Дэлхийн 48 оронд хүлээн зөвшөөрөгддөг Халал гэрчилгээг Монгол улсад албан ёсоор олгожээ
Манай улсын нийт махны экспортын 80 гаруй хувийг БНХАУ эзэлдэг. Голдуу дулааны аргаар буюу махыг усанд чанаж, вакумжуулж бэлтгэсэн махыг экспортолдог.
Түүнчлэн 2019 оноос хойш халал аргаар бэлтгэсэн махыг Иран улс руу их хэмжээгээр нийлүүлэх болсон.
Тэгвэл Халал аргаар бэлтгэсэн махны экспортыг нэмэгдүүлэх боломж нэг алхам урагшиллаа. Тодруулбал, дэлхийн 48 оронд хүлээн зөвшөөрдөг Халал гэрчилгээг Монгол улсад албан ёсоор олгожээ.
“Халал” гэдэг нь зөвшөөрөгдсөн, цэвэр гэсэн утгатай үг, эсрэгээр “харам” нь хориглосон, эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй гэсэн утгатай. “Халал” гэсэн үг маш өргөн хүрээтэй ойлголтыг хамаардаг бөгөөд энэ нь хоол хүнсний хувьд найрлагад нь ямар нэгэн согтууруулах бодис болон хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй шоргоолжны хүчил гэх мэт зүйлс агуулагдаагүй байх, мах болон махан бүтээгдэхүүний хувьд малыг нядлахдаа шашны ном ёсоор хоолойг нь хэрчих аргаар нядлах, нядалсан мал нь ямар нэгэн өвчингүй эрүүл байх гэх мэтчилэн шаардлагуудтай байдаг. Уг шаардлагуудыг хангаж бэлтгэгдсэн хоол хүнсийг халал буюу зөвшөөрөгдсөн, цэвэр хүнс гэж нэрлэдэг.
Ингэснээр Манай Улсаас Арабын орнуудад халал мах, махан бүтээгдэхүүн экспортлох гарц тэлж байгаа гэсэн үг юм.