Булганы Засаг дарга Б.Ариун-Эрдэнэ “Баян” Базараатай хуйвалдсан, хууль бусаар алт олборлосон…
Булган аймгийн Засаг дарга Б.Ариун-Эрдэнэ АН-ын гишүүдтэй бүлэглэн нөхөрлөл байгуулж, хууль зөрчин алт олборлож байгаль орчинд онц их хэмжээний хохирол учруулсан талаар болон Өмнөговь аймгийн удирдлагууд Баяндалай сумын малчин иргэдийн эрх ашгийг хамгаалахгүй, уул уурхайн компанид давуу байдал олгож буй талаар нутгийн иргэдийн төлөөлөл өчигдөр Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд хандаж мэдээлэл хийлээ.
Энэ үеэр иргэн Д.Туяа: “Б.Ариун-Эрдэнэ 2020 онд Булган аймгийн АН-ын дарга, Булган аймгийн Засаг дарга болсноосоо хойш намын гишүүд болох 20 орчим эмэгтэйн нэр дээр бичил уурхайн нөхөрлөл байгуулж, хууль бусаар алт олборлож, байгаль орчинд онц их хэмжээний хохирол учруулсан. 15 жилийн өмнө уул уурхайн компани үйл ажиллагаа явуулаад, нөхөн сэргээлт хийгээд хүлээлгээд өгчихсөн талбайг намаараа үгсэн хуйвалдаад, эрүүл тэгш байсан талбайд алт олборлосон.
Алт олборлохдоо зориулж байгуулсан нөхөрлөлийн гишүүн зарим эмэгтэйчүүд өөрсдийнх нь нэр дээр алт олборлож байгааг ч мэдээгүй байсан. Ингээд 2021 онд асуудал үүсч, заримыг нь Б.Ариун-Эрдэнэ төрийн албанд оруулж, заримд нь мөнгө өгсөн байж магадгүй.
Ингэж өөрийнхөө бурууг цайруулсан байдаг. Мөн Булган аймгийн Бүрэгхангай сум болон Төв аймгийн Заамар сумын нутаг дэвсгэрт Баян Р.Базараа гэж хүний “Эко алтан заамар” буюу одоогийн “Бүрдэлмайнинг” ХХК 2020 оноос эхлэн уул уурхайн үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Ингэхдээ Баян Р.Базараа гэж хүн байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээний тайлан батлуулахгүйгээр олборлолт явуулсан. Уг нь байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээний тайлан батлуулаагүй бол олборлох эрх үүсдэггүй. Тийм учраас эндээс олсон бүх орлогыг хууль бус гэж үзэн Булган аймгийн төсөвт төвлөрүүлэх ёстой. 2020 оны 10-р сард Булган аймгийн Засаг дарга Б.Ариун-Эрдэнэд холбогдох бүх нотлох баримтыг өгсөн боловч өнөөдрийг хүртэл ямар ч арга хэмжээ авсангүй. Тийм учраас Засаг дарга Б.Ариун-Эрдэнэ нь уул уурхайн компанитай үгсэн хуйвалдаж, бусдад давуу байдал олгосон гэж үзэж байна.
Засаг дарга Б.Ариун-Эрдэнэ болон “Бүрдэлмайнинг” ХХК-ийн захирал Баян Р.Базар нар үгсэн хуйвалдсан, хууль бус хэргийг нуун дарагдуулсан гэж миний зүгээс үзэж байна.
Ийм учраас Монгол Улсын Ерөнхий сайдад энэ асуудлаар хандаж байгаа юм. Уг нь би АН-ын гишүүн хүн. Тийм ч учраас хүний эрхийг хамгаалах асуудал дээр АН-ыг түүчээ болоосой гэж хүсдэг. Б.Ариун-Эрдэнэ УИХ-д нэр дэвшинэ гээд нам дотроо яригдаж байна. Мөн Баян Р.Базарааг саяхан мөнгө угаасан гэх хэргээр баривчилсан. Тийм учраас эдгээр хүмүүсийн бүлэглээд намаа санхүүжүүлэх гэж байсан асуудлууд илэрч байж магадгүй гэж харж байна. Байгаль орчны эсрэг гэмт хэрэг үйлдэж, онц их хэмжээний хохирол учруулсан эдгээр бүлэг этгээдүүд дээр анхаарч, Булган аймагт ажиллаасай гэж Ерөнхий сайдаас хүсч байна. ” гэв.