Намар сонгууль болох тул бэлтгэл ажлаа хангахыг СЕХ-нд үүрэгджээ
УИХ-ын хаврын ээлжит чуулган энэ сарын 15-нд буюу ирэх Лхагва гаригт нээлтээ хийнэ. Хаврын чуулган халуухан улс төрийн сэдвүүдээр дүүрэн байх нь тодорхой. Чуулганы эхэнд УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат болон ХНХ-ын сайд Т.Аюурсайхан нарыг өөрсдийнх нь хүсэлтээр УИХ-ын гишүүний бүрэн эрхээс чөлөөлөх асуудлыг хэлэлцэнэ. УИХ-ын зургаан гишүүн нүүрсний хэргээр яллагдагчаар татагдсаны хоёр нь УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат, Т.Аюурсайхан нар юм.
Тодруулбал,
- Улс төрд нөлөө бүхий этгээд болох УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн хахууль өгөх гэмт хэрэгт
- УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулах, үндэслэлгүйгээр хөрөнгөжих
- УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд улс төрд нөлөө бүхий этгээд албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгон хохирол учруулсан
- УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат улс төрд нөлөө бүхий этгээд албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгон хохирол учруулсан, үндэслэлгүйгээр хөрөнгөжих
- УИХ-ын гишүүн Н.Наранбаатар улс төрд нөлөө бүхий этгээд албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгон хохирол учруулсан
- УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан улс төрд нөлөө бүхий этгээд албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгон, хохирол учруулсан зэрэг үндэслэлээр эрүүгийн хуулийн зүйл ангиар яллагдагчаар татагдсан талаар АТГ-аас зарласан.
Тиймээс дээрх гишүүдийг шалгахын тулд УЕП-оос бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх саналыг УИХ-д оруулж ирэх нь тодорхой. Түүнээс урьтаж УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат, Т.Аюурсайхан нар өөрсдөө хүсэлтээ өгсөн гэсэн үг.
Мөн Ерөнхийлөгчийн тавьсан анхны хоригийг УИХ хүлээж авах эсэхийг шийдвэрлэнэ. Намрын чуулганы төгсгөлд баталсан Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуульд Ерөнхийлөгч бүхэлд нь хориг тавьсан. Уг хуулийн агуулга нь угтаа хүний эрхийг цахим орчинд хамгаалахад чиглэгдсэн хэдий ч нийгэм дэх зарим шүүмжлэлээс үүдэж Ерөнхийлөгч хориг тавихад хүрсэн юм.
Түүнчлэн хаврын чуулганаар хөндөгдөх гол асуудал Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт байх нь гарцаагүй. Чуулган завсарласан хугацаанд энэ хүрээнд чиглэгдсэн Зөвлөлдөх санал асуулгыг орон даяар зохион байгуулснаас гадна “Шилэн нам” эрдэм шинжилгээний хурлыг улс төрийн намуудын дунд зохион байгуулсан. Намууд Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг дэмжиж байгаа бөгөөд энэ удаад үндсэн өөрчлөлт УИХ-ын гишүүдийн тоог нэмэх болон сонгуулийн тогтолцоог өөрчлөхөд чиглэгдэнэ. Одоогоор 108 гэсэн тоо яригдаж байгаа юм. Хэрэв Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг дөрөвдүгээр сард багтаан явуулж чадвал ирэх намар ээлжит бус сонгуулийг зохион байгуулах нөхцөл бүрдэнэ. Өөрөөр хэлбэл, өнөөгийн парламент хугацаанаасаа өмнө тарж, ээлжит бус сонгуулийг ирэх намар зохион байгуулахаар төлөвлөж буй.
Тиймдээ ч УИХ-ын дарга болон Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ саяхан Сонгуулийн ерөнхий хороонд УИХ-ын ээлжит бус сонгуулийг ирэх намар зохион байгуулахтай холбоотойгоор бэлтгэл ажлаа хангахыг үүрэгдсэн мэдэгдэл явуулсан байна. Хугацааны хувьд есдүгээр сард хийхээр төлөвлөж байгаа гэх.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ саяхан намуудын төлөөлөлтэй уулзах үеэрээ “Хэрэв Үндсэн хууль өөрчлөгдөж, холимог тогтолцоонд орвол намар сонгууль болж болно. Өөрөөр хэлбэл та бүхэн дэмжиж, тогтолцоог өөрчилье, намар сонгууль хийе гэвэл татгалзах зүйлгүй” хэмээн хэлсэн удаатай.
Ямартай ч улс төрийн намууд ээлжит бус сонгуульд битүүхэндээ бэлдэж, хаврын чуулган эхлэхтэй зэрэгцэн улс төрийн үйл явлууд өрнүүн байх нь тодорхой.
Хаврын чуулганаар хэлэлцэх хуулийн төслүүд:
1/Автотээврийн тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;
2/Аялал жуулчлалын тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;
3/Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл;
4/Байгаль орчныг хамгаалах тухай болон Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;
5/Байгалийн ургамлын тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;
6/Байгаль орчны багц хуулийн төсөл;
7/Биеийн тамир, спортын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;
8/Боловсролын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;
9/Боловсролын ерөнхий хуулийн төсөл;
10/Бооцоот таавар, хонжворт сугалааны тухай хуулийн төсөл;
11/Бооцоот морин уралдааны тухай хуулийн төсөл;
12/Газрын багц хуулийн төсөл;
13/Геодези, зураг зүйн тухай хуулийн төсөл;
14/Гэрийн тэжээвэр амьтны тухай хуулийн төсөл;
15/Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;
16/Дээд боловсролын тухай хуулийн төсөл;
17/Женев хотноо 1958 онд батлагдсан “Дугуйт тээврийн хэрэгслүүд, тэдгээрт суурилуулан ашиглаж болох тоног төхөөрөмж, эд ангид зориулсан НҮБ-ын уялдуулан тохируулсан техникийн дүрмийг хэрэглэх болон НҮБ-ын эдгээр дүрэмд үндэслэн олгосон баталгааг харилцан хүлээн зөвшөөрөх нөхцөлийн тухай хэлэлцээр”-ийг соёрхон батлах тухай хуулийн төсөл;
18/Жагсаал цуглаан хийх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;
19/Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Засгийн газрын тусгай сангийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл;
20/Зохицуулах үйлчлэлтэй хүнсний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;
21/Зөрчлийн тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;
22/Казиногийн тухай хуулийн төсөл;
23/“Монгол Улсын хөгжлийн 2024 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
24/Монгол Улс, Азийн хөгжлийн банк хоорондын “Аймаг, сумын бүсчилсэн ногоон хөгжлийн хөрөнгө оруулалтын хөтөлбөр”-ийн хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн төсөл;
25/Монгол Улсын нэгдсэн төсвийн 2024 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2025-2026 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл;
26/“Монгол Улсын нэгдсэн төсвийн 2022 оны гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
27/Монгол Улсын иргэн гадаадад хувийн хэргээр зорчих, цагаачлах тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;
28/Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;
29/Нас барсан өндөр насны тэтгэврийн зээл авагчийн тэтгэврийн зээлийг чөлөөлөх тухай хуулийн төсөл;
30/Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;
31/Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн төсөл;
32/Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай хуулийн төсөл;
33/Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хуулийн төсөл;
34/Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;
35/“Олон улсын иргэний нисэхийн тухай Конвенцын 50 дугаар зүйлийн а) хэсэгт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Протокол”-ыг соёрхон батлах тухай хуулийн төсөл;
36/“Олон улсын иргэний нисэхийн тухай Конвенцын 56 дугаар зүйлд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Протокол”-ыг соёрхон батлах тухай хуулийн төсөл;
37/Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;
38/Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хуулийн төсөл;
39/Судалгааны их сургуулийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл;
40/Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;
41/Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;
42/Төрийн болон орон нутгийн өмчит компанийн тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;
43/Төлбөрийн чадваргүйдлийн тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;
44/Төмөр замын тээврийн тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;
45/Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
46/Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн төсөл;
47/“Төрөөс төмөр замын талаар баримтлах бодлогын хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
48/Усны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;
49/Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл;
50/Хамтын тэтгэврийн тухай хуулийн төсөл;
51/“Хөгжлийн зорилтот хөтөлбөр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
52/Хүүхэд хамгааллын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл;
53/Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;
54/Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;
55/Хүмүүнлэг боловсролыг дэмжих тухай хуулийн төсөл;
56/Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хуулийн төсөл;
57/Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;
58/Шүүхийн бус журмаар өр барагдуулах үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийн төсөл.