Зуны олимпийн нээлт цэнгэлдэх хүрээлэнд эхлэхгүй ээ
Францын нийслэл Парист 33 дахь удаагийн зуны олимпийн наадам долдугаар сарын 27-ноос наймдугаар сарын 11 хооронд болно. Тус улс гурав дахь удаагаа олимпийн наадмыг зохион байгуулах гэж байгаа бөгөөд тэд нээлтийн ажиллагааг урьд өмнө тохиолдож байгаагүй өвөрмөц жаягаар дэглэж жуулчдын нүдийг хужирлана гээд байгаа.
Парис хотын төвөөр нь урсах Сена мөрөн гэж бий. Цагтаа дэлхийн улсуудын нийслэлүүд дундуур урсдаг голуудаас хамгийн бохироор нь нэрлэгдэж байсан ч гэлээ францчуудын шаргуу хөдөлмөрийн ачаар сүүлийн жилүүдэд ихээхэн цэвэршиж
бүр загас хүртэл харагдах болсон гэж яригддаг уг мөрөн энэ зуны олимпийн гол тайз нь болох нь ээ.
Олимпийн нээлтэд оролцох жагсаал нийтдээ зургаан км үргэлжилж завь болон тусгай зассан тавцан дээр хөвөн Сена гол дагуу хөврөх агаад зарим нэгэн газар урьдчилан зассан суудлууд төлбөртэй байхаас бус голын эрэг дагуух бусад хэсгүүд нь төлбөргүй, хүмүүс чөлөөтэй үзэж баясах боломжтой гээд байх юм. Ийм учраас нээлтийн ажиллагааны цар хүрээ урьд өмнө байгаагүй том талбайг эзэлнэ. Тэр нь мэдээж аюулгүй ажиллагааны асар том баг ажиллуулах
шаардлагыг давхар үүсгээд байгаа. Тиймээс Францын засгийн газраас нийт 46 улсад хамтран ажиллах, хүн хүч, техникийн туслалцаа үзүүлэхийг хүссэн захидал илгээж буй гэнэ. Франц улсын ерөнхийлөгч Эммануэль Макрон “Ямар ч осол, аюулгүй амьдрал гэж хэзээ ч байдаггүй. Тэгэх мөртлөө ийм том арга хэмжээг зохион байгуулахад аюулгүй ажиллагааны наад захын арга хэмжээг заавал хэрэгжүүлэх хэрэгтэй. Бид бүх хүчээ дайчлан ажиллана. Бидэнд итгээд манай нутагт ирээд сайхан наадаарай” гэж хэлснийг бодвоос тэд бэлтгэлээ сайн базааж байгаа бололтой.