Гадаад хэлтэй 5000 жолооч жуулчдад үйлчилнэ
Жуулчид такси үйлчилгээг албан бус хэлбэрээр авах сонирхолгүй байдаг. Учир нь, өөрийн автомашинаараа таксигаар үйлчилж буй иргэд жуулчдаас илүү төлбөр авах, мөн хэл нэвтрэлцэхгүй байх, эд зүйлээ мартаж буувал буцааж олж авах боломжгүй зэрэг нь тэдний болгоомжлох шалгаан болдог. Тэгвэл энэ мэт асуудлыг бүртгэлтэй такси компани шийдэж, жуулчдад зориулсан үйлчилгээ үзүүлэх юм.Монгол Улсад 2023 онд 600,000 гаруй жуулчин аялсан статитистик мэдээлэл байна. Энэ онд манай улс нэг сая гаруй жуулчин хүлээж авахаар төлөвлөж байгаа аж. Тиймээс жуулчдад ая тухтай аялах боломж бүрдүүлэх үүднээс “Юбикаб” ХХК болон “Томё Эдтек” компаниуд хамтран “Гадаад хэлтэй 5000 жолооч” төслийг эхлүүлээд байна. Мөн энэхүү төсөлд “MCS групп” нийгмийн хариуцлагынхаа хүрээнд жолоочдийн сурах хэрэгцээ, шаардлагыг дэмжин ажиллахаар болжээ.
Төслийн нээлтийн арга хэмжээний үеэр “Юбикаб” компанийн гүйцэтгэх захирал О.Золбаяр “Энэ санаачилгыг жолооч нар өөрсдөө гаргасан. Англи хэлтэй 500-700 жолооч зургаадугаар сарын 1-нээс жуулчдад үйлчлэх боломжтой” гэдгийг онцоллоо.“Юбикаб” ХХК-д бүртгэлтэй 43 мянган жолооч бий. Тэдний нөөц бололцоонд тулгуурлан Tomyo аппликейшнээр эхний ээлжинд гадаад хэлний мэдлэгтэй жолооч нарыг шалгаруулан, цаашид ирэх жуулчдыг нисэх буудлаас тосох, үдэх зэрэг түрээсийн цогц үйлчилгээг бүртгэлтэй унаагаар үзүүлэх боломж ийн нээгдэж байна. Мөн гадаад хэл сурах хүсэл эрмэлзэлтэй жолооч уг аппликейшнийг ашиглан ерөнхий англи хэлний мэдлэгээ сайжруулан жуулчдад үзүүлэх үйлчилгээний стандартаа сайжруулах бүрэн боломжтой юм.
Аппликейшн ашиглах талаар “Томё Эдтек” ХХК Гүйцэтгэх захирал Б.Батзул “Хэрэглээний хувьд маш хялбар, агуулгын хувьд англи хэлээр Монгол Улс Улаанбаатар хотын мэдээллийг хүргэхэд баялаг үгийн сантай учир жолооч нар эх орноо сурталчлан таниулж өгөхөд чухал ач тустай байна” гэв.Энэхүү төсөлд мэргэжлийн дэмжлэг туслалцааг “Аялал жуулчлалын мэргэжлийн холбоо” үзүүлнэ.
“Аялал жуулчлалын мэргэжлийн холбоо” нийтийн эрх зүйн хуулийн этгээдийн Дэд ерөнхийлөгч О.Мөнхнасан “Жуулчдын тоо жил ирэх тусам нэмэгдэж байна. Жуулчид таньж мэдэхгүй улсад ганцаараа явахдаа найдвартай такси үйлчилгээ авахыг хүсдэг. Өнөөдрийн хамтын ажиллагаа жуулчдад найдвартай үйлчилгээ үзүүлэхэд чиглэгдсэн” хэмээн ярилцлагын үеэр онцлов.