Да.Ганболд: С.Зоригийн хөшөөтэй АН-ын байр бол түүх дурсгалтай эд биш, буулгана. Эзэн нь юмаа мэдье
“С.Зоригийн хөшөөг заржээ. Зараад зогсохгүй хөшөөг нүүлгэн шилжүүлж газар дээр нь олон давхар цамхаг барихыг санаархаж байна. Үр могой эхийгээ залгидаг шиг МоАХ-оос улбаатай энэ байгууллага их л эелдэгээр “Зориг сан”-д хөшөөг нүүлгэн шилжүүлж өгнө үү гэжээ. Лав л Монгол хүний дотор хэзээ ч ийм атгаг шуналын сэдэл төрөхгүй. Монголын ардчиллыг эднээс хамгаалах хэрэгтэй болжээ гэдгийг ч бас харлаа. Бид “Зоригтой”-гоо үлдэнэ”. Энэ бол одоогоос сарын өмнө Хотын дарга Х.Нямбаатарын цахим хуудсаараа дамжуулан АН руу шидсэн чулуу байв.
Маргааш нь Х.Батулгыг Ерөнхийлөгч байх үед ЕТГ-ын даргаар ажиллаж байсан Ө.Шижир тэсгэл алдаж “…С.Зориг агсны хөшөөтэй байрыг Да.Ганболд тэргүүтэй хэсэг бүлэг хуяа нар зарчхаж. Олон мянган ардчиллын анхдагчид, партизануудын голомт болсон МоАХ өөрийн өмчлөлийн байрныхаа өмнө анхны зохицуулагч С.Зориг агсны хөшөөг тавья” гэж бичиж байсныг эргэн санах нь зүйтэй болов уу.
Тиймээс бид энэ удаад С.Зориг агсны хөшөөтэй АН-ын төв байр болоод газрыг эзэмшиж буй “Шинэ дэвшилтэд холбоо” ТББ-ын эзэмшигч, Тэргүүн шадар сайд асан Да.Ганболдтой ярилцаж, тодрууллаа.
“МАН-ЫНХАН БАЙРАА ШАТААЖ ХАЯЧХААД БАРЬЖ БОЛСОН БАЙХАД БИД ЯАГААД ШИНЭЧИЛЖ БОЛОХГҮЙ ГЭЖ…”
-Сүүлийн үед С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэрэг дахин сөхөгдсөний араас түүний хөшөөг хүртэл нүүлгэж, газар дээр нь барилга барих гэж буй мэдээлэл гарсан. АН дотор багагүй хэрүүл болж, тэр тусмаа МоАХ таны нэрийг цохож Ардчиллын үнэт зүйлээ үгүйсгэж, зарлаа хэмээн шүүмжилсэн. Та үнэхээр тэр газрыг зарчихсан юм уу?
-Зарчихсан гэж…Нэгдүгээрт, энэ асуудал тэр яриад байгаа хүмүүст огт падгүй. Хүмүүсийн хоёр нүд нь сохроогүй л бол байрны эргэн тойронд яваад хар л даа. Хаана нь юу өөрчлөгдчихсөн байгаа юм. Хэдхэн долоо хоногийн өмнө С.Зориг агсны төрсөн өдөр боллоо. Хөшөө нь байдаг газраа л байна. Хамгийн гол асуудал нь тэр байшин нь өөрөө 30-аад оны модон дээвэртэй нурах гэж байгаа хуучин байшин шүү дээ. Үүнийг ямар нэгэн байдлаар шинэ байшингаар солих цаг нь болоод бараг 20-оод жил болж байгаа юм. Гагцхүү улс төрийн гэдэг юм уу нөхцөл байдлаасаа болоод мөнгө босгох зэрэг олон асуудлууд тулгарсан.
Бид МАН-аас их зүйл сурч байна. МАН яагаад тэр хуучин байшингаа шатааж хаячхаад оронд нь Засгийн Газрын ордноос том 10 гаруй давхар байшин барьж болсон байхад манай нам яагаад шинэчилж болдоггүй юм. Байшин нь, хөшөө нь ч байна. Эзэмшил, өмчлөл нь хэвээрээ л байгаа. АН-ын тухайн үеийн экс намууд бүгд тэр үеийн жижигхэн муурын байшинтай байсан. Ерөөс яг хуучин эзэмшлээрээ байж байгаа цорын ганц байшин чинь энэ шүү.
МАН муулах зүйл олдохгүй болохоороо хаанаас ч хамаагүй сэдэв босгож ирээд л муулж байна.
-2012 онд танай намын Э.Бат-Үүл хотын дарга байхдаа тус газрыг барилгын зориулалтаар ашиглах захирамжийг гаргаад өгчихсөн байдаг гэж ярьдаг. Тэр цагаас хойш эзэмшил нь огт өөрчлөгдөөгүй гэхээр таны үүсгэн байгуулсан “Шинэ дэвшилтэд холбоо” ТББ-д л байдаг юм байна. Та хамгийн сайн мэдэж байх ёстой хүн нь шүү дээ?
-Анх 1990 онд л Шинэ дэвшилтэд холбооны нэр дээр л байсан. Одоо ч түүгээрээ хэвээрээ л байж байна. Барилгын зориулалтаар ашиглах захирамж гаргасан асуудлыг би мэдэхгүй байна.
“Д.БАЯСГАЛАНД ГАЗАР ЗАРСАН ГЭДЭГ ХУДЛАА. ТИЙМ ЯРИА Ч ӨРНҮҮЛЭЭГҮЙ”
-Таныг “Голомт”-ын Д.Баясгалангийн “Ардчиллын өргөө” ХХК-д 480 мянган ам.доллароор зарсан гэж яригдаад удаж байгаа шүү дээ?
-Худлаа. Би тийм яриа ч өрнүүлж байгаагүй. Сонгууль болох тоолонд л МАН С.Зоригийн хэргийг ярьдаг. Дөрвөн жилд нэг удаа гэнэт сэрчихсэн юм шиг элдэв асуудлыг манай нам руу гүтгэж дайдаг нь эрх баригчдын гэм биш зан. Өөрсдөө яагаад хэдэн миллиардаар нь идчихсэн хүмүүсээ шийтгэж торгодоггүй юм. Гадаадад данс эзэмшээд, их хэмжээний мөнгө хураагаад, олон хаус аваад, үнэтэй машин унаад зүгээр яваад байгаа хүмүүсээ эрх баригчид яах ч үгүй л байна.
-Та ЕТГ-ын дарга асан Ө.Шижирийн байр суурийг юу гэж дүгнэж байна. Та хоёр уулзаж байсан уу?
-Би Ө.Шижир гэж хүн танихгүй. Сонсож ч байгаагүй.
-Ер нь тэр хөшөөтэй байрыг шинэчлэх юм уу. Энэ хэвээр нь байлгах уу?
-Ер нь тэр байшинд хэн нэгэн хүн амьдрах бололцоо байна уу гэдгийг та өөрөө дотор нь ороод хар л даа.
-Тэгээд хэн шинэчлэх юм?
-Байшингийн эзэд л шинэчилнэ шүү дээ. Би засаг төрийг гуйхгүй.
“…ТЭГЭЭД Ч ТҮҮХ ДУРСГАЛТАЙ ЭД БИШ. ШИНЭ БАЙШИН БАРИНА”
-Та ер нь л хуучны зүйлд дургүй хүн бололтой. Түүх өгүүлсэн барилга гэж намын хууччуул чинь ярьдаг шүү дээ. Танай намын үнэт зүйлийн нэг хэсэг гэж ойлгодог?
-Тийм л юм бол өнөөдөр олон түүх дурсгал өгүүлсэн байшин хаана байна. Тэдний хэд нь өнөөдөр байна. Зарим нь яагаад алга болчихсон байгаа юм. Цөөхөн үлдсэн хэдэн хуучин байшингийн нэг нь манай тэр байшин. Тэгээд ч түүх дурсгалтай ч эд биш. Х.Чойбалсан тэнд хэсэг хугацаанд л амьдарч байсан юм билээ. Өөр тэнд ямар ч дурсаад байх зүйл байхгүй. Харин барилга архитектурын хувьд шийддэг олон мянган арга бий. Дахин хэлье. Байшинг буулгана. Шинэ байшин барина. Үүнийг байшингийн эзэн мэднэ.