Г.Хос-Эрдэнэ: Эд эрхтнээ тайруулсан, төрөлхийн дутуу зэрэг асуудлыг гоо зүйн талаас нь шийдэх боломжтой

0

Төрөлхийн аль нэг эд, эрхтэн дутуу эсвэл ослын улмаас гар хөлийн мөчөө тайруулахаас өөр аргагүйд хүрч, өөртөө итгэх итгэлээ алдсан хүмүүст бага ч болов итгэл, урам зориг өгөх зорилгоор гоо зүйн залгамал хиймэл эд эрхтний үйлдвэрлэл, урлалыг эхлүүлээд буй Г.Хос-Эрдэнэтэй ярилцлаа.

Тэрээр Сити их сургуульд Мэргэжлийн нүүр хувиргалтын багшаар ажиллаж байгаа бөгөөд өнгөрсөн оны арванхоёрдугаар сараас энэ чиглэлээр судалж, эх орондоо нутагшуулах, гарааны бизнес болгох зорилго тавин ажиллаж байна.

-Яагаад энэ чиглэлээр ажиллах болсон талаараа хуваалцахгүй юу?
-Монголд мөчдийн тайралттай, эрхтэн дутуу хүмүүст зориулсан протез буюу хиймэл эд эрхтний үйлдвэрлэл байдаг ч яг гоо зүйн талаас нь зориулж урладаг газар байдаггүй юм байна лээ. Мэргэжил минь нүүр хувиргагч учраас ойр санагдсан.
Хамгийн анх төрөлхийн мухар гартай хүүхдэд хиймэл гар хийж өгч буй гадаадын бичлэг үзсэн. Гартай болоод асар их баярлаж байгаа тэр хүүхэд надад сэдэл өгсөн. Би яагаад хийж болохгүй гэж бодоод, өөрийнхөө хэмжээнд хиймэл гар урлаж, нэг хүүхдэд бэлэглэсэн. Тухайн үед надад маш гоё мэдрэмж төрж байсан.

Тэгээд энэ талаар гүнзгий судлаад, илүү олон хүнд өөртөө итгэх итгэл, урам зориг, өөрийгөө хайрлах сэдэл өгье гээд гоо зүйн протезын урлалыг эхлүүлсэн.

-Саяхан БНСУ руу явж, энэ чиглэлийн сургалтад хамрагдаад ирсэн шүү дээ. Яагаад тус улсыг сонгох болсон бэ?
-Тухайн хүний биеийн нэг хэсэг, эд эрхтэн нь болох зүйл гэдэг утгаар хамаагүй дур мэдэж хийхийг хүсээгүй. Энэ талаар гүнзгий судалж, номыг нь суръя гэж бодсон. Ер нь Энэтхэг, Мексик зэрэг улсуудын энэ чиглэлийн үйлдвэрлэл, урлалыг бас судалж үзсэн. Тэгээд 12 жилийн туршлагатай, Тайланд, Япон улсад салбараа нээсэн БНСУ-ын “Namanae” гэдэг протезын үйлдвэрээс туршлага судалж, багшаас нь суралцахаар зориод явсан.

16 хоногийн сургалтын үр дүнд мэргэжлийн гэрчилгээ авч, Монголдоо тус үйлдвэрт ашигладаг тоног төхөөрөмжийг оруулж ирэхээр тохиролцсон. Бид патентыг нь 20 жилээр авах болсон.
Энэ намраас Сити их сургуулийн дэргэдэх Монгол дахь анхны гоо зүйн хиймэл эд эрхтний үйлдвэрлэл хийх тусгай лаборатори ашиглалтад орох юм. Үйл ажиллагаа жигдэрмэгц бид бизнес гэдэг утгаар нь хөгжүүлээд явах төлөвлөгөөтэй.

-Үйлдвэрлэл явуулах, тоног төхөөрөмж худалдаж авах санхүүжилтийг хэрхэн босгов?
-Анх энэ талаар судлаад, бодитоор хэрэгжүүлэхээр зориод сургуулийнхаа ерөнхийлөгч Ц.Байгальмаад танилцуулахад хүлээн авч, дэмжсэн. Бүх сургалт, тоног төхөөрөмжийн санхүүжилтийг 100 хувь дотоодын хөрөнгө оруулалтаар буюу Сити их сургуулиас гаргаж байна.

skip-share

Нэг хурууг хийхэд их хурдандаа л 5-7 долоо хоног зарцуулдаг.

Намраас үйлдвэр ашиглалтад орохоор тоног төхөөрөмжүүд ирнэ, солонгос багш маань ирж, суурилуулж, холбоно.

-Нэг хурууны үеийг хүртэл хийхдээ маш нарийн, нягт урладаг юм билээ. Ингэж урлахад хэр их цаг зарцуулдаг вэ?
-Нэг хурууг хийхэд хурдандаа 5-7 долоо хоног зарцуулдаг. Тухайн хүний арьсны өнгөнд тохируулна, нугалаа гаргана, силиконы чанар сайн, урагдахгүй, сунахгүй байх ёстой гэх мэт маш олон нарийн зүйл бий. Арьсны өнгөн дээр гэхэд л 7-8 өнгийг хольж гаргана, судасны өнгө, хурууны өндөгний улаан өнгө, алганы үндсэн суурь өнгө гэх мэт.

Түүнээс гадна силикон болон акрилик хумсыг шигтгэдэг учраас эмэгтэйчүүд хумсаа будуулах, гоо зүйн талаас нь арчлах боломжтой байдлаар хийдэг. Мөн хурууны үеүдэд төмөр хийдэг учир базах, барих гэх мэт хөдөлгөөн хийх боломжтойгоороо онцлог.

Одоогоор нэг хуруу, хурууны үе, чих зэрэг жижиг хэсгүүдийг түлхүү хийж байна. Үйлдвэр ашиглалтад орохоор тохойноос урагш гэх мэт арай том хэмжээтэй протезыг хийнэ.

-Хүний сайн сайхны төлөө ч гэсэн бизнес гэдэг утгаар борлуулж, тодорхой үнийн стандарт тогтоох шаардлагатай болно. Үүнийг яаж шийдэхээр төлөвлөж байгаа вэ?
-Солонгост нэг хурууг 5 сая орчим төгрөгөөр хийж байна. Манай улсын зах зээл жижиг, хүн ам ч цөөн. Энэ бол Солонгосын л ханш. Монголдоо шууд энэ үнээр нь оруулж ирнэ гэдэг өндөр дүн.

Тэгэхээр аль болох уян хатан байлгахаар зорьж байна. Мэдээж олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн, чанартай материал, тоног төхөөрөмж ашиглан хийж байгаа учраас энэ бүгдийг тооцоолох шаардлагатай. Солонгост протез хийлгэж буй иргэдэд улсаас нь 70-80 хувийг нь буцаан олгодог зохицуулалттай юм билээ.
Монголд ч гэсэн ийм боломж байгаа эсэхийг судална. Материалаа дагаад чанар яригдаж байгаа тул шууд огцом буулгахгүй ч 30-40 хувь бууруулахаар төлөвлөж байна.

-Танд тулгардаг хамгийн том саад бэрхшээлийн талаар яриач?
-Дээр дурдсанчлан нэгдүгээрт маш их цаг хугацаа ордог урлал. Тухайн хүний нэг хэсэг болох учраас хурдан дуусгаад өгье гэсэн хандлагаар ажиллах боломжгүй. Бүгдийг хянуур хийх шаардлагатай.

Ингэж удаан хийдэг зүйл дээрээ технологийн алдаа гаргаж, шинээр эхлэх болдог нь хамгийн хүндрэлтэй үе. Бүх зүйлийг стандартын дагуу хийж байгаа ч өөрөө ч анзааралгүй хийсэн маш жижиг үйлдлээс болоод дахин хийх шаардлагатай.

Силикон дээр аяга таваг угаагч шингэний нэг дусал дусахад л тэр чигтээ хатдаггүй гэх жишээтэй. Гэхдээ энэ болгон минь надад туршлага болоод явж байна. Алдаанаасаа ойлгож суралцах нь хамгийн чухал.

-Гоо зүйн протезын талаар хүмүүсийн ойлголт мэдлэг хэр байна. Таны ажлыг хэрхэн хүлээж авч байна вэ?
-Хүмүүст эд эрхтэн хийж өгөөд, энэ талаараа хуваалцахад олон хүнээс эерэг мессеж, урмын үг авч байна. Осол гэмтлийн улмаас хохирч, гар хуруу зэрэг эрхтнээ тайруулахаас өөр сонголтгүйд хүрч байгаа хүмүүст протезын талаар мэдээлэл түгээх шаардлагатай.
Тухайлбал Гэмтэл согог судлалын үндэсний төвийн эмч нар, эд эрхтээ алдсан хүмүүст сэтгэл зүйн зөвлөгөө өгдөг. Өвчтөнүүдэд гоо зүйн протез хийлгэх боломжтой, ийм зүйл Монголд дэлгэрсэн гэдгийг хэлж өгч, хамтран ажиллавал зүгээр санагдсан.

Хүний амийг аврахын тулд эрхтнийг нь тайрахаас өөр аргагүй байгаа ч дараагийн ээлжид түүнийг орлуулах, гоо зүйн талаасаа тухайн хүнд өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлэх хиймэл эд эрхтнийг хийх боломжтой гэдгийг ойлгуулмаар байна.  

Олон улсад энэ үйлдвэрлэл хөгжөөд, илүү олон хүн энэ талаар ойлголттой болжээ. Саяхан Сири улсаас намайг энэ чиглэлээр сургалт явуулдаг эсэх, улсад нь очоод хамтран ажиллах боломжтой эсэх талаар санал тавьсан. Энэ мэтчилэн протезын урлал бол хэрэгтэйг ойлгож эхэлж байна.

-Ярилцсанд баярлалаа. Танд ажлын өндөр амжилт хүсье.

Гоо зүйн залгамал хиймэл эд эрхтний урлалын талаар дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авах боломжтой.

Эх сурвалж: gogo.mn

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *