“Аналитик сэтгүүл зүйг хөгжүүлэхэд Г.Отгонбаярын бүтээлүүд том судлагдахуун болно”

0

“iToim” агентлагийн үүсгэн байгуулагч, Монголын сэтгүүл зүйн салбарын нэгэн үеийн томоохон төлөөлөл, сэтгүүлч, нийтлэлч Гомбожавын Отгонбаярын сэтгүүл зүйн шилдэг бүтээлийн номын нээлт 2024 оны тавдугаар 10-ны өдөр боллоо.Нээлтийн үйл ажиллагаанд сэтгүүлч, нийтлэлч Г.Отгонбаярын гэр бүл, төрөл төрөгсөд, үе, үеийн хамт олон, найз нөхөд болон улс төр, нийгэм, сэтгүүл зүйн салбарын төлөөллүүд оролцов.Сэтгүүлч, нийтлэлч Г.Отгонбаярын 1998 оноос хойш бичиж туурвисан сэтгүүл зүйн 1000 орчим бүтээлээс гэргий Т.Сайханцэцэг нь сонгон дээжилж, сэтгүүлч нөхдөөс нь Л.Тунгалаг, Б.Түвшинтөгс нар хянан тохиолдуулах багт ажиллаж, “Нийтлэлч Отгонбаяр” сангаас энэхүү гурамсан ботийг эмхэтгэн хэвлүүлж, уншигчдын гарт хүргэж байгаа аж.Номын нээлтийн үеэр Г.Отгонбаяр агсны гэр бүл, төрөл төрөгчсөд, хамт олных нь санаачилгаар байгуулсан “Нийтлэлч Отгонбаяр сан”-гийн үйл ажиллагааг танилцуулав.

Б.Оргил

Б.Оргил”Нийтлэлч Отгонбаяр сан”-гийн гүйцэтгэх захирал Б.Оргил: Сэтгүүлч Г.Отгонбаяр ахын минь 23 жилийн турш бичиж туурвисан 1000 гаруй бүтээл бий. Эдгээр бүтээлээс нь 115 нийтлэл, 22 ярилцлага энэхүү гурван боть номд орсон. “Нийтлэлч Отгонбаяр сан”-г байгуулсан гол зорилго бол орчин цагийн сэтгүүл зүйд аналитик сэтгүүл зүйг түгээн дэлгэрүүлэх юм. Сэтгүүлч ах минь аналитик сэтгүүл зүйн нийтлэлүүдээрээ олонд танигдсан хүн байв. Тиймээс сан энэхүү зорилгоо хэрэгжүүлэхийн тулд хоёр үндсэн зорилт тавьсан. Нэгдүгээрт, сэтгүүл зүйн оюуны бүтээл, өвийг хамгаалах, мөнхжүүлэх. Хоёрдугаарт, сэтгүүлчийн нэрэмжит шагнал, тэтгэлэгт хөтөлбөрийг зарлахаар төлөвлөсөн.Эхний зорилтын хүрээнд сэтгүүлч, нийтлэлч Отгонбаяр агсны сэтгүүл зүйн бүтээлүүдээр ном гаргаж, өнөөдөр бид хуран цуглаад байна. Хоёр дахь зорилтын хүрээнд аналитик нийтлэлийн уралдаан зарлах, сэтгүүл зүйн чиглэлээр сурч буй оюутнуудын дунд ирэх есдүгээр сард тэтгэлэгт хөтөлбөр зарлахаар төлөвлөөд байна.Ингээд та бүхэнд сэтгүүлч, нийтлэлч Гомбожавын Отгонбаярын сэтгүүл зүйн шилдэг бүтээлийн номын нээлтэд хүрэлцэн ирсэн зочдын сэтгэгдлээс хүргэе.

quote photo

Отгоо шиг сэтгүүлчид олон болж сэтгүүл зүйн салбар зөв зам руугаа орно

Б.Ганболд-“Үндэсний шуудан” сонины Ерөнхий эрхлэгч асан, МУСГЗ, сэтгүүлч Б.Ганболд: Отгоогийн маань бүтээлээр гаргасан гурван ботийг анх гар дээрээ аваад яг Отгоотойгоо уулзаж байгаа юм шиг санагдсан. Энэхүү гурван ботьд багтсан бүтээлүүд нь бид хамт өдөр тутмын сонинд ажиллаж байхад, дараа нь iToim дээр байхдаа бичиж байсан танил бүтээлүүд. Гэхдээ энэ номыг уншихад сэтгүүлч хүн ямар байдаг, ямар байх ёстойг харж болно.Өнөөдрийн сэтгүүл зүй жаахан зөв бус, буруу замаар хөгжиж байгаа нь харамсалтай. Гэхдээ энэ цаг хугацааны асуудал байх. Манай Отгоо шиг сэтгүүлчид олон болбол сэтгүүл зүйн салбар зөв зам руугаа орно гэж боддог. Манай Отгоо бол өөрийн школыг бий болгохдоо хэд хэдэн зарчимтай байсан. Нэгд, материал үнэн баримттай байх. Хоёрт, сэтгүүлч хүн чанартай байх. Гуравт, үнэн зөвийг тал талаас нь задлан тайлбарлах зарчмыг баримтлан ажиллаж байсан учраас Отгоогийн бүтээлүүд он дарааллын бичиг. Энэ боть манай сэтгүүл зүйн салбарт маш хэрэгтэй. Сэтгүүлчид Отгоо шиг бичиж, туурвиж байж уналтаасаа гарах ёстой. Салбараа аврах ёстой. Энэ гурван боть шинэ залуу сэтгүүлчдээр тогтохгүй Монголын бүх сэтгүүлчид хэрэгтэй ном боллоо. Сэтгүүл зүйн салбар эргээд хөл дээрээ зогсох, сэтгүүлчид хүмүүжих, ёс зүйгээ баримтлах, үнэн зөв баримтын эрэлд гарах бүх ажилд энэ боть үнэхээр их хэрэг болно гэлээ.Сэтгүүлч, нийтлэлч Г.Отгонбаярын номын нээлтийн үгийг түүний багш, “Үндэсний шуудан” сонины Ерөнхий эрхлэгч асан, Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч Б.Ганболд хэлсэн юм. Түүнээс тэртээ 1998 онд сэтгүүлч Г.Отгонбаяртай хэрхэн танилцаж, цэргээ болгож байсан түүхийг нь хуваалцав.-“Өдрийн сонин”-ы мэдээллийн хэлтэст Отгоо орчихсон байсан. Баримттай, аятайхан бичдэг залуу байсан. Тухайн үед би “Зууны мэдээ” сонины эрхлэгч байсан. Тэгээд Отгоог дуудаад санал солилцоод, ярилцаад, хамтарч ажиллах санал тавихад Отгоо ч дуртай зөшөөрсөн. Ингээд бид 1998 оноос хамтарч ажиллаж эхэлсэн. “Зууны мэдээ”-гийн дараа бид “Үндэсний шуудан” сонинг байгуулсан. Дараа нь Отгоо iToim гэсэн өөрийн сайтыг байгуулсан. Сэтгүүл зүйн шинэ хэлбэр рүү орж, амжилттай ажилласан. Өдөр тутмын сонинд хуримтлуулсан туршилга дээрээ энэ сайтыг байгуулж, ажиллаж байсан. Сайн ч сайт.Би Отгоогоо хол явчихсан гэж боддоггүй. Отгоо үргэлж миний хажууд байдаг. Үргэлж хамт ярьж хөөрдөг байсан минь яг л хэвээрээ юм шиг “Отгоо ингэж байсан шүү дээ” гэж боддог. Бид бүх зүйл дээр санал нэгддэг, бие биедээ шаардлага тавьдаг байсан. Эрүүл сэтгүүл зүйн төлөө гэсэн зарчим биднийг нэгтгэдэг байсан.

quote photo

Өдөр тутмын сонины талбарт хариуцлагатай ажиллаж, үнэтэй хувь нэмэр оруулсан хүн бол Отгонбаяр сэтгүүлч.

Д.АмарбаясгаланЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан: Нутгийн эрхэм ах, Монгол Улсын сэтгүүл зүйн салбарын тод өнгө байсан Отгонбаяр ахын бүтээлүүдийг ном болгон олны хүртээл болгож буй гэр бүл, хамт олонд нь баяр хүргэж, талархал дэвшүүлье. Г.Отгонбаяр ахтай нэг талдаа ажил хэрэг, нөгөө талдаа нутгийн ах учир илүү ойр дотно ажиллаж ирсэн. Хэвлэл мэдээллийн салбар, тэр дундаа өдөр тутмын сонины талбарт хариуцлагатай ажиллаж, үнэтэй хувь нэмэр оруулсан хүн бол Отгонбаяр сэтгүүлч. Үеийнхэн дундаа “халзан Отгоо” гэгдэж, “Үндэсний шуудан” сониныг Отгонбаяр сэтгүүлчгүйгээр төсөөлөхийн аргагүйгээр ажиллаж явсныг бид мэдэх билээ. Дараа нь цаг үеэ  дагаад цахим сэтгүүл зүйн салбарт iToim.mn сайтаа байгуулж, өдөр тутмын сонины агуулга, нийтлэлийн цар хүрээг цахим сэтгүүл зүйд хөрвүүлэн ажиллах боломжтойг нотолж ажилласан сэтгүүлч.Гурван боть номоос улс төр, нийгэм, эдийн засгийн үйл явдлуудыг дүгнэж бичсэн нийтлэл, ярилцлагуудаас харахад улс төрийн амьдрал дахь дурсамжууд сэргэж байна. МАН-ын 2004-2005 оны үйл явдлууд, зөрчлүүд гээд Монголын улс төрийн 20 жилийн түүхийг харж болох бүтээл болжээ.Г.Отгонбаяр ахынхаа амьдралын сүүлийн жилүүдэд илүү ойр ажиллаж байсан цөөн хүмүүсийн нэг нь би байх. Ажил, амьдралын гачигдал зовлон тохиолдсон үед нь хажууд нь байж, бид цаашид илүү ойр ажиллах боломжийг эрэлхийлж байв. Ер нь түс тас яриатай, хүнтэй нөхөрлөж, дэмжиж чаддаг, хүнээс ач тус авснаа санаж явдаг сайхан эр хүн байсан. Өнөөдөр гэр бүл, үр хүүхэд, хамт олон, найз нөхөд нь бүтээлийн нээлтийг нь хийж байгаад бахархаж байна. Та бүхэнд сайн сайхныг хүсье.

quote photo

Г.Отгонбаяр эрхлэгч маань улс төрийн чиглэлээр гойд, гарамгай бичдэг сэтгүүлч байсан. Энэ гурван боть бол Монголын улс төр, нийгэм, эдийн засгийн үйл явдлуудын учир зангилааны товчоон гэж ойлгож болно.

Б.ТүвшинтөгсСэтгүүлч Б.Түвшинтөгс: Би Отгоо эрхлэгчийн цэрэг, сэтгүүл зүйн салбарт “А үсэг” заалгасан шавь нь юм. Эрхлэгчийн номонд орох бүтээлүүдийг эмхэтгэх ажилд тусалсандаа их баяртай байна. Ном бүтээх ажил жил тойрон үргэлжилсэн. Ном бүтээх санаачилгыг Отгоо эрхлэгчийн гэргий Т.Сайханцэцэг эгч гаргаж, олон хүний тус дэмээр бүтлээ.Г.Отгонбаяр эрхлэгч маань маш олон сэдвийн эрэл хайгуул хийж, мэргэжлийн түвшинд нийтлэлээ туурвиж, аналитик сэтгүүл зүйн өнгийг тодорхойлсон. Тэр дундаа улс төрийн чиглэлээр гойд, гарамгай бичдэг сэтгүүлч байсан. Энэ гурван боть бол Монголын улс төр, нийгэм, эдийн засгийн үйл явдлуудын учир зангилааны товчоон гэж ойлгож болно.Энэхүү бүтээл нь түүний гэр бүлийн ном биш, Монголын сэтгүүл зүйн, бичдэг туурвидаг бүх хүний хамтын сайхан өв болно гэдэгт итгэлтэй байна. Энэхүү номын хоёр дэвтэр нь нийтлэлээс, нэг дэвтэр нь түүний хийсэн ярилцлагуудаас бүтсэн. 1000 гаруй бүтээлээс нь түүвэрлэж авсан учраас уншигчдыг хэзээ уйдаахгүй, үнэ цэнээ алдахгүй далайцтай бүтээлүүд багтсан.

quote photo

Отгоо бол жинхэнэ мэргэжлийн хүн байсан

Ж.Сүхбаатар:УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар: Би 1997 онд УИХ-ын гишүүнээр ажиллаж Төрийн ордонд анх хөлж тавьж байхад манай Г.Отгонбаяр сонинд ажилладаг, ордонд сурвалжилга хийгээд явдаг байсан. Сүүлд 2008 онд УИХ-ын гишүүн болж Отгоотойгоо илүү ойр дотно болж, ярилцдаг, улс орны нөхцөл байдал, эдийн засаг, нийгмийн байдлын талаар ярилцдаг байсан. Эр улс суугаад 100 татаад ярьдаг байсан үе ч бий. Отгоо байнга “Хараа байна шүү Сүхээ” гэж байгаад л ярьдаг байсан. Отгоо бол цэвэр мэргэжлийн хүн. Тиймээс ч би үнэлж, хүндэлдэг байсан. Би сайн мэргэжилтнүүдэд үнэхээр хүндэтгэлтэй ханддаг, өөрөө ч өндөр түвшний мэргэжлийн хүн байхын төлөө хичээдэг.Манай Отгоо бодлого ярина. Улс орны асуудлыг том зургаар нь ярьдаг байсан. Мэргэжлийн сэтгүүлч байхыг хамгийн чухал зүйл бол үйл явдлыг дамжуулах бус цаад учир шалтгааныг нь, яагаад гэдгийг нь гаргаж ирдэг. Энэ бол мэргэжлийн хүний ажил. Үүнийг хийхийн тулд авьяас, мэдрэмжээс гадна түүний араас явдаг, толгойгоо ажиллуулдаг байх явдал юм. Манай Отгоо юмыг задлан шинжлэх, үйл явдлын цаад учир шалтгааныг тайлж, уншдаг, бичдэг байсан. Хэдийгээр өнөөдөр бидний дунд өөрөө байхгүй ч бүтээлүүд нь мөнхөд байна. Энэ гайхалтай хүнтэй уулзаж, найз нөхөд явж, олон удаа ярилцаж, санал бодлоо солилцож байсандаа талархаж байна.Отгоо бол сэтгүүлзүйн салбарын тод өнгө. Өөрөө iToim.mn гээд нэлээд хүчирхэг сайтаа бий болгосон. Бүтээлүүдээр нь гаргасан гурван ботийг сэтгүүл зүйн салбарынхан уншаасай. Г.Отгонбаярын үйл хэрэг энэ сайхан номуудаар үргэлжлэх нь, баяртай байна.

quote photo

Г.Отгонбаяр маань амьд ахуйдаа алдраа сийлчихсэн. Ялангуяа улс төр, бизнесийн хүрээнд чанартай, чансаатай нийтлэлч байсан.

Б.ГанчимэгСГЗ, Сэтгүүлч Б.Ганчимэг: Сайн нийтлэлийн үнэ цэн 20, 30 жил уншигчдын цээжинд байдаг. Ясны бичдэг хүмүүсийн бүтээлийг уншигчид ам дамжин ярьсаар байдаг. Өчигдөрхөн Отгоогийнхоо номыг эргүүлээд 20 жилийн өмнө бичсэн нийтлэлийг нь уншихад өнөөдөр цоо шинэ юм шиг уншигдаж байна лээ. Ер нь Г.Отгонбаяр маань бол амьд ахуйдаа алдраа сийлчихсэн. Ялангуяа улс төр, бизнесийн хүрээнд чанартай, чансаатай нийтлэлч байсан. Том дуу хоолой байсан. Энэ их савлагаа, давлагаатай үед Г.Отгонбаярын нийтлэлийг унших хэрэгтэй.

quote photo

Г.Отгонбаяр асуудалд баримттай, эх сурвалжтай, туйлшрахгүй, мэргэжлийн ханддаг байсан учраас бүтээлүүд нь үнэ цэнтэй оршиж байна

Б.ЭнхбаярХууль зүй, дотоод хэргийн сайд УИХ-ын гишүүн Б.Энхбаяр: Өнөөдөр нэг бодлын харамсалтай, нэг бодлын бахархал төрсөн өдөр байна. Би Г.Отгонбаяр сэтгүүлчийн нийтлэлийг алгасалгүй уншдаг байсан. Миний аав надад “Мэргэжилдээ эзэн байх нь хүний хамгийн том карьер” гэж хэлдэг байсан. Г.Отгонбаяр бол мэргэжилдээ хайртай, зүрх сэтгэлээсээ үнэнч, бас эзэн болж чадсан хүн. Тиймээс маш үнэ цэнтэй хүн байсан. Г.Отгонбаяр эрхлэгчтэй би олон удаа ярилцаж байсан, найз нөхөд байсан. Хэлэх ёстой юмаа хэлдэг, зөвлөдөг, бас шүүмжилж чаддаг байсан. Тэр нь үнэн байдаг учраас үнэ цэнтэй байсан.Бид хоёр 10 гаруй жилийн өмнө намайг УИХ дахь МАН-ын бүлгийн зөвлөх байхад анх танилцаж байсан. Тэгэхэд би гурван удаагийн “Баяртай яриа” гэдэг ток шоу хийж байсан юм. Бас дөрөв, таван нийтлэл бичиж байсан. Тэгээд нэг л болж өгөхгүй байсан. Харин нэг нийтлэлийг нь Г.Отгонбаяр эрхлэгч “Энэ их зүгээр болсон байна” гэж байсан. Тухайн үед урам аваад бичмээр ч юм шиг, бичвэл болмоор ч юм шиг санагдаж байна.Би iToim-ын залуучууд, хамт олонтой шууд хэл нэвтрэлцэж чадна. Өөрөөр хэлбэл, би ямар ч сэдвээр ярилцаж чадна. Яагаад гэхээр энэ хүний итгэж цуглуулсан баг, шалгуурыг нь давсан байна гэдэг тийм үнэ цэнтэй гэсэн үг. Тиймээс миний хувьд тэр хэмжүүрээр итгэж явдаг. Итгэл нь хариуцлагатайгаа хамт явдаг.Улс төр харагдаж байгаа шигээ байдаггүй. Ард иргэд өнгөн талыг нь л хардаг. Энэ хөтөлсөн жүжиг ч байж магадгүй, хэдэн ч үзэгдэлтэй байж магадгүй. Сэтгүүлч хүн ганцхан эх сурвалжтай байвал энэ маш их төөрөгдөл болно. Аливаа зүйлд шууд итгэл үнэмшлээр хандаж болохгүй.Г.Отгонбаяр асуудалд баримттай, нотолгоотой, эх сурвалжтай, туйлшрахгүй, мэргэжлийн байх гээд энэ олон үнэт зүйлийг өөртөө шингээсэн хүн байсан. Энэ ч утгаараа энэ хүний бичсэн нийтлэлүүд дотортой бас гаднатай. Үг бүхэндээ заавал нэг дотор, гадна утга шингээж явдаг, түүндээ хариуцлагатай ханддаг байсан.Надад бол нэлээд шүүмжлэлтэй ханддаг, хэлдэг байсан. Хүн итгэж байгаа, бусдаас илүү хайрлаж байгаа хүндээ сайн, мууг харамгүй хэлдэг гэж би боддог, хүлээж авдаг байсан. 

quote photo

Хэрвээ сэтгүүл зүй гэдэг салбар үнэхээр байдаг юм бол түүний бүтээлд шинжлэх ухаанчаар хандаж, судлах ёстой. Тэгж байж хөгжих ёстой.

Б.ЭнхцэцэгСэтгүүлч Б.Энхцэцэг: Г.Отгонбаяр бичиж байна гэдэг нь Монголд ямар нэгэн үйл явдал болж байна, түүнд нухацтай хандах ёстой гэдэг дохио байсан. Ийм сэтгүүлч байна гэдэг тийм ч амар зүйл биш. Г.Отгонбаяр үзгээ шүүрч, тэр дугаарт юм бичлээ гэвэл хадаас байдаг нь ёс юм шиг тогтчихсон. Бичлэгийн өнгө аяс нь маш эмх цэгцтэй, логик дэс дараалалтай, мэргэжлийн хуульчдыг сандраах хэмжээнд, УИХ-ын гишүүдийг өөрөөсөө ичиж зовох хэмжээнд улс төрийн нийтлэл бичдэг байсан.Аналитик сэтгүүл зүй гэж юу юм бэ гэдгийг маш сайн ойлгохын тулд Г.Отгонбаярыг судлах хэрэгтэй. Тухайн үед болж байсан ямар асуудлыг хэрхэн бичсэн нь өөрөө том судлагдахуун. Хэрвээ сэтгүүл зүй гэдэг салбар үнэхээр байдаг юм бол түүний бүтээлд шинжлэх ухаанчаар хандаж, судлах ёстой. Тэгж байж хөгжих ёстой.

Сэтгүүлч хүн мэдлэгтэй, чадвартай, бардам байхыг Отгоо маань харуулдаг байсан.

М.Оюунчимэг

undefined

УИХ-ын гишүүн М.Оюунчимэг: Энэ агуу хүний бүтээл гурван ботьд ч багтахгүй. Отгоо бид хоёр залуугаасаа холбоотой ажиллаж байсан. Отгоо сонингийн, би телевизийн сэтгүүлч байсан. Хамтдаа хөдөө, гадаа хамтдаа томилолтоор явдаг байсан. Тиймээс хувь хүн талаас нь би маш сайн мэднэ. Отгоо үгийн инженер байхаас гадна маш задгай сэтгэдэг, юманд их өөрөөр ханддаг байсан. Тэгсэн хэрнээ хэзээ ч худалдагддаггүй, өөрийнхөө үзэл бодлын эсрэг зогсдоггүй байсан. Сэтгүүлч хүн мэдлэгтэй, чадвартай, бардам байхыг Отгоо маань харуулдаг байсан.Энэ ном бол сэтгүүлзүйн мэргэжил эзэмшиж байгаа залуучуудад гарын авлага байтугай сургалтынх нь программд оруулчихвал жинхэнэ Отгонбаярууд төрөх байх гэж бодож байна. Манай сэтгүүлч бэлтгэдэг сургуулиудад сурах бичиг, гарын авлага, тоног төхөөрөмж маш хомс байдаг. Сүүлийн үед ийм мундаг нийтлэлүүд ч гарахгүй байна. Тиймээс манай сэтгүүлч бэлтгэдэг сургуулиудыг энэ номыг сургалтынхаа гол гарын авлага болгоосой гэж бодож байна.

Монголд аналитик сэтгүүл зүйг мэргэжлийн түвшинд нутагшуулсан хүн бол Г.Отгонбаяр.

С.БатбаатарУИХ-ын Тамгын газрын дэд дарга С.Батбаатар: Монголд аналитик сэтгүүл зүйг мэргэжлийн түвшинд нутагшуулсан хүн бол Г.Отгонбаяр. Цаашдаа ч энэ хүн аналитик сэтгүүл зүйгээрээ овоглогдож явна гэж би боддог. Аналитик бүтээлүүд нь ганцхан улс төрийн сэдэв биш, нийгмийн сэдвээр маш олон шилдэг бүтээл туурвисан, олон шилдэг ярилцлага хийсэн. Бүтээлүүд нь цаашдаа олон, олон ном болохоор  бүтээл бий гэдгийг би хамт оршин амьдарч, нөхөрлөж явсан хүний хувьд сайн мэдэж байна.

quote photo

Отгоо сэтгүүлчдийн ёс зүйг хамгийн их ярьдаг, баримталдаг байсан

Д.Мөнгөндалай

Сэтгүүлч Д.Мөнгөндалай: Отгоо бид хэд парламент яг төлөвшиж байх үеийн парламентын сэтгүүлчид. Отгоо “Ёс суртахуун Харвордын дипломоос үнэтэй” гэж хэлсэн үг байдаг. Ёс зүй бол үнэхээр манай салбарт тулгамдсан асуудал болчихсон. Манай салбар мэргэжлийн сэтгүүл зүйгээс гадна сошиал сэтгүүл зүйтэй холилдоод ялгагдахаа байчихсан. Хэрвээ сошиалчид алдаа гаргавал сэтгүүлчдийг алдаа гаргалаа гэж дайрна. Мөн сошиал хөгжсөн энэ цаг үед сэтгүүлдчийн хариуцлага, мэргэжлийн ур чадвар сайжирч, илүү ёс зүйтэй болох ёстой. Үүнийг манай Отгоо ямагт эхэнд тавьж ярьдаг сэтгүүлч байсан. Биднийг ид ажиллаж байх үед унаа тэрэг ховор, цалин ч бага байлаа. “Сэтгүүлч хүн хөлөөрөө хоолоо олж иддэг” гэж манай эрхлэгч тухайн үед хэлдэг байсан. Бид яг л хамтдаа гутлынхаа улыг эргэтэл өдөржингөө мэдээ, сурвалжилга хайгаад явдаг байсан. Бэлэн юм гэж байхгүй, өдөржингөө яваад нэг мэдээллийн араас яваад ирэхэд биднээс арай туршлагатай хүмүүс нь авчихсан байдаг байсан.Тухайн үед бие биеэ их хурцалдаг байсан. Мөн өрсөлдөхөөс илүү нэг нэгэндээ урам зориг өгдөг, дэмждэг, шүүмжилдэг, нэг үгээр эрүүл байсан гэж боддог.Сэтгүүлч Э.Энэрэл: Сэтгүүлч хүний хувьд үзэл бодлоосоо ухардаггүй, нурдаггүй, аль нэг талыг дагалдан гүйдэггүй байх чанар маш чухал. Энэ зан чанарыг авч үлдэнэ гэдэг өнөө цагт тун хэцүү болсон байна. Отгоо маань бүтээлээрээ, хийсэн үйлдлээрээ, улс төрийн даацтай нийтлэлүүдээрээ энэ зан чанарыг бүрэн илэрхийлж байсан хүн. Сэтгүүл зүйн салбарт дутагдаж байгаа зүйлсийг энэхүү гурван боть номоороо илэрхийлж байх шиг санагдаж байна.Сэтгүүлч Г.Улсболд: Отгоо эрхлэгч сэтгүүлч хүн эхлээд хүн байх ёстой, мэдлэг мэдрэмжтэй байх ёстой гэдгийг зааж сургаж, бидний материалыг маш сайн чиглүүлж, ажиллаж өгдөг байсан. Г.Отгонбаяр агсан олон, олон сэтгүүлч бэлтгэн гаргасан. Тэдгээр сэтгүүлчийн нэг болсондоо баярлаж явдаг. Сонин цахимд шилжээгүй байх үеийн олон архив энэ гурван боть номд орсон байна гэлээ.Сэтгүүлч, нийтлэлч Г.Отгонбаярын сэтгүүл зүйн шилдэг бүтээлийн гурамсан боть номын хуримд хүрэлцэн ирсэн гэр бүл, төрөл төрөгсөд, төр, нийгмийн зүтгэлтнүүд, үе үеийн хамт олон, найз нөхөд, сэтгүүл зүйн салбарынхандаа талархлаа.Номын цагаан баян дэлгэрэх болтугай.

Эх сурвалж: itoim.mn

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *