П.Сайнзориг: Хотын зургаан дүүргийн оронд 14 хот байгуулна

0

Нийслэлийн Засаг даргын орлогч П.Сайнзоригтой ярилцлаа.


-Хот, тосгодын эрх зүйн байдлын тухай хуулийг УИХ-д өргөн барьсан. Энэ хуулийн гол зохицуулалт, ач холбогдол нь юу вэ?

-Өмнөх хууль маань 1993 онд батлагдсан. Түүнээс хойш нийгэм, эдийн засгийн нөхцөл байдал нэлээд өөрчлөгдсөн. Мөн 1992 онд батлагдсан Үндсэн хуулийн дараа Монгол Улс засаг захиргааны шинэчлэлийг хийхдээ байсан хотуудаа татан буулгаад засаг захиргааны нэгж буюу хотуудыг сум болгочихсон. Үүн дээр зарим судлаач, орон нутгийн иргэд шүүмжлэлтэй хандаж ирсэн. Улаанбаатар хотын хувьд 1992 оноос хойш хүн ам нь гурав дахин өссөн. Тухайн үедээ 575 мянган хүнтэй байсан бол өнөөдөр 1.7 сая хүн бүртгэлтэй. Ирж, буцдагтайгаа нийлэхээр хоёр сая хүн амтай болсон. Суурьшлын бүс ч зургаа дахин тэлсэн. Үүнийгээ дагаж үүссэн маш олон асуудал байгаа. Эдгээр асуудлыг шийдэхийн тулд дагуул болон бүс нутгийн хөгжлийг дэмжихээс өөр аргагүй. Өөрөөр хэлбэл, Улаанбаатар руу соронз мэт татаж байгаа энэ урсгал, эрх мэдэл, төвлөрөл, эдийн засгийг задлахын тулд Хот, тосгодын эрх зүйн байдлын тухай хуулийг боловсруулж, УИХ-д өргөн барьсан.

-Дүүргүүдийг хот болгоно гэсэн. Ингэхээр нийслэл гэдэг утга маань алдагдах юм биш үү?

-Үндсэн хуульд 2019 онд өөрчлөлт оруулахдаа засаг захиргааны нэгж буюу дүүрэг дээр хот байгуулж болох эрх зүйн орчин бүрдсэн. Байгуулсан тэр хот дээрээ төрийн захиргааны чиг үүргээ шилжүүлэх боломжтой болсон. Тиймээс хотын зургаан дүүрэг дээр 14 хотыг байгуулъя гэж байгаа юм. Зургаан дүүргийн чиг үүрэг энэ 14 хот руу шилжинэ. Ямар нэгэн чиг үүргийн давхцал цаашдаа үүсэхгүй. Хотын зөвлөл, захирагч нь л шилжүүлж авсан эрх мэдлээ хэрэгжүүлээд явна. Өнөөдөр хороон дээр үйлчилгээ үзүүлэхэд хүртээмж муу байдаг. Учир нь хороодод төсөв, эрх мэдэл байхгүй. Тийм болохоор хотын 204 хороо, есөн дүүрэг гэсэн 213 нэгжийг 14 хот, 42 хороонд хуваана. Ингэснээр 2013 даргыг 56 захирагч болгож байгаа юм. Засаг дарга гэдэг төрийн төлөөлөл талдаа илүү ажилладаг. Улс төрөөс тодорхой хэмжээнд хараат байдаг. Харин захирагч бол иргэдээс сонгогддог. Буцаад иргэд хариуцлага тооцох боломжийг энэ хуулиар олгож байгаа нь хамгийн том дэвшил гэж хэлж болно. Хотын эдийн засгийн байдал, хот өөрөө нийтийн аж ахуйгаа төлөвлөөд авч явах асуудал энэ хуулийн хүрээнд шийдэгдэж байгаа. Өнөөдөр яг албан ёсны хот гэвэл ганцхан Улаанбаатар л байгаа. Дархан, Эрдэнэт бол сумын статустай явдаг. Тийм болохоор органикаараа бий болчихсон энэ хоёр хотыг улсын зэрэглэлтэй хот болгоно. Мөн Багануур, Багахангай, шинэ Хархорин, Төв аймгийн Зуунмод сумыг улсын зэрэглэлтэй хот болгож байгаа. Аймгийн төвүүд бол орон нутгийн зэрэглэлтэй хот болно. Өмнөговь аймгийн Ханбогд, Цогтцэций, Ховд аймгийн Булган, Сэлэнгэ аймгийн Хөтөл, Мандал зэрэг томоохон сумдыг хот болгон хөгжүүлнэ.

-Дүүргүүдийг бие даасан хот болгочихоор эдийн засгийн чадамж нь хэр байх юм бэ. Өөрийгөө санхүүжүүлээд авч явж чадах юм уу. Яаж орлого олох юм. Эдийн засгийн тооцооллыг нь хэр хийсэн бэ?

-Ихэнх дүүргүүд одоо ч татаас аваад л явж байгаа. Харин хот болсны дараа хотууд маань хоорондоо эрүүлээр өрсөлдөнө. Татвар төлөгчдийг бий болгох, үйлдвэрлэл, аж ахуйн нэгжүүдийг хөгжүүлэх ажил хийнэ. Эхний ээлжинд нийслэл хотуудын эдийн засгийг тодорхой хэмжээгээр зохицуулаад явна. Жишээ болгож Сэлбэ хотыг дурдаж болно. Чингэлтэй болон Сүхбаатар дүүргийн тодорхой хороодын нутаг дэвсгэрийг хамарсан хот болж хөгжинө. Сэлбэ хот дээр олон улсын бонд босгож, гэр хорооллыг орон сууцжуулж, “20 минутын хот” гэсэн концепциор хөгжүүлэх гэж байна. Засгийн газрын тэргүүн ч энэ концепцийг дэвшүүлээд байгаа. Энэ нь цаанаа бодит замын хөдөлгөөний түгжрэлээс гадна эрх мэдлийн түгжрэлийг задалъя. Иргэддээ төрийн үйлчилгээг ойртуулъя. Хүний анхдагч хэрэгцээ орчин тойрондоо байх ёстой гэсэн үндсэн санааг дэвшүүлж байгаа юм. Тэгэхгүй бол Улаанбаатар хотын түгжрэлийн гол зүйл чинь ойр орчимд нь сургууль, цэцэрлэг, соёлын үйлчилгээ байхгүй. Үүнийг авах гэсэн иргэдийн зорчилт хөдөлгөөнөөс үүдэн түгжрэл үүсч байгаа. Харин үүнийг орчиндоо авдаг байх юм бол заавал хотын төв рүү орж ирээд байх шаардлагагүй л гэсэн үг.

-“20 минутын хот” концепцийг хэрэгжүүлэхэд сургууль, цэцэрлэгээс гадна ямар ажлуудыг хийх вэ?

-Хамгийн түрүүнд гэрийн ойр орчимд эмийн сан, ногоон байгууламж байх ёстой. Манайхан амралтын өдрөөр үр хүүхдүүдээ агаарт гаргадаг болсон. Харин ногоон байгууламж нь гэрээс нь 10-15 минутын зайд л байх юм бол хүмүүсийн амьдралд маш их хэмнэлт бий болно. Цаг хугацаа, эдийн засгийг хэмнэнэ. Нэмээд сургууль, цэцэрлэг, эмнэлэг, соёлын үйлчилгээ, худалдаа, ажлын байрыг нь 15-20 минутын зайд бүрдүүлээд өгчихвөл иргэдээ илүү зардал гаргахгүйгээр амьдрах боломжийг бий болгоно. Үүнийгээ дагаад амьдралын хэв маяг өөрчлөгдөж, сэтгэл ханамж дээшилнэ.

-Орон нутгийн болон дагуул хотуудыг бий болгохдоо “Бүсчилсэн хөгжил”-тэй хэр уялдуулсан бэ?

-Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалыг дэмжих хүрээнд томоохон аймгийн төвүүдийг улсын зэрэглэлтэй болгох эсэхийг дараагийн ээлжинд судалж шийдэхээр болсон. Үүний өмнө ямар ч байсан орон нутгийн зэрэглэлтэй хот болгоё. Цаашдаа хүн амын төвлөрөл, эдийн засгийн байдал, өөрийгөө аваад явах чадвар зэргийг нь харгалзаад зэрэглэл ахиулж болно. Ямар ч байсан Дархан, Эрдэнэт улсын зэрэглэлтэй хот болно. Дархан-Уул гэсэн аймгийнхаа нутаг дэвсгэрийн хэмжээнд Дархан хот болно. Аймгийн хэрэгжүүлж байсан чиг үүрэг хот руугаа шилжээд, Шарын гол дагуул хот, Хонгор болон хоёр жижиг сум нь хотын хороо болоод хөгжих бололцоотой. Тэгэхээр сумын статусаас доошлохгүй. Ингэвэл хотын иргэд захирагчаа сонгох, хот эдийн засгийн боломжийг эрүүлээр хайх боломж бүрдэнэ. Хоёрдугаарт, сэтгэлгээний өөрчлөлт гарна. Одоо чинь хот, хөдөөгийн ялгаа их гаргаж, нэгэндээ нэр, хоч өгөх, ялгаварлан гадуурхах явдал байдаг. Тэгэхээр нэг хотод төвлөрч амьдрах бус нэлээд хэдэн хотод тархан суурьших бололцоог бүрдүүлээд ирэхээр дээрх явдал яваандаа байхгүй болно гэж харж байгаа.

-Энэ хуульд нийслэлийн Засаг дарга, Захирагч хоёрыг салгах асуудал хөндөгдсөн үү?

-Үндсэндээ одоо салж байна л даа. Өөрөөр хэлбэл, тухайн орон нутгийн иргэдээ төлөөлж чадах хүнийг захирагчаар сонгодог байдал руу орж байна гэсэн үг. Хотоо удирдах эрх мэдлийг иргэдэд өгч байгаа юм.

-Засаг дарга, Захирагчийг нь УИХ-ын гишүүн хавсран гүйцэтгэж болох зэрэг зохицуулалт орсон уу?

-Ийм боломж байхгүй. Ардчилсан, нээлттэй сонгуулиар иргэдээсээ санал авснаар сонгогдоно. Мөн Хотын зөвлөлийн гишүүд сонгогдоно. Тэд нь хотын захирагчдаа хяналтаа тавьж, төсвийг нь батлаад явна. Энэ нь цаашдаа улс төрийн түвшинд маш том соёлыг бий болгоно. Орон нутгийнхаа асуудалд оролцох иргэдийн идэвхийг ч нэмэгдүүлнэ.

-Энэ парламентын бүрэн эрхийн хугацаанд хуулиа батлуулж амжихаар байгаа юу. Батлагдсан тохиолдолд хэзээнээс дагаж мөрдөх вэ?

-Ажлын хэсгийн зүгээс ямар ч байсан ажиллаж байна. Хуулиа батлуулах хүсэл зориг, эрмэлзэл байгаа. Гэхдээ энэ бол УИХ-ын бүрэн эрхийн асуудал. Хууль батлагдсан тохиолдолд хэзээнээс дагаж, мөрдүүлэх вэ гэдгийг УИХ шийднэ. Харин хууль санаачлагчийн зүгээс буюу Засгийн газраас ирэх оны зургадугаар сарын 1-ний өдрөөс мөрдөж хэрэгжүүлье. Энэ хугацаанд шилжилтийн ажлуудаа хийгээд явах боломжтой гэж үзээд хуулийн төслийг өргөн барьсан.

-Өргөн барьснаар нь баталсан тохиолдолд энэ намар болох орон нутгийн сонгуульд хамаарахгүй юм байна?

-Орон нутгийн сонгуулийн үр дүн магадгүй цаашдаа шилжилтийн байдлаараа хотын зөвлөл болж болно. Шилжилтийн үеийн нэг удаагийн зохицуулалтаар үүнийг шийдэх бололцоотой. Харин дараа, дараагийн сонгуулиар жигдрээд явах байх.

-Энэ хуульд өөр ямар чухал заалтууд орсон бэ?

-Улаанбаатар хот “дүү” хотуудтай болох гэж байна. Энэ нь хотын тоо олон болохдоо гол асуудал нь биш. Хот байгуулалтын тухай хууль орон нутагт үйлчлээд эхэлнэ. Орон нутаг Улаанбаатарын алдааг давтахгүйн тулд өнөөдрөөс дэд бүтэц, төлөвлөлтөө зөв хийнэ. “Дэд бүтцийн сан”-тай болж байгаа. Үүн дээрээ хуримтлал үүсгэж, эрчим хүч, дулаан, цэвэр, бохироо шийдээд явна. Ногоон хөгжлийг дэмжих чиглэлд мөн өөрчлөлт орно. Улаанбаатар хотын дөрвөн дагуул хотыг эхний ээлжинд байгуулна. Шинэ Зуунмод, Агро сити, Шарга морьт, Багахангай гэсэн дөрвөн дагуул хот байна. Багахангай хотын хувьд цэвэр тээвэр ложистикийн терминал төв, Барилгын материалын аж үйлдвэрийн парк болж хөгжинө. Агро сити хотыг СХД-ийн 21 дүгээр хороонд байгуулна. Дөрвөн улирлын хүлэмж, далайн бүтээгдэхүүний үржүүлэг, эрчимсэн мал аж ахуйг хөгжүүлж, Улаанбаатар хотыг найдвартай хүнсний бүтээгдэхүүнээр хангахыг зорьж байна. Жилдээ бид 400 тэрбум төгрөгөөр урд хөршөөс нарийн ногоо худалдаж авдаг. Энэ мөнгө дотооддоо үлдэх боломжтой болно. Үүний цаана маш олон ажлын байр бий болох бололцоотой. Шарга морьт хотын хувьд байгаль орчин, аялал жуулчлалыг түшиглэсэн хот болгох төлөвлөгөө байгаа. Ингэж байж хэт төвлөрлөөс үүссэн нөхцөл байдал арилна.

-Шинэ Зуунмод хотын хувьд?

-Өөрийн бие даасан хуультай байна. Төв аймагтай интеграцид орж хөгжих эхлэл байх болов уу гэж бодож байна. Энэ хот маань цэвэр эдийн засаг, санхүү, аялал жуулчлал, шинжлэх ухаан, судалгааны төв болох, орчин үеийн шинэ бизнесүүд төлөвлөх бололцоог олгож өгч байгаа. Орж ирсэн татварын болон татварын бус орлогын 20 хувийг Төв аймаг, 80 хувийг Шинэ Зуунмод хот өөрөө авах концепциор хөгжүүлэхээр төлөвлөж байна.

-Улаанбаатар хотын төвлөрлийн нэг том шалтгаан нь дулааны шугам сүлжээ байдаг. Тэгэхээр шинэ хотууд маань өөрсдийн дулаан хангамжийн асуудлаа хэрхэн шийдвэрлэх вэ?

-Ер нь бол инженерингийн дэд бүтцийн асуудал хомсдолтой, хоцрогдолтой байгаа. Ийм ч учраас Улаанбаатар хотын төвлөрөл, алдаа чинь эндээ гараад байгаа юм. Байгаа дэд бүтцээ тойроод л шаваад байдаг. Тийм болохоор төвлөрсөн гэхээсээ илүү хэсэгчилсэн дулаан хангамжийн асуудлыг ярьж байна. Эрчим хүч ч гэсэн ялгаагүй. Тархмал буюу ногоон эрчим хүчний эх үүсвэрүүдийг хэрэглээнд нэвтрүүлэх шаардлагатай. Өрх бүр эрчим хүч үйлдвэрлэгч байж, өөрийн хэрэгцээнээс илүү гарсныг төвийн эрчим хүчний системд нийлүүлдэг байх боломжийг бүрдүүлж өгөхийн тулд олон улсын байгууллагуудтай хамтран төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхээр судалж байна. Магадгүй энэ чиглэлийн ипотекийн зээл гаргах ёстой. Энэ төрлийн яриа хэлэлцээрүүд яригдаж байгаа. Мөн эрчим хүчний дэд төслүүдийг төр-хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэхээр зорьж байна. Хувийн хэвшил нь үүнийг бизнес болгоод явах юм бол хэрэглэгч нь байна. Яваандаа нээлттэй хувьцаат компани болгох шаардлагыг ч хуулиар тавьж байгаа. Ингэх юм бол иргэд эрчим хүч хэрэглэхийн сацуу өөрсдөө хувьцаа эзэмшигч болж, ногдол ашиг авах боломжтой. Ингэж байж баялгийн хуваарилалт явагдана. Ер нь Улаанбаатар хүний эрхийг хангасан, зөв төлөвлөлттэй, орчин үеийн хот болъё гэвэл хүүхдийн эрхийг бүрэн хангах, хүүхэд чөлөөтэй зорчдог хот болох ёстой. Олон улсад ч ингэж байж хүний эрхийг хангасан хот гэсэн шалгуурыг давдаг. Тэгэхээр энэ чиглэлд анхаарлаа хандуулах ёстой гэж харж байгаа.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *