Төрийн худалдан авах ажиллагааны цахим системийн талаар иргэний нийгмийн төлөөлөлд мэдээлэл өглөө
Улсын төсвийн санхүүжилттэй төслүүдийн төлөвлөлт, хэрэгжилтэд иргэний нийгмийн зүгээс хяналт тавихад төрийн худалдан авах ажиллагааны мэдээллийн нээлттэй байдал чухал юм. Иймд Нээлттэй нийгэм форумаас “Төрийн худалдан авах ажиллагааны цахим системийн танилцуулга” сэдэвт уулзалтыг 2024 оны 5 дугаар сарын 8-ны өдөр зохион байгууллаа. Уулзалтад Төрийн худалдан авах ажиллагааны газрын Цахим худалдан авах ажиллагаа, мэдээллийн технологийн газрын ахлах мэргэжилтэн С.Халиун оролцож, төрийн худалдан авах ажиллагааны tender.gov.mn цахим системийн талаар танилцуулсан юм. Тэрээр уг системийн өгөгдлийн санг танилцуулахын зэрэгцээ системд хийгдэж байгаа хөгжүүлэлтийн талаар мэдээлэл өглөө.
Уулзалтад иргэний нийгмийн байгууллага, хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөл оролцсон бөгөөд худалдан авах ажиллагаа, цахим системийн тухайд дараах асуудлуудад анхаарах хэрэгтэйг онцоллоо. Тухайлбал:
- Төрийн худалдан авах ажиллагаа, гэрээний хэрэгжилтийн асуудлаар иргэд санал, гомдол өгөх талбарыг tender.gov.mn хуудсанд бий болгох;
- tender.gov.mn хуудсан дахь “цахим дэлгүүр” цэсэд нийтлэх бүтээгдэхүүний стандартыг тодорхой болгох;
- tender.gov.mn хуудаснаас бараа, ажил, үйлчилгээ худалдан авах төлөвлөгөөг файлаар татаж авах боломжийг бий болгох;
- Өндөр төсөвт өртөгтэй хөрөнгө оруулалтын төслүүдийн тендер зарлахдаа төслийн хүрээнд ямар ажлууд хийгдэх талаарх дэлгэрэнгүй мэдээлэл, техник эдийн засгийн үндэслэл, судалгааг tender.gov.mn хуудсанд байршуулах;
- tender.gov.mn хуудаснаас харааны бэрхшээлтэй иргэнд мэдээлэл авах боломж бий болгох;
- Өндөр үнийн дүнтэй тендерүүдийн мэдээллийг авахад хялбар болгохын тулд QR код ашиглах;
- Тендерийг 3 удаа зарлаад амжилтгүй болсон тохиолдолд шууд худалдан авалт хийх үйл ажиллагаанд хөндлөнгийн хяналтыг бий болгох;
- Тендерийг богино хугацаатай зарлах тохиолдол түгээмэл байгаа нь худалдан авах ажиллагаанд аж ахуйн нэгжүүд оролцоход хүндрэл бий болгож буйд анхаарч, тендерийн хугацааг уртасгах зэрэг болно.