Онцгой байдлын байгууллагын “Алба сурталчлах өдөрлөг” төв талбайд боллоо
Монгол Улсад орчин цагийн Онцгой байдлын байгууллага үүсэж, нэгдсэн тогтолцоонд шилжсэний түүхт 20 жилийн ой 5сарын 16ны өдөр тохиолоо.
Ойн баярыг тохиолдуулан эрхэлсэн ажил, салбартаа үр бүтээлтэй ажиллаж, улс орныхоо хөгжил дэвшилд бодитой хувь нэмэр оруулж буй алба хаагчдыг Монгол Улсын Шадар сайдын тушаалаар салбарын шагналаар шагнасныг Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, ОБЕГ-ын дарга, Хошууч генерал Г.Ариунбуян, Тэргүүн дэд дарга Бригадын генерал Ж.Чүлтэмсүрэн, Дэд дарга, Бригадын генерал Б.Ууганбаяр, Дэд дарга, Хурандаа Д.Намсрай нар гардуулжээ.
Түүнчлэн Онцгой байдлын байгууллагын 20 жилийн ойд зориулсан “Алба сурталчлах өдөрлөг” Сүхбаатарын талбайд боллоо.
Алба сурталчлах өдөрлөгийн үеэр албаны ажил, алба хаагчдын мэргэжлийн онцлогийг иргэдэд таниулж, гамшиг ослоос урьдчилан сэргийлэх, амь нас, эд хөрөнгөө авран хамгаалах зөвлөмж мэдээллийг хүргэхээс гадна Гал унтраах техникийн олон төрөлт спортын байлдааны тархалт, шүхэрчин аврагчид, эрэлч нохойн үзүүлэх тоглолтуудыг сонирхуулсан юм.