Хүнлэг чанар сувилагч мэргэжлийг чимдэг
Эрүүл мэндийн салбарын сэтгэл эмзэглүүлсэн талбарт сувилагчаар ажиллахын бэрх хийгээд сайн сайхан талыг нь сувилагчдын баярын энэ өдөр хуваалцахаар хоёр сувилагчийн сэтгэгдлийг авлаа.
Сувилахуй гэдэг нь үйлчлүүлэгчийн бие бялдар, сэтгэц, нийгмийн эрүүл мэндийн байдалд дүн шинжилгээ хийж, шинжлэх ухаанд суурилсан сувилахуйн төлөвлөгөө гаргаж, тусламж үйлчилгээ үзүүлэн эрүүл мэндийг нь сахин хамгаалах тухай ойлголт. Мөн сувилна гэдэг нь бусдыг энэрнэ гэсэн үг гэж үзэх ч боломжтой. Энэ ч утгаараа сувилагч мэргэжил бол хүнлэг энэрэнгүй чанарыг өрдөж байдаг мэргэжил билээ.
Сүхбаатар дүүргийн “Өөдрөг-Энх” өрхийн эрүүл мэндийн төвийн сувилагч Б.Эгиймаа:
-Би 1987 онд Улаанбаатар хотод Сувилагчийн сургуулийг төгссөн. 37 жил эрүүл мэндийн салбарт ажиллаж байна.
Мэргэжил эзэмшсэн цагаас хойш ихэвчлэн хүүхэдтэй харилцдаг ажил хийсэн байна. Сувилагчийн ажил бол маш олон талаараа сэтгэл татам сайхан. Тэр дундаа хүүхэдтэй харилцдаг сувилагчийн ажил хийнэ гэдэг бол азтай хэрэг. Хүүхдийн төв сувилалд олон жил ажилласан. Тэнд ажиллаж байх үедээ сэтгэл эмзэглүүлсэн олон тохиолдлыг хардаг байлаа. Өнчин, орхигдсон, өвчтэй гээд янз бүрийн хүүхдэд тусламж үйлчилгээ үзүүлнэ. Өнчирсөн, ядарсан хүүхдэд эмчилгээ үйлчилгээ үзүүлж, тэдэнд тус хүргэж, тэднийг энэрч асрах, эмчлэх нь өөрөө ямар буянтай үйлс билээ дээ. Эцэг эхээсээ орхигдсон хүүхдүүд сувилалд ирэх үе, тэр хүүхдийн нүднээс гуниг үзэгдэх үе бол үнэхээр сэтгэл өвдмөөр байдаг байв. Гэхдээ төдөлгүй хүүхэд л юм болсон хойно, эмчилгээ сувилгаандаа тэнхэрч тэтгэгдээд, торниод ирэхээрээ хөгжүүн цовоо болчихно. Тэр үеийг харахаар бас баярлаж сэтгэл сайхан болно доо. Өнчин хүүхдийн эцэг эх болцгооё гэж шийдээд, эцэг, эхгүй өсөж байгаа хүүхдэд баяр баясгалан хайр бэлэглэж ирдэг хүмүүсийг харахаар хүүхдүүдийнхээ өмнөөс маш их баярлаж, нулимс унагах үе өчнөөн байдаг байлаа.
Сувилагч мэргэжил гэдэг бол хүний төлөө хүн ёсоор ажиллахыг алхам тутамд сануулдаг, хүнлэг байхыг байнга шаардаж байдаг ажил мэргэжил. Сувилагч мэргэжилтний эрэлт хэрэгцээ жил ирэх тусам нэмэгдэх болсон байна. Энэ ч утгаараа би тэтгэвэртээ гарсан ч өрхийн эмнэлэгт хүүхдийн дархлаажуулалтын сувилагчаар ажиллаж байна.
Хавдар Судлалын Үндэсний төвийн ээлж сувилгааны сувилагч Д.Болормаа:
-Ямар ч хүнд энэрэнгүй сэтгэлээр хандаж, бусдыг эдгээж анагаахын төлөө чин сэтгэлээсээ хичээж ажиллах ямар сайхан гээч. Миний ахан дүүсийн л нэгэн адил хүн гэж энэрэн хандсаныхаа хариуд “баярлалаа, сувилагч аа” гэж хэлүүлэх л шагнал шиг байдаг даа. Тэндээс л би мэргэжлийнхээ аз жаргалыг мэдэрдэг байх.
Хавдартай, найдваргүй гэсэн оноштой хүмүүсийг эмчилж сувилах нь эмчлүүлэгчтэйгээ адилхан тэвчээр хатуужилтай байхыг шаардсан ажил байдаг. Хожуу үеийн онош сонссон хүмүүстэй харилцаж, тэдэнд эмчилгээ үйлчилгээ үзүүлэх үнэхээр амар биш. “Би эдгэрэх болов уу” гэж асууж байгаа юм шиг харц ямар хэцүү байдаг гээ. Хавдрын сувилагч нар тийм хүмүүсийн сонсогч, гэр бүлийнх нь нэг хэсэг, сэтгэл зүйч нь болж ажилладаг. Сэтгэл эмзэглээд, цээж хөндүүрлэж хонох үе өчнөөн тохиолдоно. Тэглээ гээд сэтгэлийн тэр хөдөлгөөнөө ажил албатайгаа хольж хутгахгүй байх асар их хатуужилтай байдлыг ч сувилагч хүн эзэмшсэн байх ёстой. Хавдар гэдэг үгийг би янз бүрээр ухаж ойлгохыг хичээж явдаг. Нэг талаас хав дарагдаж байгаад гэнэт гарч ирж цочролд оруулдаг аюул, нөгөө талаас хав дарж нуух ёстой хэцүү өвчин ч юм уу гэх мэтээр тайлбар олох гэж үзсэн. Орчин цагт эрүүл байх түмэн боломж бий. Бас эрсдэл ч олон болсон. Хүн бүр урьдчилан сэргийлэх үзлэг оношилгооны ач тусыг мэддэг болоосой, эрүүл мэнддээ хайртай байгаасай гэж боддог.