Ипотекийн зээлийн эх үүсвэр нэмэгдсэнээр зээл олголт 42 хувиар өсчээ

0

Засгийн газраас Баялгийн сангийн тухай хууль баталж, хуулийн хүрээнд Хуримтлалын сан байгуулсан. Хуримтлалын санд төвлөрсөн 500 тэрбум төгрөгийн ипотекийн зээлийн эх үүсвэрт зарцуулахаар болсон. Өөрөөр хэлбэл, ипотекийн зээлийн санхүүжилтийг нэмснээр зээл авах хүсэлт гаргасан олон мянган хүний зээл шийдэгдэх боломж бүрдэж байгаа юм. Өнгөрсөн долоо хоногт Монголбанкинд Хуримтлалын сангийн дансыг нээж, арилжааны банкууд руу хувиарлалтаа хийж эхэлсэн. Монгол Улс ипотекийн зээлд хамгийн ихдээ жилд 700 тэрбумын санхүүжилт олгодог байсан бол Хуримтлалын сангийн 500 тэрбум төгрөг нэмэгдсэнээр ипотекийн зээлийн эх үүсвэр 1.2 их наяд төгрөг болж нэмэгдэнэ гэсэн үг.

Ипотекийн зээл олголт энэ оны дундажтай харьцуулахад сүүлийн 10 хоногт 42 хувиар нэмэгджээ

Арилжааны банкууд өөрийн эх үүсвэрээр болон Монголбанкны санхүүжилтээр зээл олгож байсан бөгөөд ипотекийн зээл олголтын явц удаашралтай, зээл авах хүсэлтэй иргэдийн тоо банкин дээр хүлээлт үүсгэсэн байгаа гэх мэдээлэл байсан. Тэгвэл Хуримтлалын сангаас эх үүсвэрийг арилжааны банкууд руу шилжүүлж эхэлснээс хойш ипотекийн зээл олголт энэ оны дундажтай харьцуулахад сүүлийн 10 хоногт 42 хувиар нэмэгдсэн байна.

Энэ талаар Монголбанкнаас тодруулахад, эх үүсвэр нэмэгдсэнээр ипотекийн хөтөлбөрийн хүрээнд оны эхнээс буюу 2024 оны тавдугаар сарын 10-ны өдрийн эцсийн байдлаар 365.9 тэрбум төгрөгийн зээлийг 3,101 өрхөд олгосноос Улаанбаатар хотод 248.9 тэрбум төгрөгийн зээлийг 1,944 өрхөд, орон нутгийн хэмжээнд 116.9 тэрбум төгрөгийн зээлийг 1,157 өрхөд олгосон байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад ойролцоогоор 50 хувиар өссөн үзүүлэлт бөгөөд үүнээс орон нутагт олгосон зээлийн дүн ойролцоогоор 90 хувь өссөн байна.

Ипотекийн зээл олгож буй арилжааны банкнаас авсан мэдээллээр 17 мянга орчим иргэн ипотекийн зээлийн хүсэлт өгсөн, банкууд зээлийг нь судалж байгаа. Мөн ипотекийн зээлийн эх үүсвэр нэмэгдсэнээр банкуудад ачаалал үүссэн зүйл байхгүй, зээл олголт хэвийн явагдаж байгаа гэх мэдээллийг арилжааны банкууд өглөө.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *