Х.Баавгай: Олдож буй боломжийг алдчихгүйн тулд Z үеийнхний чадварыг Төрийн бодлогод тусгах хэрэгтэй
Монгол Улсын гавьяат багш, Хүүхэд, гэр бүл судлаач, доктор, дэд профeссор Х.Баавгайтай Z үеийнхэн гэж хэн болох, тэдний онцлог, улс орны хөгжилд үзүүлэх нөлөө зэрэг асуудлаар ярилцлаа.
-Сүүлийн үед бид насны үечлэлийн талаар их ярих болж. Ингэж ярьж байгаа нь зарим талаар бид ямарваа нэг асуудалд шинжлэх ухаанчаар ханддаг болж байгаагийн илрэл юм болов уу гэж харж байна?
-Сүүлийн үед хүний үе хоорондын асуудлыг дэлхий нийтээр ихээхэн анхаарч үзэх болсон. Энэ нь өнөөгийн нийгэм, эдийн засгийн хурдацтай хөгжилтэй шууд холбоотой. Монголчууд насны үечлэлийг хүүхэд, залуу, ахмад хэмээн авч үздэг. Харамсалтай нь, сүүлийн үед Аж үйлдвэрийн дөрөвдүгээр хувьсгал гэх энэхүү хурдацтай хөгжлийн нөлөөгөөр үе хоорондын ялгаа илт анзаарагдах болсон. Бид заримдаа өөрийнхөө хүүхдийг ч ойлгохгүйд хүрч байна. Яагаад гэвэл, тэдний дасан зохицох болоод харилцах ур чадвар шал өөр түвшинд очсон байна. Бид тэднээс хоцорсон учраас үе хоорондын зөрчил илт гарч байна.
Гар утасны хэрэглээн дээр жишээлж ярья л даа. Хоёр настай хүүхэд IT-гийн хичээл ч гэж мэдэхгүй хэрнээ гар утсан дээрх өөрт хэрэгтэй зүйлсийг хэний ч туслалцаагүйгээр олоод үзчихэж байна. Гэтэл ахмад үеийнхэн гар утсаараа ярихаас цаашгүй. Зураг дарвал дарна, түүнээс цааш хэрэглэж чадахгүй байх жишээтэй. Энэхүү цахимжсан ертөнцийг хүн төрөлхтөн бүрэн туулж үзээгүй, тиймээс сайн муу, сөрөг болон давуу талуудыг нь таамаг төдийгөөр ярьж байна.
1928 оны үеэс Германы эрдэмтэд хүний үе хооронд нийтлэг болон ялгаатай талууд байна гэсэн ойлголтыг анх гаргаж ирсэн. Өмнө нь улс орнуудын үе хоорондыг харьцуулах боломжгүй байсан. Америкийн 1960-аад оныхныг тэр үеийн монгол залуустай харьцуулах боломжгүй байлаа. Гэтэл Z үеийнхнийг дэлхий даяар харьцуулах боломжтой болсон. Дэлхий глобалчлагдаж нээлттэй харилцаанд шилжсэн тул Z үеийн америк хүүхдийг монгол хүүхэдтэй харьцуулах нь нээлттэй болсон. Тэгэхээр улс орнуудын Z үеийнхний хаана нь монгол хүүхэд явна вэ гэдгийг харьцуулах бололцоо бүрдсэн байна. Энэхүү нөхцөл байдал нь биднийг асуудалд шинжлэх ухаанчаар хандах боломжийг бүрдүүлж байгаа юм.
-Z үеийнхэн гэж хэн бэ. Учир нь бид тэдэнтэй, тэд бидэнтэй хэрхэн ойлголцож, бие биеэ хэрхэн хүлээн зөвшөөрөх ёстой вэ гэх үүднээс энэхүү асуултыг асууж байна л даа?
-1990-ээд оны дунд үеэс 2015 оныг хүртэлх хугацаанд төрсөн хүүхдүүдийг Z үеийнхэн гэж нэрлэдэг. Энэ нь тэгэхээр 20-30 орчим насны залуус байх нь. Түүнээс доош төрсөн хүүхдүүд бол Альфа үеийнхэн юм. Z үеийнхэн бол цахимжилтийн өгөгдөлтэй төрсөн гэж хэлэхэд болно.
Өсвөр нас гэдэг нь сэтгэл санаа болоод бие махбодын маш их өөрчлөлтийг даван туулдаг нас. Гэтэл тийм эмзэг насан дээр нь цахимжилт нэмэгдэхээр сэтгэл зүйд нь долгионы хүчтэй нөлөө орж ирж байгаа юм. Тэр утгаараа бол, орчин үеийн хүүхдүүд сэтгэл зүйн хувьд улам тогтворгүй нөхцөлд өсөж байна. Сэтгэл зүйн хямралд амархан өртдөг, сэтгэлээр амархан унадаг тул эцэг эхчүүд, багш, сурган хүмүүжүүлэгчид, ажил олгогчид тэднийг маш сайн ойлгодог байх хэрэгтэй. Тийм учраас тэдэнтэй их болгоомжтой хандаж, харьцдаг байх болчихоод байгаа юм.
Тэдэнтэй харилцах гол арга барил бол зөөлөн ур чадвар. Өмнө нь бидний харилцаа түс тас, хатуу ширүүн, шууд зааварладаг чигтэй байсан. Өмнөх үеийн тэр арга барилаараа шинэ үеийнхэнтэй харилцвал Z үеийнхэнд таарахгүй. Энэ үеийнхэн аливаа асуудлын голыг өөрөө таньж мэдэх хүсэлтэй байдаг. Холливуудын нэг эмэгтэй найруулагчаас “Та Z үеийнхэнтэй тулж ажиллаж, олноор нь олны танил болгож байна. Энэ үеийнхэнтэй ажиллах онцлог нь юу юм бэ” гэж нэг хүн асууж л дээ. Гэтэл өнөөх найруулагч эмэгтэй “Тэдэнтэй ажиллахад тэвчээр л хэрэгтэй” гэж хариулсан байгаа юм. Тэгэхээр Z үеийнхэн асуудлыг аяндаа ойлгоод буцаад ирдэг байх нь.
-Хоёул шинэ үеийнхний сул талыг түлхүү ярьчихлаа. Тэдэнд бас давуу тал гэж байгаа шүү дээ. Та ч хэллээ шүү дээ, тэд цахим өгөгдөлтэй төрдөг гэж. Тэгвэл манай хүүхэд залуус IT-гийн мэргэжлийг сонгон суралцах, улмаар улс орны эдийн засгийг энэ тал руу чиглүүлэх боломж байж болмоор юм шиг бодогдож байна?
-Эдгээр хүүхдийн хоёр дахь эх орон бол цахим ертөнц. Хоёр дахь “эх орноос” нь яагаад ч салгаж болохгүй. Би гар утсыг сургуулийн орчинд хэрэглээ тал руу нь чөлөөтэй ашиглуул гэж зөвлөдөг. Эцэг эх хүүхдүүдээ дататай байлга. Мэдлэг олж авах хэрэгсэл болго. Цахим ур чадвар эзэмшүүл. Өнөөдөр бүх мэргэжил IT-гүйгээр нэг ч алхам урагшлах аргагүй болчихлоо. Дэлхийн түвшинд и-спортын төрөл гараад ирлээ. Мөд и-олимптой болох гэж байна. Монгол залуус “PUBG”-гаар дэлхийд гуравдугаарт эрэмбэлэгдлээ. Дэлхийн томоохон компаниудад монгол залуус инженерээр ажиллаж байна. Тэгэхээр насанд хүрэгчид бид тэдэнтэй хамтдаа хөгжих шаардлага амьдралаас урган гарч байгаа биз дээ.
Нөгөө талаар дэлхий нийтийн түвшинд гаргаж ирсэн нэг асуудал бол Z үеийнхэн маш их минималист амьдралын хэв маягтай. Энэ нь хувь хүн, айл өрх, улс орны түвшинд хэмнэлтэй, хялбар, дөт байх амьдралын хэв маягийг оруулж ирж байна. Дараагийн нэг сонирхолтой баримт бол эдгээр хүүхэд мөнгөн хуримтлал үүсгэдэг дадалтай. Тэр дадлыг нь банк санхүүгийн салбарынхан олж харж тоглолт хийж байна. Тиймээс улс орон ч мөн ялгаагүй энэ тал руу бодлогоо чиглүүлэх хэрэгтэй.
-Одоогийн хүүхэд залуус хуучин хувцас авч өмсөхөөсөө ичдэггүй, илүүдэл хог хаягдал гаргахаасаа татгалздаг, хуванцрын хэрэглээнээс зайлсхийдэг гээд тэдэнд маш их эерэг чанар, давуу чадварууд хар багаас нь сууж байгааг харж болохоор байна. Тэгэхээр энэ үеийнхэн өөрсдийгөө эх дэлхийн хүн гэж хардаг юм уу гэж бодогдоод байдаг юм?
-Бид бол ээж аавын хүүхдүүд байлаа. Одоогийн энэ ярьж буй үечлэл бол дэлхийгээр нь хамарсан үечлэл болчихлоо. Үүнээс гадна энэ үеийнхэнд нэг гоё зүйл бий. Тэд амьтанд маш их хайртай. Өсвөр үеийнхнээс асуугаад үзээрэй. Гэртээ амьтан тэжээдэггүй хүүхэд гэж одоо бараг байхгүй болсон байна билээ.
-Манай улсын хувьд энэ үеийнхэн хүн амын хэдэн хувийг эзэлж байна вэ?
-Манай улсын 1,1 сая нь хүүхэд залуус. Ингэхээр 1/3 нь шинэ үеийнхэн гэсэн үг. Энэ нь Монгол Улс хөгжих, ирээдүйгээ зөв зүйтэйгээр тавих асар их боломжтой гэдгийг илтгэж байгаа хэрэг юм. Энэ бол бахархмаар статистик. Гэхдээ төрийн бодлого энэ үеийнхний чадварт суурилсан байдлаар хөгжлийн асуудлыг тусгаж өгөх хэрэгтэй. Тэгэхгүй бол олдож буй энэ сайхан боломжийг Монгол Улс алдчих вий. 2030 оноос манай улсын хүн ам хөгшрөлтийн үе рүүгээ орно. Тиймээс одоогийн залуус олон ахмад настныг тэжээх байдал руу орж ирнэ. Тэгэхээр залуусаа чадваржуулах шаардлагатай, тэр зөв хүмүүс эцэг эхээ өргөж, улс орны хөгжлийг нуруундаа үүрч явах болно. Энэхүү тооцооллыг одооноос анхаарахгүй бол улс орны хөгжил ч унана, ахмадууд нь ч ач гучийнхаа хайр халамжийг хүртэж чадахгүйд хүрнэ. Ер нь хүн төрөлхтөн хүүхэд рүү чиглэсэн бодлогод анхаарч байх хэрэгтэй. Нэг хүүхдэд оруулсан 1 ам.доллар 12 ам.доллар болж өсдөг гэсэн дэлхий түвшний үзүүлэлт бий. Тиймээс хүүхдэд л хөрөнгө оруул.
Манай улсад хийсэн PISA-гийн олон улсын үнэлгээгээр монгол хүүхдийн унших чадвар хангалтгүй гэж гарлаа. Энэ бол өрх гэрийн тэргүүнтэй ихээхэн холбоотой. Хүүхдийг хэлд оруулдаг, танин мэдэхүйг нь хөгжүүлдэг генийн үүрэгтэй хүмүүс бол аавууд. Тиймээс хүүхдийг хэлд ороход нь аавыг нь заавал хамт байлга. Манайхаас явуулсан гэр бүлийн харилцааны судалгаагаар, аавуудын хүүхдийнхээ хүмүүжилд оруулж буй хувь нэмрийг тооцож үзэхэд 7 хувьтай гарсан. Тэгэхээр аавууд хүүхэдтэйгээ тоглодог, харилцдаг байх нь их чухал.
Үүний зэрэгцээ өнөөдөр монгол эцэг эхчүүд ч, хүүхдүүд ч чөлөөт цаг гэдгийгээ ойлгохгүй байна. Хичээл тарлаа, үлдсэн нь чөлөөт цаг гэж ойлгоод байна. Гэтэл гадаадын өсвөр насныхан хичээл болон дугуйлангаа тараад, гэртээ байх цагаа чөлөөт цаг гэж ойлгодог. Бидний хэн хэнд нь цагийг үр ашигтай өнгөрөөх тухай ойлголт их дутмаг. Их дээд сургууль, ажил алба бүгд цаг бүртгэж, оноо дүн тавьдаг. Томчууд нь түүндээ хашигдаж амьдардаг. Үүний оронд цагийн юмыг цагт нь хийдэг хүн болгож төлөвшүүлэхэд анхаарах нь зүй юм.
-Энэ чиглэлээр дагнасан судалгаа хийж буй судлаач манай улсад байна уу. Судалгааны материалууд хэр зэрэг гарч байна вэ?
-Z үеийнхнийг тухайлан судалсан судлаач, судалгаа тун бага байна. Ерөнхийдөө манай олонх судлаач гаднынхны хийсэн судалгааны дүнг ашиглах, түүнийгээ дамжуулах маягаар ажиллаж байна.
-Ирэх зургаадугаар сард парламентын сонгууль болно. Сонгууль бүрээр залуусын оролцоо хангалтгүй байсан тухай яригддаг. Шинэ үеийнхэн сонгуульд хэрхэн оролцох бол. Улс төр тэдний анхаарлын төв дэх асуудал мөн үү, та юу гэж бодож байна вэ?
-Судалгааны дүнгээс харахад, 18-19 настнуудын сонгуульд оролцоо өндөр гэж гардаг. Учир нь нас биед хүрлээ, том хүн боллоо гэсэн мэдрэмждээ хөтлөгдөж сонгуульд оролцоод байна. Түүнээс дээших насныхны оролцоо болохоор хангалтгүй болоод явчихдаг. Ер нь улс төр тэдний хувьд төдийлөн сонирхолтой сэдэв биш. Энэ нь нас бие, оюун санааны хувьд бүрэн төлөвшөөгүйтэй холбоотой. Хүний хөгжил 21 нас хүрч байж бүрэн төлөвшдөг гэж үздэг. Бага залууд бол нөгөө л сэтгэл хөдлөлд автаж шийдвэр гаргадаг байх нь байна шүү дээ. Мэдээж аль талд саналаа өгч байна вэ гэдэг бол тодорхой бус.
-Хүн төрөлхтөн Z үеийнхний дараагийн үе буюу Альфа үеийнхний тухай ярьж эхэллээ. Асуудал ач зээ нар луу ороод ирлээ шүү, тийм ээ?
-Цэцэрлэгийн багш нарт Альфа үеийнхэнтэй ажиллах арга барилыг заагаад эхэлсэн байна. Үүнийг нь би овоо доо гэж харж байгаа. Гэхдээ Альфа үеийнхний үзэх хичээлийн тоог цөөлөх хэрэгтэй. Тухайн хүүхдийн нас биений онцлогт тохирсон, аль болох амьдралд ойр, насан туршид нь хэрэг болохуйц хичээлүүдийг бага ангид нь үздэг болох хэрэгтэй. Гүнзгийрч үзэх шаардлагатайг нь дунд болон ахлах ангиас нь эхлүүлж, цагийг нэмэх хэрэгтэй. Учир нь Альфа үеийнхний оюун чадамж даахгүй байна. Яагаад гэвэл, албан бусаар буюу цахимаар маш их мэдээлэл авдаг. Тиймээс хичээлийн тоог цөөл гээд байгаа юм. Сурагчид өнөөдөр дунджаар 6.4 кг жинтэй цүнх үүрч байна. Гэтэл стандарт нь дунджаар 3 кг. Дээр нь сурах бичгийн цаасыг хөнгөн болгох хэрэгтэй. Манайд хэвлэгдэж байгаа ном, сурах бичиг чинь хэдэн ч кг юм бэ дээ. Гэтэл Альфа үеийнхэн их гол хүмүүс болох юм шүү дээ.
-Шинэ үеийнхэн ажил амьдралдаа маш нарийн зураас татаж, зааглаж чаддаг үеийнхэн юм уу гэж бодогддог. Магад заримдаа асуудлыг хэт бодитоор харах нь тэдэнд уян хатан бус байдлыг үүсгэдэг. Нэг талдаа илүү хууль ёсны юм шиг хэрнээ нөгөө талдаа их эмзэг ч юм шиг. Тиймээс эцэг эх хүүхдүүдтэйгээ, багш сурагчидтайгаа, дарга удирдлага ажилтнуудтайгаа харилцах харилцааны нарийн ур чадварыг эзэмших шаардлага үүсчихлээ?
-Z үеийнхний хувьд их амбицтай. Амбиц гэдэг нь би гэх үзлээ өмнөө тавьдаг гэсэн үг. Тиймээс багаар ажиллах чадварыг сургуулийн өмнөх наснаас нь суулга. Монголчууд ярьдаг даа, дэм дэмэндээ, дээс эрчиндээ гэж. Эдгээр хүүхдүүд нийгмээс тусгаарлагдаж болзошгүй талтай. Өөрийгөө виртуал орчинд авааччихсан. Нийгмийн харилцаанд ороод байгаа юм шиг харагдана. Гэхдээ үгүй. Энэ үзэгдэл Японд маш их газар авсан. Дуртай зүйлээ олоод үзчихнэ, хэрэгтэй зүйлээ захиалаад авчихна. Үүнийг ганцаардал гэж байгаа юм. Иймд цахим орчны сөрөг талыг бууруулж, амьд харилцааг хадгалж авч явах хэрэгтэй. Z үеийнхний давуу болон сул талын донжийг тааруулж байж, зөв гарц руу явна.
Хоёрдугаарт бидний ажил хийж байгаа болон явуулж буй хөшүүрэг трактор шиг байна. Z үеийнхэнд тавьж буй хатуу шаардлага тэдэнд таалагдахгүй байна. Ажлын 8 цагийн 2 цагийг цахим болгомоор байна. Зарим орон ажлын 4 өдөр лүү шилжиж байгаа нь тэдний эрх ашигт нийцүүлж байгаа хэрэг. Бид сэтгэлгээгээ өөрчилж, уян хатан харилцааны чиг хандлага руу шилжих цаг нь болжээ л гэж хэлье дээ.