээ одоогийнхоосоо хэд дахин их байх магадлалтай аж.

Oval буюу Ямбат: Говь-Алтай аймаг дахь никель-зэсийн “Ямбат” төслийн талбайд тус компани тандалтын өрөмдлөгийн эхний шатыг 2023 оны тавдугаар сард дуусгасан байна. 200 метр хүртэл гүнтэй өрөмдөхөд бүх цооногоос эрдэсжилт илэрснийг мэдээлжээ.

Цагаан дэрс: Дундговь аймагт, Тавантолгой-Зүүнбаянгийн төмөр замтай ойрхон орших литийн энэхүү  төслөөс 4-6 хувийн агуулга бүхий литийн оксидын баяжмал гарган авах потенциалтай гэж үзжээ. “Asian Battery Minerals” 2024 оны эхний хагаст багтаан анхны өрөмдлөгөө эхлүүлэхээр төлөвлөсөн байна.

Аварга зах зээлийн дэргэд

“Монголд цэнэг хураагуурын үйлдвэрлэлд ашиглагддаг эдгээр чухал ашигт малтмалын хайгуул хангалттай хийгдээгүй бөгөөд чухал ашигт малтмалын зах зээлд чухал тоглогч болох бүх потенциал Монгол Улсад байгаа”-г “Asian Battery Minerals” компанийн Гүйцэтгэх захирал З.Ган-Очир онцолж байлаа.

Мөн тэрбээр “Цахилгаан автомашины дэлхийн хамгийн том зах зээл, мөн цэнэг хураагуур болон цэнэг хураагуурын материалын үнэ цэний сүлжээний бүхий л үе шатанд ноёрхдог БНХАУ-тай ойр оршдог нь Монгол Улсад олон боломж бий болгож байна” хэмээн “Global Business Reports”-д өгсөн ярилцлагадаа дурджээ. 

БНХАУ-ын цэнэг хураагуур үйлдвэрлэгчид дэлхий даяар нэгж батарейн нийлүүлэлтийн 80 хувийг хангахын зэрэгцээ үүнийг дэмжих олборлолт, боловсруулалтын сүлжээг дотооддоо улам тэлж байна. Тус улсад дэлхийн литийн боловсруулалтын талаас илүү хувь, графитын 70 хувь, никелийн 30 гаруй хувь ногдож буйг Олон Улсын Эрчим Хүчний Агентлаг мэдээлж байв. 

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *