“Ub Group” ХХК-ийн ТУЗ-ийн дарга Ц.Батбаатарыг хуулийн байгууллагаар ШАЛГУУЛАХААР болжээ
Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн боллоо.
Зөвлөгөөний үеэр хотын дарга Х.Нямбаатар нийслэлийн өмчтэй холбоотой асуудлаар нэр бүхий хүмүүсийг АТГ-т шалгуулахыг холбогдох албанд үүрэг болгов. Тодруулбал,
- НИТХ-ын төлөөлөгч асан Л.Наранбаатар нь концессын гэрээгээр СБД-ийн Тамгын газрын байрыг нурааж, суурин дээр 16 давхар барилга барьсан хэдий ч гэрээний үүргээ биелүүлээгүй, гэрээний хавсралтыг сольсон, ашиглалтад оруулах хугацааг хэтрүүлсэн,
- “Ub Group” ХХК-ийн ТУЗ-ийн дарга Ц.Батбаатар нь нийслэлийн өмчийн газарт орон сууц барихдаа мөн гэрээний дагуу хүлээсэн үүргээ хүлээхгүй, асуудлыг хуулийн байгууллагаар шалгуулахыг үүрэг болгосон юм.
Түүнчлэн шуурхай зөвлөгөөний үеэр хотын дарга Х.Нямбаатар Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалтын ажлын тендерийг долоодугаар сард зарлах, ингэхдээ хиймэл нуур болон гадаргын ус ашигласан хороолол байгуулах, усны шугам нь зэс хоолойтой байх, эрчим хүчнийхээ тодорхой хувийг сэргээгдэх эрчим хүчээр шийдсэн, нийт барилгажих талбайн 60 хувьд орон сууц барьсан байх зураг төсөл гаргах ёстойг холбогдох албаныханд үүрэг болголоо.