С.Баярцогтын үнэн түүх #2: Үндэслэлгүйгээр хөрөнгөжиж олж авсан 3.35 тэрбумын гурван ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГӨ

0

Сангийн сайд асан С.Баярцогтыг гурван шатны шүүхээр ялласан шалтгааныг нэхэн тайлбарлаж буй цувралын энэ дугаарт, түүний үндэслэлгүйгээр хөрөнгөжиж олж авсан гурван үл хөдлөх хөрөнгийг танилцуулъя.

Өмнө нь С.Баярцогт Оюу толгойн Хөрөнгө оруулалтын гэрээг “зуралцаж”, нийт 65.7 тэрбум төгрөгийн ашиг, орлого олсон талаар тайлбарласан.

Тэгвэл шүүхэд авагдсан баримтын хүрээнд дөрвөн асуудлыг онцолсон байдаг.

Үүний хоёр нь өмнөх дугаарт онцолсон,

  • Хөрөнгө оруулалтын гэрээний төслийг хөрөнгө оруулагч талтай тохирох ажлын хэсгийг ахалж байхдаа С.Баярцогт нь “Айвэнхоу Майнз”-ын хувьцааг худалдан авсан. Гэрээ байгуулагдсаны дараа худалдаж, 1.8 тэрбум төгрөгийг ашиг олсон. Үүний 1.6-г оффшор банкан дахь данснаас татсан
  • Эхнэр Ч.Нарантуяагийн хамаарал бүхий “Кью эф эс” ХХК-иар дамжуулан “Оюу толгой” ХХК-д ажил үйлчилгээ үзүүлж, 63.9 тэрбум төгрөгийн орлого олсон тухай.

Харин үлдсэн хоёр нь үл хөдлөх хөрөнгө юм.

Эхний үл хөдлөх хөрөнгө: 1.4 тэрбумын үнэлгээтэй “Белла виста” хотхоны таун хаус, 1-р байр.

Хаяг нь Хан-Уул дүүргийн 11-р хороо. Энэ нь С.Баярцогтын нэр дээр бүртгэлтэйг шүүх тогтоосон. Таун хаусаас гадна авто зогсоолыг оруулж тооцсон.

Өөрийн хууль ёсны орлогоос гадна, ямар эх үүсвэрээр худалдаж авснаа тайлбарлаж чадаагүй.

Хоёр дахь үл хөдлөх хөрөнгө: 1.1 тэрбумын үнэлгээтэй “Белла виста” хотхон, 300-р байр.

Хаяг нь мөн Хан-Уул дүүрэг, 11-р хороо. Тоотыг дурдалгүй орхив. Мөн С.Баярцогтын хүү Гомбо-Эрдэнийн нэр дээр бүртгэлтэйг шүүх тогтоосон байдаг.

Хоёр авто зогсоолтой, үүнийг мөн үнэлгээнд оруулж тооцсон. Худалдаж авсан эх үүсвэрээ тайлбарлаж чадаагүй.

Гурав дахь үл хөдлөх хөрөнгө: 852.8 сая төгрөгийн үнэлгээтэй Нүхтийн зам дагуух байшин

Хаяг нь Хан-Уул дүүэг, 4-р хороо. Нүхтийн зам дагуух 252 тоот, 362.98 м.кв талбай бүхий. Доторх тавилгыг үнэлгээнд оруулсан. Өдгөө зургийг дарахаар очвол Нүхтийн зам дагуух байшин хорооллын дэс дугаарлалт өөрчлөгдсөн тул олдсонгүй.

Үүнийг С.Баярцогт 2015.12.02-ны өдөр Хожгорын Дөчинтав нэр дээр гэрчилгээ гаргуулсан. Мөн худалдаж авсан эх үүсвэрийг тайлбарлаж чадаагүй.

Шүүхээс үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзсэн дээрх гурван үл хөдлөх хөрөнгийн нийт үнэлгээ 3.35 тэрбум төгрөг болж байна.

С.Баярцогт нь:

  • 2004-2006 онд УИХ-ын гишүүн
  • 2004-2006 онд Засгийн газрын гишүүн
  • 2008-2012 онд сайдаар тус тус ажилласан. Энэ түүний төрд ажилласан буюу, шүүхээс хууль ёсны орлого тооцсон огноо.

Харин энэ хүрээн дэх хууль ёсны хөрөнгө орлогодоо тэрбээр дээрх үл хөдлөх хөрөнгүүдийг дурдаагүй. Мөн, дахин онцлоход худалдан авсан эх үүсвэрээ тайлбарлаж чадаагүй юм.

Сэтгүүлчийн тэмдэглэл:

С.Баярцогтыг олон нийт УДШ-ээр цагаадсан гэж ойлгодог.

Гэвч гурван шатны шүүх бүгд түүнийг гэм буруутай гэж үзсэн.

Эцсийн шийдвэр байх ёстой УДШ-ын 238-р тогтоолд гэхэд,

  • Нийтийн албанд томилогдох эрхийг гурван жилээр хасаж, дөрвөн жил найман сар хорих
  • Ашиг сонирхлын зөрчлийн улмаас олж авсан 1.3 сая ам.долларыг улсын төсөвт шилжүүлэх
  • Дээрх мөнгийг улсын төсөвт шилжүүлэхгүй бол үл хөдлөх хөрөнгүүдийг битүүмжилсэн хэвээр байх. Улмаар худалдан борлуулж, төлбөрт оногдох хэсгийг төсөвт, илүү гарсныг буцаан олгосугай гэж дурдсан байдаг юм.

Гэвч УДШ-ийн шийдвэр эцсийнх байх зарчим ганц С.Баярцогт дээр алдагдаж, хэргийг прокурорт буцаасан. Улмаар прокурорын шатанд хэрэгсэхгүй болж байв.

Энэ түүхийг дараагийн цувралд хөндөх болно.

Эх сурвалж: Eguur.mn

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *