Н.Өнөрцэцэгт нэр бүхий сайд нууц материал өгсөн ч мэргэжилтнээ түлхээд хэргээс мултарсан уу
Нэг агуулга анхаарал татах болов. Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийг ялласан дөрвөн зүйлчлэл дотор “Төрийн нууцыг хууль бус аргаар олж авах” буюу Эрүүгийн хуулийн 19.11.1 багтсан. Түүнийг саатуулагдсаных нь дараа “Машинаас нь их хэмжээний төрийн нууцын дардастай бичиг баримт олдсон” гэгдэж байв. Гаднаас л харахад, үүгээрээ л яллагдагчаар татагджээ.
Дотроос нь сонсоход Н.Өнөрцэцэгийг саатуулсны дараа нэгжлэг орох сургаар охид, бүсгүйчүүд голдуу ажилладаг баг нь хэвлэлийн хэдэн гэрээ, бичиг цаас тэргүүтнээ нэгнийхээ машинд ачсан. Тэгээд дараалсан их үймээн дунд машинд ачсан бичиг цаасаа мартаад байтал гэнэт нэгжлэгээр хураагдсан. Уг хураагдсан цаасууд дундаас өнөөх аюултай гайхал төрийн нууц нь гарч иржээ.
Тиймээс ч тэр Эрүүгийн хуулийн 19.11.1 “Төрийн нууцад хамаарах мэдээ, баримт, эд зүйлсийг хулгайлсан, цуглуулсан, хадгалсан нь эх орноосоо урвах, тагнуул хийх гэмт хэргийн шинжгүй бол зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” зүйлчлэлээр яллагдагчаар татагдаад байна.
Хамгийн сонирхолтой нь, уг төрийн нууцын дардастай цаасууд нь хураагдахдаа цэнхэр өнгийн хавтсанд хийсэн байдалтай байсан гэх. Тэрхүү цэнхэр өнгийн хавтсыг нэр бүхий сайд сугавчилсан байдалтайгаар Төрийн ордонд ярилцлага өгч зогссон дүрс нийтэд нээлттэй одоо ч бий гэгдэж байна.
Гэсэн хэдий ч нэр бүхий сайд уг төрийн нууц задруулсан гэх хэрэгт огт шалгагдаагүй.
Түүний удирдлага дор ажилладаг нэгэн сэтгүүлч Н.Өнөрцэцэгт төрийн нууцын дардастай баримт задруулсан хэргээр шалгагдаж, яллагдагчаар татагдсан гэх. Мэргэжилтэнд хамаарах зүйл анги нь, Төрийн нууцыг задруулсан буюу Эрүүгийн хуулийн 19.12-оор зүйлчлэгдсэн болж таарав.
Эндээс гарч буй асуулт нь, нэр бүхий сайд төрийн нууц задалсан атлаа мэргэжилтнээ түлхэв үү гэх өөр нэг асуудал үүсч байгаа юм.
Нийтлэлч Б.Баабар “Н.Өнөрцэцэгт монголын бусад иргэний нэгэн адил төрийн нууц хадгалах үүрэг байхгүй. Нууц хадгалах үүрэгтэй хүмүүсийн жагсаалт хуулинд бий. Үүнд бусад иргэн хамааралгүй. Хэрэв нууц болон нууц биш бичиг баримтыг Н.Өнөрцэцэг хулгайлсан, сүрдүүлсэн, булаан дээрэмдсэн бол зөвхөн үүнийхээ төлөө хариуцлага хүлээх ёстой болохоос биш төрийн нууц хадгалсан асуудал нь хамаарахгүй” гэж жиргэсэн нь анхаарал татах өнцөг.
Мөн судлаач Д.Ганхуяг “Төрийн нууцад хамаарах их хэмжээний баримт хадгалж байсан гэж сэтгүүлчдийг баривчлаад байх юм. Хүчний байгууллагууд төрийн нууцаа алдсан албан тушаалтнуудаа олж шийтгэх ёстой ш тээ. Хэрэв төрийн нууц алдсан албан тушаалтнаа ололгүйгээр сэтгүүлчдийг дагнан шийтгэвэл энэ нь худал, зохиомол, хилс хэрэг болох нь ойлгомжтой” гэж жиргэсэн юм.
Хар ухаанаар бодоход ч тэр, сэтгүүлч Н.Өнөрцэцэг төрийн нууцад хамаарах бичиг баримтад шууд гараа сунгаад л хүрчих боломжгүй. Түүнд дамжуулсан субьект заавал байж таарна. Тэр нь харин мэргэжилтэн байв уу, нэр бүхий сайд байв уу. Ийм асуулт үүсч байна.
Тэгвэл нийтлэлч Б.Баабарын бичсэнчлэн хуулиар зөвшөөрөгдсөн төрийн нууцад нэвтрэх эрхтэй субьектүүд нь ямар албан тушаалтнууд байдаг вэ? Төрийн нууцын тухай хуулиййн 19-д зааснаар,
1.Ерөнхийлөгч,УИХ-ын дарга, Ерөнхий сайд нь танилцуулахыг хуулиар хориглосноос бусад төрийн нууцтай зэрэглэл харгалзахгүйгээр танилцана.
2.УИХ, ЗГ-ын гишүүн, тэдгээртэй адилтгах бусад албан тушаалтан нь албан үүргийн шаардлагаар танилцвал зохих төрийн нууцтай энэ хуулийн журмын дагуу танилцана.
3.Төрийн нууцтай холбогдсон асуудлыг хянан шалгах зорилгоорУИХ-аас байгуулсан комиссын гишүүн, уг зорилгоор УИХ-аас тусгайлан эрх олгогдсон хүн тухайн шалгах асуудлын хүрээнд хамаарах төрийн нууцтай зэрэглэл харгалзахгүйгээр танилцана.
4.Төрийн нууцыг хариуцаж байгаа төрийн төв, орон нутгийн болон бусад байгууллагын төрийн нууцтай танилцах эрх бүхий албан тушаалтны жагсаалтыг тагнуулын байгууллагын саналыг үндэслэн тухайн байгууллагын дарга батална.
Энэ зохицуулалтаар бол яамны мэргэжилтэнд төрийн нууцын материал байх бараг л боломжгүй. Тусгайлан олгогдсон эрхийн хүрээнд эсвэл Тагнуулаас баталсан нэрсийн дагуу л бага албан тушаалтнууд танилцаж болно. Бусад тохиолдолд бол төрийн гурван өндөрлөг, УИх-ын гишүүд, сайд нар л хуулийн дагуу танилцах боломжтой байна.
Яг дээрх логикоор хөөхөд саяхан хэвлэлүүдээр мэдээлэгдсэн “Засгийн газрын гишүүн төрийн нууц задруулсан хэрэгт холбогдсон уу” гэх агуулгын учигт эрхгүй хардлага төрнө өө.
Өөр нэг асуудал буй нь, сэтгүүлч Н.Өнөрцэцэгийг “Хятадаас их хэмжээний мөнгө авсан, Х богдын асуудлаар Ц.Хулан шиг хэрэгт унана” зэрэг яриа тасралтгүй хөвөрсөөр байв. Гэвч Прокурорын байгууллагаас гаргасан сэтгүүлч Н.Өнөрцэцэгт хамаарх хэргийг шүүхэд шилжүүлсэн талаарх албан мэдээн дотроос хамгийн аюултай заалт нь төрийн нууц хууль бусаар олж авах зохицуулалт байв.
Энэ зохицуулалтыг нь хөөж үзэхээр дээр тайлбарласан шиг хачин жигтэй сэжүүр үүсч байгаа юм. Дүгнэлтийг уншигч танд үлдээе, юутай ч.