Ч.Номин сайд төсвийн мөнгөөр сэтгүүл хэвлэж, танхимын зарчмаас гажив
Саяхнаас хэсэг залуус айлуудын хаалга нүдэн, “Ах аа, сонгуулийн сурталчилгаа биш шүү” гэсээр үл мэдэгдэх сэтгүүлүүд тарааж эхэлжээ. Аваад үзвэл УИХ-ын гишүүн болон Засгийн газрын зарим сайд өөрсдийн ажлын тайланг сурталчилж яваа нь тэр аж. Зарим нь бүр насанд хүрээгүй хүүхдүүдэд үнэгүй тоглолт үзүүлснийхээ дараа сэтгүүлээ тараасан ёс бус үйлдэл гаргажээ.Ард түмнээс сонгогдсон УИХ-ын гишүүд ажлын тайлан гээд сэтгүүл тарааж байгааг “за яах вэ” гэхсэн. Гэтэл Засгийн газрын гишүүн нь өөрийн зурагтай ажлын тайлан нэртэй сурталчилгаа явуулж байгаа нь хууль бус үйлдэл бус уу.Угтаа Үндсэн хууль болон бусад хуульд зааснаар Засгийн газар нь кабинетын зарчмаар ажиллаж, хийж хэрэгжүүлсэн ажлаа хууль тогтоох дээд байгууллага буюу УИХ-д тайлагнах учиртай. Гэтэл Засгийн газрын сайд нь ажлын тайлан гээд төсвийн мөнгөөр сэтгүүл хэвлэж, өөрийгөө пиардаж явааг юу гэж ойлгох вэ.Тухайлбал, Соёлын сайд Ч.Номин Сонгинохайрхан дүүргийн хүүхдүүдэд жүжгийн үнэгүй билет өгч, эцэг эхэд нь 2021-2024 онд Соёлын яамны хийсэн ажил гээд өөрийнхөө зурагтай сэтгүүлийг тараажээ. Өөрөөр хэлбэл, эрхэм сайд горилж буй тойргийн сонсогчдоо онилж, хуульд заасан сурталчилгаа эхлээгүй байхад сэтгүүл тараасан нь өөрөө асуудал юм.Засгийн газар бол хамтын шийдвэр гаргаж, кабинетын зарчмаар ажилладаг. Сайд нар хийсэн ажлаараа сэтгүүл гаргаж бус Ерөнхий сайдад шууд тайлагнаж явах учиртай билээ. Засгийн сайд нь ард түмнээс сонгогддог УИХ-ын гишүүн шиг авирлаж, төсвийн мөнгөөр сэтгүүл тарааж, танхимын зарчмаас гажсан үйлдэл хийж яваад нь Ерөнхий сайд арга хэмжээ авах уу.Айсуй УИХ-ын сонгуулийн сурталчилгаа хуульд заасны дагуу 2024 оны зургадугаар сарын 10-ны өдрөөс эхэлж зургадугаар сарын 26-ны өдрийг дуустал үргэлжлэх ёстой. Сонгуулийн сурталчилгаа эхлэхээс бараг сарын өмнө ийн сэтгүүл тарааж, өөрсдийгөө сурталчилж буй нь хууль зөрчөөд зогсохгүй иргэдийн дургүйцлийг ихээр хүргэж байна.Энэ талаар иргэний нийгмийн байгууллагууд хэдийн эсэргүүцлээ илэрхийлж эхэлсэн ба цаашид Сонгуулийн ерөнхий хорооны мэдэгдэл, авах арга хэмжээг иргэд, сонгогчид хүлээж байна.