С.Баярцогтын үнэн түүх #1: Оюу толгойн гэрээг зуралцаад ₮65.7 ТЭРБУМЫГ ТӨВЛӨРҮҮЛСЭН ашиг сонирхлын зөрчил
2024 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшихээр ил тод бэлтгэж буй, Сангийн сайд асан С.Баярцогтыг олон нийтийн зарим хэсэг боловсролтой, шударга, итгэл даах улстөрч гэж үнэлдэг.
Уг нь Оюу толгойн Хөрөнгө оруулалтын гэрээг хөрөнгө оруулагч талтай тохирсон С.Баярцогт гурван шатны шүүхээс ял сонссон хүн. Мөн УДШ-ээс түүнийг цагаатгасан гэж ойлгогддог.
Угтаа дээд шүүхийн шийдвэр ч түүнийг гэм буруутай гэж үзсэн юм. Гэвч, УДШ-ийн шийдвэр эцсийнх байх зарчим ганц С.Баярцогт дээр алдагдаж, түүний хэргийг тусгаарлан, прокурорт буцаасан байдаг. Харин прокурорын шатанд С.Баярцогтод холбогдох хэрэг хэрэгсэхгүй болсон.
Энэ түүхийг сануулъя. Чухамдаа С.Баярцогт ямар хэргээр ял авсан бэ. Тэр юу хийсэн бэ. Мөн УДШ-ийн шийдвэр гарчхаад байхад, яаж хэргийг нь тусгаарлан прокурорт буцаасан бэ.
Цуврал нийтлэлийн эхний дугаарт, С.Баярцогт нь “Оюу толгой” төсөлд хэрхэн эрх мэдлээ урвуулан ашиглаж, өөртөө давуу байдал үүсгэн хөрөнгөжсөнийг сөхье.
Нэг: Хувьцаанаас 1.3 тэрбумын ашиг хийж, оффшор компаниас татсан нь
С.Баярцогт Сангийн сайдаар ажиллаж байхдаа, Оюу толгойн Хөрөнгө оруулалтын гэрээний төслийг хөрөнгө оруулагч талтай эцэслэн тохирох ажлын хэсгийг ахалсан.
Тухайн үед хөрөнгө оруулагч компани “Айвэнхоу Майнз” нэртэй байв. Хожим нь “Туркоиз Хилл Ресурс” болсон. Харин одоо тус компанийн бүх хувьцааг “Рио Тинто” худалдан аваад буй.
Харин С.Баярцогт Оюу толгойн гэрээний төсөлд, Засгийн газрыг төлөөлж ажилласан. Мөртлөө, энэ үедээ “Айванхоу Майнз”-д хөрөнгө оруулалт хийж, хувьцааг нь худалдаж авав.
Үүний цаана, гэрээ байгуулагдсаны дараа “Айвэнхоу Майнз”-ын хувьцааны ханш өснө гэж урьдчилан тооцоолсон нь харагддаг.
Харин гэрээ хүчин төгөлдөр болсны дараа, авсан хувьцаагаа буцаагаад зарсан нь 2010 оны 3-4-р сар юм. Тухайлбал, 150 мянган ширхэг хувьцааг нийт 2.7 мянган ам.доллараар буюу 3 тэрбум 838 сая төгрөгөөр заржээ.
Улмаар 1.3 мянган ам.доллар буюу 1.8 тэрбум төгрөгийн АШИГ олсныг шүүх тогтоосон.
Түүнчлэн, уг ашгийн 1.6 тэрбум төгрөгийг нь оффшор бүсэд байгуулсан “ND Harmony LTD” компанийн данснаас, Монгол руу татаж байв.
Тухайн оффшор компанийн Щвейцар дахь “Свисс Ай Жи” банкнаас “Ийстерн металс” ХХК-ийн Голомт банкан дахь дугаар дансанд тус 1.6 тэрбум төгрөг шилжсэн бөгөөд, С.Баярцогт мөнгийг хэрэг шүүхийн шатанд шилжтэл ашиглаж байсан нь тогтоогдсон.
С.Баярцогт өөрөө үүнийг “Тухайн үед ХоГ байгуулагдвал хувьцааны ханш өснө гэж гишүүд бүгдээрээ ярьж байсан. Хувь хүн алив компанийн хувьцааг худалдан авч, буцааж зарах нь Монголын төрд хохиролгүй” гэсэн агуулгаар тайлбарлаж байв.
Гэвч, Монголын Засгийн газрыг төлөөлж, уул уурхайн томоохон төслийн хөрөнгө оруулалтын гэрээн дээр ажиллаж байхдаа, тус хөрөнгө оруулагчийн хувьцааг худалдаж авна, улмаар 1.6 тэрбум төгрөгийн ашиг олно, түүнийгээ заавал оффшор компанийн дансанд хадгална гэдэг нь ашиг сонирхлын зөрчил мөн.
Хоёр: Эхнэрийнх нь хамаарал бүхий компани “Оюу толгой” ХХК-иас 63.9 тэрбумыг олсон нь
Түүний дараа, С.Баярцогтын эхнэрийн хамаарал бүхий компани “Оюу толгой” ХХК-тай хамтран ажиллах гэрээ байгуулж, ажил үйлчилгээ үзүүлээд нийт 63.9 тэрбум төгрөгийн орлого олсныг дурдаж болно.
Шүүх С.Баярцогтын эхнэр Ч.Нарантуяагийн 50 хувь эзэмшдэг “Кью Эф Эс” ХХК нь Оюу толгой төслөөс 42.2 тэрбумын орлого олсныг нотолсон. Энэ нь 2010-2012 онд хамаарах үйл ажиллагаа юм.
Харин 2013.01.24-нд “Кью Эф Эс” нэрээ “Номадс Катеринг энд интегратэд сервисис” болгож өөчилсөн. Улмаар дахин 20.7 тэрбумын, нийт 63.9 тэрбумын орлого олсон.
Шүүхээс үүнийг “Оюу толгой төслийн хөрөнгө оруулагчтай хэлэлцээ хийх ажлын хэсгийг ахалж байсны хувьд, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, албаны чиг үүргийн дагуу олж авсан мэдээллээ хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашигласан” гэж дүгнэсэн юм.
С.Баярцогтын хувьд өөрөө, “Кью Эф Эс” компани нь түүнтэй болоод түүний эхнэр Ч.Нарантуяатай огт хамаагүй гэж тайлбарладаг.
Гэвч мөн л нотлогддоггүй.
Тухайлбал, “Кью Эф Эс” ХХК-ийн Гүйцэтгэх захирлаар М.Есөнмөнх ажиллаж байв. Харин М.Есөнмөнх нь С.Баярцогт, Ч.Нарантуяа нарын 2000 онд үүсгэн байгуулсан “Нидо” ХХК-ийн Гүйцэтгэх захирлаар мөн 2008-2012 онд ажилласан намтартай.
Түүнчлэн М.Есөнмөнх нь “Хаан гэр” гэж компанитай. Харин С.Баярцогт М.Есөнмөнхөд 458 сая төгрөг зээлүүлж, өрөө авалгүйгээр “Хаан гэр”-ийнх нь 50 хувийг эзэмшсэн байна. Улмаар 2007.12.20-нд М.Есөнмөнхийн “Хаан гэр” ХХК-ийн 50 хувь С.Баярцогт, Ч.Нарантуяа нарын “Нидо” ХХК-д шилжсэн.
Дараа нь, М.Есөнмөнх өөрийн “Кью Эф Эс” ХХК-ийн дүрмийн сангийн тодорхой хэсгийг “Хаан гэр” ХХК-д шилжүүлжээ.
Эдгээр хэлцэлд Ч.Нарантуяа гарын үсэг зурж байсан гэх. Энэ шугамаар “Кью Эф Эс” компани нь С.Баярцогт, түүний эхнэр Ч.Нарантуяа нарт холбогддог аж.
“Хаан гэр” нэрээ “Номадс холдинг” болгож өөрчлөөд, 2021 онд татан буугдсан.
Харин “Кью Эф Эс” нэрээ “Номадс Катеринг энд интегратэд сервисис” болгож өөрчилснийг дээр дурдсан. Өдгөө М.Есөнмөнх эцсийн өмчлөгчөөр бүртгэлтэй хэвээр.
Түүний “Айвэнхоу Майнз”-ын хувьцаа худалдсан ашиг, “Кью Эф Эс”-ээр дамжуулж олсон орлого нийт 65.7 тэрбум төгрөг болж байна.
Дээрх бүхэн нь түүнд гурван шатны шүүхээс ял оноосон цөм үндэслэл. Авчиг, УДШ-ээр шийдэгдсэн мөртлөө түүний энэ хэрэг прокурорын шатанд ХЭРЭГСЭХГҮЙ болчихсон нь сонирхолтой.
Сэтгүүлчийн тэмдэглэл:
Оюу толгойн хөрөнгө оруулалтын гэрээний алдааг өнөөгийн Засгийн газар засахаар чармайж байна. Хөрөнгө оруулагч талтай хэлэлцээ хийж, эхнээсээ хэд хэдэн чиглэлд амжилт гаргасан.
Тухайлбал, “Оюу толгой” ХХК-иас Засгийн газрын эзэмшдэг 34 хувь ноогдох 2.3 тэрбум ам.долларын өрийг тэглэв. Тэгэхгүй бол ноогдол ашгаараа уг зээлийг төлөх, улмаар төлж байтал Оюу толгойн төсөл дуусах, улмаар хэзээ ч ноогдол ашиг авахгүй байх нөхцөл үүсээд байсан. Тэр бүү хэл, 2050 онд Монгол Улс дахиад 22 тэрбум ам.долларын өртэй үлдэх тооцооллыг “Рио Тинто” тал хийгээд байсан юм.
Харин одоо татварын асуудлаар Засгийн газар арбитрт шүүхдэж байна. Засгийн газар гурван удаагийн татварын акт тавьсан ч хүлээн зөвшөөрдөггүй. Зөвшөөрдөггүй шалтгаан ерөөс 2009 оны ХоГ-тэй холбоотой.
Энэ гэрээг өдгөө шинэчилж, засах шаардлагатай талаар Засгийн газар удаа дараа мэдэгдсээр буй.
Угтаа ХоГ-ний төслийн анхны эхийг хөрөнгө оруулагч тал өөрөө боловсруулсан байдаг. Тэр төсөлд нь С.Баярцогт ажилласан.
Энэ мэтээр дурдвал С.Баярцогт Оюу толгойн хөрөнгө оруулалтын гэрээ байгуулагдах үес Сангийн сайдаар ажиллаж таарсан л болохоор гавьяаг нь хүртдэгээс, цаг хугацааны шалгуурт дээрх байдлаар дурсагдана.
Дараагийн цувралд, С.Баярцогтын үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн эх үүсвэрээр худалдаж авсан гурван үл хөдлөх хөрөнгийн талаарх мэдээллийг хүргэнэ.
Эх сурвалж: Eguur.mn