Тусгай сангийн зээлдэгчдэд үйлчилдэггүй хар жагсаалт!
Иргэн хоёр сая төгрөгийн үнэтэй гар утас лизингээр аваад 200 мянган төгрөгийн төлбөрөө барагдуулаагүй тохиолдолд Монголбанкны Зээлийн мэдээллийн сангийн хар жагсаалтад ордог бол Хөгжлийн банк болон Засгийн газрын тусгай сангаас тэрбумаар нь зээл авчихаад төлдөггүй “гар”-ууд дээрх хар жагсаалтад бүртгэгддэггүй дабль стандарт үйлчилж байна.
Уг нь УИХ-аас баталсан хууль, тогтоол бүхэн Монгол Улсын иргэн бүрт тэгш үйлчлэх ёстой. Гэвч Зээлийн мэдээллийн сан нь гахай бусдаас давуу эрхтэй гэсэн шиг ялгамжтай байдлаар үйлчилж буй нь улс төрд нөлөө бүхий этгээдүүд энэхүү сангуудыг “сааж амьдрах” зорилгоор Зээлийн мэдээллийн санд найдваргүй зээлдэгч нарыг бүртгүүлдэггүй байх зохицуулалт хийв үү гэх хардлага ч төрүүлж байгаа юм.
УИХ-аас 2011 онд Зээлийн мэдээллийн сангийн тухай хуулийг баталжээ. Тэр цагаас хойш 13 жил өнгөрч, энэ хугацаанд банк санхүүгийн салбар хэд дахин томорч, иргэд, аж ахуй нэгжүүдэд олгодог зээлийн хэмжээ ч өссөн. Мөн өнгөрсөн хугацаанд Засгийн газрын тусгай сангаас зээл авсан зээлдэгч нартай холбоотой дуулиан тасраагүй. “Шилэн” ажиллагааны хүрээнд өнгөрсөн жил Засгийн газраас тусгай сангуудын мэдээллийг ил тод болгоход хамгийн их “тоногдсон” санд Боловсролын зээлийн сан, Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сан, Тариалан эрхлэлтийг дэмжих сангууд нэрлэгдсэн.
Үүнээс өмнөх Засгийн газар ч тусгай сангуудад шалгалт хийгээд зөрчил дутагдал ихээр гарсныг мэдэгдсэн удаатай. Энэ талаар тухайн үеийн Засгийн газарт Сангийн сайдын алба хашиж байсан Ч.Хүрэлбаатар ““Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сан, “Тариалан эрхлэлтийг дэмжих сан”, “Мал хамгаалах сан” –гаас гурвуулангаас нь ч зээл авсан аж ахуй нэгж ч байна. Хоёр сангаас зээл авсан 319 аж ахуй нэгж байна. Энэ бүх мэдээллүүд нь Монголбанкы Зээлийн мэдээллийн санд тусдаггүй учраас зээлийн эргэн төлөлт нь тааруу байна” гэж мэдэгдэж байв.
Хуулийн цоорхойг ашиглаад Засгийн газрын тусгай сангаас давхардуулан зээл аваад байгааг эрх баригчид мэдсэн хэрнээ өнөөг хүртэл өөрчлөх талаар санал санаачлага гаргаагүй нь давуу эрх эдлэхийг хүссэн хэрэг биз.
Хэрэв эрх баригчид 2019 оны шалгалтаар илэрсэн зөрчлийг дахин гаргуулахгүйн тулд хууль эрх зүйн орчноо чангаруулсан бол Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн чанаргүй зээлийн хэмжээ 2022 оны тавдугаар сарын байдлаар 240 тэрбум төгрөгт хүрэхгүй л байсан болов уу.
Боловсролын зээлийн сангаас 300, 400 сая ам.долларын зээл авч гадаадад суралцсан зээлдэгч нар зээлийн шаардлагаа хангаагүй хэр нь одоог болтол Монголбанкны Зээлийн мэдээллийн санд бүртгэгддэггүй. Гэтэл дотоодын их дээд сургуульд тус сангаас зээл авч суралцсан залуус зээлээ барагдуулж чадаагүйгээс Зээлийн мэдээллийн сангийн хар дансанд бүртгэгдсэн байдаг. Гадаадын их дээд сургуульд суралцсан суралцагчийн зээлийн хэмжээ, дотоодод суралцсан суралцагчийн зээлийн хэмжээ газар тэнгэр шиг зөрүүтэй. Гэвч хамгийн их зээл авсан хэрнээ гэрээний нөхцөлөө биелүүлээгүй байсан ч Зээлийн мэдээллийн санд бүртгэгддэггүй, харин түүнээс хэд дахин бага зээл авсан зээлдэгч нь хар дандсанд бүртгэгддэг нь зөвхөн Монголд л байгаа дабль стандарт гэж хэлж болох болов уу.
Засгийн газрын тусгай сангийн зээлийн хэмжээ хэдэн тэрбумаар эргэлдэхийн зэрэгцээ жилийн хүү нь 3-6 хувь байдаг. Харин бусад зээлийн тухайд жилийн хүү нь 16-25 хувь дотор эргэлдэж буй.
УИХ-аар өнгөрсөн жил Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх үеэр УИХ-ын дэд дарга С.Одонтуяа нэгэн ноцтой мэдэгдлийг хийсэн нь “Тариалан эрхлэлтийг дэмжих сан гэж байхад томоохон компаниуд зээл авсан. Зээл нь төлөгдөөгүй учир бүх материалыг нь жалганд аваачиж шатаасан гэдгийг тухайн үед хэвлэлээр бичиж байлаа. Өмнөх өрөө яаж барагдуулах юм бэ. Хөдөө аж ахуйг дэмжих сангийн өрийг ил болгох хэрэгтэй” гэдэг асуудал хөндөж байв.
Засгийн газрын тусгай сан асуудалтай болоод ирэхээр нэр усыг нь өөрчлөх эсвэл нэгтгэх зэргээр “косметик” завсар оруулдаг нь асуудлыг углуургаар нь шийдэх бус хуудуутай зүйлийг халхавчлах арга зам нь болж ирсэн байхыг ч үгүйсгэхгүй байгаа.
Засгийн газрын дэргэд өнөөдөр дараах 25 тусгай сан ажиллаж байна.
- Байгаль орчин, уур амьсгалын сан;
- Боловсролын зээлийн сан;
- Бүх нийтийн үйлчилгээний үүргийн сан;
- Гэмт хэргийн хохирогчид нөхөн төлбөр олгох сан;
- Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан;
- Засгийн газрын нөөц сан;
- Зэвсэгт хүчний хөгжлийн сан;
- Ирээдүйн өв сан;
- Кино урлагийг дэмжих сан;
- Мэргэжлийн боловсрол, сургалтыг дэмжих сан;
- Нийгмийн даатгалын сан;
- Нийгмийн халамжийн сан;
- Соёл, урлагийг дэмжих сан;
- Спортыг дэмжих сан;
- Төсвийн тогтворжуулалтын сан;
- Улсын авто замын сан;
- Хилийн чанадад байгаа Монгол Улсын иргэдэд туслах сан;
- Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан;
- Хөдөө аж ахуйг дэмжих сан;
- Шинжлэх ухаан, технологийн сан;
- Эрүүл мэндийг дэмжих сан;
- Эрүүл мэндийн даатгалын сан;
- Өргөн нэвтрүүлэг хөгжүүлэх сан;
- Хүүхдийн төлөө сан;
Архидан согтуурахтай тэмцэх, урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг дэмжих сан зэрэг юм.
Цаашид УИХ, Засгийн газар Монголбанкны дэргэдэх Зээлийн мэдээллийн сангийн үйл ажиллагааг боловсронгуй болгож, хүн бүрт тэгш үйлчилдэг байхаар зохицуулалт хийхгүй бол тусгай сангуудыг сааж амьдардаг хэсэг бүлэг этгээдүүдийн үйлдэл зогсохгүй үргэлжилсээр л байх болов уу.