Хятадуудын захиалгаар монголчуудад халдсан 16 хүнийг яллав
Хятадуудын захиалгаар “Андын илч” компанийн монгол захирлуудад халдаж, галт зэвсгээр айлган сүрдүүлсэн “Ука” хочит Л.Алтанхуяг, “Хуланаа” хочит Б.Хулансамбуу, Н.Батцэнгэл, Б.Ууганзаяа, Н.Батдуулга, С.Билгүүн, Н.Алтангэрэл, Ц.Түмэнбаатар, П.Энхсайхан, А.Бадамсэрээжид, Ж.Түвшинтөгс, Э.Сумьяажаргал, Э.Бошигт, Д.Батмарта, М.Амартүвшин, С.Алтансүх нарт холбогдох хэргийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өчигдөр хянан хэлэлцлээ.
Ингээд Л.Алтанхуягийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг (Зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулах), 17.6 дугаар зүйлийн 2.3 дах заалт (Бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлэх),11.1 дүгээр зүйлийн 2.4 дэх заалт (Хүний эрүүл мэндэд зэвсэг …хэрэглэж, хүнд хохирол санаатай учруулах), 20.16 дугаар зүйлийн 2.1 дэх заалт, (Олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулах) гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд нийт 16 жил хорих ял оноолоо.
Шүүгдэгч Б.Хулансамбууг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэг (Зохион байгуулалттай гэмт бүлэгт элсэх), 17.6 дугаар зүйлийн 2.3 дахь заалт (Бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлэх), 12.1 дүгээр зүйлийн 2.10 дэх заалт (Хохирогчийг тохуурхан доромжилж хүчиндэх), 20.16 дугаар зүйлийн 2.1 дэх заалт (Олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулах), 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг (Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах) гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд нийт 16 жил 8 сар хорих ял оноов.
Шүүгдэгч Б.Ууганзаяаг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэг (Зохион байгуулалттай гэмт бүлэгт элсэх), 17.6 дугаар зүйлийн 2.3 дахь заалт (Бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлэх), 20.16 дугаар зүйлийн 2.1 дэх заалт (Олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулах), 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг (Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах) гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, нийт 9 жил 2 сар хорих ялаар шийтгэлээ.
Шүүгдэгч Н.Батцэнгэл, А.Бадамсэрээжид, Ж.Түвшинтөгс, С.Билгүүн, Н.Алтангэрэл, П.Энхсайхан нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэг (Зохион байгуулалттай гэмт бүлэгт элсэх), 17.6 дугаар зүйлийн 2.3 дахь заалт (Бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлэх) гэмт хэрэг үйлдсэн гэж буруутган, тус бүрт нь 6 жил хорих ял оноов.
Шүүгдэгч Э.Сумьяажаргалыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 2.3 дахь заалт (Бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлэх) гэмт хэрэгт хамтагчаар хамтран оролцсон хэмээн 7 жил хорихоор яллав.
Шүүгдэгч Ц.Түмэнбаатар, Н.Батдуулга нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 2.3 дахь заалт (Бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлэх) гэмт хэрэгт хамжигчаар хамтран оролцсон тул тус бүрт нь 5 жил хорих ял оноолоо.
Шүүгдэгч Э.Бошигт, Д.Батмарта нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэг (Зохион байгуулалттай гэмт бүлэгт элсэх) гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тус бүрийг нь 1 жил хорихоор тогтов.
Шүүгдэгч С.Алтансүхийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2.1 дэх заалт (Олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулах), 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг (Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах) гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнийн зорчих эрхийг 1 жил 2 сараар хязгаарлав.
Шүүгдэгч М.Амартүвшинг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх заалт (Олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулах) гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд хорих ял оногдуулахгүйгээр 1 жил тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авлаа.
Шүүхээс шүүгдэгч Б.Ууганзаяа, Н.Батцэнгэл нарыг улсын яллагч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2.2, 2.10 дэх заалт (Хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүчиндэх)-д зааснаар яллах дүгнэлт үйлдсэн юм. Үүнийг шүүх хянаад, гэмт хэргийн шинжгүй гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгов.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Алтанхуяг, Б.Хулансамбуу нарт оногдуулсан хорих ялыг хаалттай хорих ангид, шүүгдэгч Б.Ууганзаяа, Н.Батцэнгэл, А.Бадамсэрээжид, Ж.Түвшинтөгс, С.Билгүүн, Н.Алтангэрэл, П.Энхсайхан, Ц.Түмэнбаатар, Н.Батдуулга, Э.Бошигт, Д.Батмарта нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад, шүүгдэгч Э.Сумьяажаргалд оногдуулсан хорих ялыг эмэгтэйчүүдийн хорих ангид нээлттэй эдлүүлэхээр тогтоов.