Урт үстэй богино улс төр ба улсаа битгий Венесуэл болгочихоорой!
Монголын парламентын ес дэх удаагийн сонгууль зургадугаар сарын 28-нд болно. УИХ-ын гишүүн болох “эрхэм” зорилго өвөртөлсөн улстөрчид энд тэндгүй, эрээ цээргүй “эх оронч” үг-үйлдэл гаргах нь идэвхжив. Нэг хэсэг нь ишиг хурга тэврэн гүйж, нөгөө хэсэг нь эдийн засгаа түймэрдэх нь холгүй халамж, хайр амлаж байна. МАНайхан угаасаа “хэдэн мал”-аа маллахдаа гаргууд хойно.
Сонгууль болгоноор МАН-ын гаргаж сэвдэг хэдхэн сэдэв бий, С.Зоригийн үхэл, “Оюутолгой”-н төсөл гэх мэт. Уг нь үе солигдсон юм бол ядаж тоглоомын дүрэм нь дагаад солигддог байлтай. Атал МАН-д биологийн нас солигдох явц өрнөсөн ч бодлогын болоод хандлагын соёл, өрсөлдөөний арга тактик нь огтоос өөрчлөгдсөнгүй. Аргагүй биз, хэзээ байтлаа алим модноосоо хол унадаг байлаа.
Харвард, Оксфорд, Стэнфорд, Йел, Колумбын их сургууль төгссөн ч коммунист намын гишүүн бол коммунист байдгийг Ховдын Засаг дарга Э.Болормаа, Харвардын эдийн засагч О.Батнайрамдал, Харвардын хуульч Б.Солонгоо нар нотлон харуулдаг. Ямарч тэнэг ардчилагч МАН-ын Э.Болормаа шиг “эвэнт” хийхгүй, Б.Солонгоо шиг эдийн засгаараа дэнчин тавихгүй.
МАН-ынханд нэг давуу чанар байдаг. Бусдаас ичиж айх, эрхэмлэх нэр төргүйгээр дарга хуц гэсэн бол хуцдаг, дайр гэсэн бол дайрдаг. С.Баярын хэлдэг үнэн, хөөрхөн бондгор бүсгүйн танигдах сэдэв нь “Оюутолгой” гэж. Үнэхээр ч Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Солонгоогийн улс төрд барьж яваа ганц сэдэв нь “Оюутолгой” болсон байна. Угаасаа ч өнгөрсөн найман жилд Монголын хууль, эрх зүйн орчин улам муудсаныг захын чавганц хэлээд өгөх биз. Тиймээс УИХ-д орохоор горилж яваа хуулийн дэд сайдад “Оюутолгой-гоос өөр иргэдийн тархийг угаах олигтой пиар олдоогүй байх. “Оюутолгой”-н гэрээг унших байтугай олж хараагүй хүмүүсийн эмзэг сэдэв дээр дөрөөлж, улс төр хийвэл олонд танигдана гэж ямар чөтгөр нь түүнд зөвлөчихсөн ч юм.
“Оюутолгой “нь Монголын Засгийн газар бие дааж анх удаа гуравдагч орны хөрөнгө оруулалтыг татсан мега төсөл. Хоёр их гүрний дунд орших Монгол Улс гуравдагч орны хөрөнгө оруулалтыг татаж, эдийн засгийн аргаар тусгаар тогтнолоо баталгаажуулсан нь түүхэн амжилт. Гэрээнд С.Баярын Засгийн газрын Сангийн сайд асан С.Баярцогт, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд асан Д.Зоригт, Байгаль орчны сайд Л.Гансүх нар гарын үсэг зурсан уу, зурсан. Хэрэвзээ С.Баярцогтод алдаа, оноо байгаа гэвэл тэр нь МАН-ын Засгийн газарт, Ерөнхий сайд асан С.Баярт очиж наалдах болно. Түүнээс С.Баярцогт буруутай, МАН болоод С.Баяр гавъяатай байж болохгүй.
Алдаа, оноотой ч “Оюутолгой”-н төсөл хэрэгжсэнээр Монголын эдийн засаг арав дахин тэлсэн нь үнэн. Өнгөрсөн хугацаанд нийт 10.9 их наяд төгрөг буюу 4.5 тэрбум ам.долларыг тус төслөөс татвар, хураамж болгон төлсөн нь бодит өгөөж. Монгол Улс “Оюутолгой”-н төслөөс нэгд, татвар хураамжаар, хоёрт, АМНАТ-аар, гуравт, ногдол ашгаар шууд өгөөж хүртэхээр гэрээлсэн бий. Шууд бус өгөөж нь гэвэл уул уурхайн салбарт оруулж байгаа шинэ соёл, шинэ туршлага, шинэ ноу-хау, шинэ технологи. Маш олон монгол хүнийг мэргэжлийн уул уурхайчин болгож байна. Нийт ажилчдын 97.3 хувь нь монгол хүн. Тэр хэрээр дэлхийн стандартаас монголчууд суралцаж байна гэсэн үг. Онол үзсэн эрдэмтнээс практик мэддэг ажилчин Монголд өнөөдөр хэрэгтэй.
Нөгөө талаасаа, 2009 оны аравдугаар сарын 6-ны өдөр “Оюутолгой”-н гэрээ зурагдаагүй бол “Эрдэнэс Тавантолгой”, “Эрдэнэт” шиг хулгай, луйврын үүр овоохой болоод дуусах байсан нь гарцаагүй. Төрийн өмч бол ялсан намын, эрх мэдэлтэй дарга нарын хувийн өмч болдог нь гашуун үнэн.
Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Солонгоо хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Оюутолгойн өр нэмэгдээд байгаа. Үүнд С.Баярцогт буруутай” гэжээ. Б.Солонгоогийн ам нь халаад хадуурав уу, аль эсвэл андуурав уу?!
Ямартай ч Монгол Улсын Засгийн газар “Оюутолгой” төслийн 34 хувьд ногдох 2.3 тэрбум ам.долларын үндсэн зээл болон хүүгийн өрийг 2022 оны нэгдүгээр сарын 25-нд бүрэн тэглэсэн талаараа мэдээлсэн. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Ирээдүйд тооцогдох 22 тэрбум ам.долларын өр үүсэхгүй болсноор “Оюутолгой” төслийн Засгийн газрын эзэмшлийн 34 хувь Монгол Улсад үнэ төлбөргүй ирж, монголчууд бид 2009 онд анх гэрээ байгуулсан өдрийн нөхцөл байдал буюу ТЭГ гараан дээрээ дахин ирлээ” гэж хоёр жилийн өмнөх Оюутолгойн далд уурхайн нээлтийн үеэр, цан цохихдоо хэлж байсан нь цахим ертөнцөд үлджээ.
Хоёр хүн хамтран бизнес эрхэлсэн тохиолдолд нэг нь дан ашгаа хүртээд, нөгөө нь дан алдагдлаа хүлээгээд явдаггүйг тэнэг хүн ч гадарлана. Ийм тэнэг ухагдахууныг Харвардад арай заагаагүй байх. Харин Ардын намд орсон ямарч эрүүл ухаантай хүн ардчиллын дайсан болж хувирдаг нь гэм биш. Угаасаа коммунист угшилтай, наанаа хүний тэгш эрх ярих ч цаанаа гахайд илүү тэгш эрх олгодог нам шүү дээ.
Тэгээд ийм нэг үг байдаг, “Шатар тоглоод дуусахад ноён, хүү хоёр нэг хайрцагт ордог”. Сонгууль болоод дуусна. Б.Солонгоо, С.Баярцогт хоёр нэг улсад амьдарна. Сонгуулийн настай, богино улс төрийн төлөө улсаа битгий Венесуэл болгочихоорой, Б.Солонгоо сайд аа!