Нэг дороос, МАН: УЗ гишүүдтэйгээ уулзаж, зохион байгуулалт хийж байна

0

Өнөөдрөөр улс төрийн нам, эвслүүд УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдээ тодруулах хуулийн хугацаа дуусгавар болно. Энэ хүрээнд МАН-ын УИХ-ын сонгуульд нэр дэвших 78, мандатын дэслэлд багтах 48 нэрсээ тодруулах явцыг Eguur мэдээллийн агентлаг НЭГ ДОРООС хэлбэрээр багцлан хүргэж байна.


НЭМЭЛТ. 19:00 цагт

-Г.Дамдинням: Надтай холбоотой ямар нэгэн эрүүгийн хэрэг үүсээгүй, би бүх газар шалгуулсан-

МАН-ын бүлгийн дарга нэр дэвшигчдээ тодруулахад ямар бодлого баримталж байгаа талаар мөн намын УЗ-ийн хурал оройтож байгаа тухайд тайлбар мэдээлэл өглөө.

Тэрбээр, “2020 оны бага хурал мөн орой хуралдаж байсан. Энэ удаа ч мөн орой хуралдах байх. Ямартай ч бид хуульд заасан хугацаандаа 00 цагаас өмнө СЕХ-нд бүх нам эвсэл мэдээллээ өгнө. Манай намын удирдлагуудад бодлогоо боловсруулах хэлэлцэх ёстой асуудлууд байгаа байх. 2024 сонгуульд ялалт байгуулах, бодлогоо хийх ёстой ажил шүү дээ.

Нийгэм ил тод болохын хэрээр, мэдээллийг ил тод болгож, цахимжуулах, авлигын эсрэг тэмцэл өрнүүлсэн дөрвөн жил байлаа. Ер нь сонгууль гэдэг бол шинжлэх ухааны судалгаанд суурилсан, ард иргэдийнхээ хүсэл тэмүүллийг тусгасан шийдвэр байх ёстой. Тиймээс намын удирдлагуудын зүгээс энэ бодлогоо харж шийдвэр гаргаж байгаа гэдэгт итгэлтэй байна. Би хууль зөрчиж байгаагүй, нийтэд мэдээллээ түгээх хуультай өөрийн санхүүгийн эх үүсвэрээс өөрийн хийж бүтээж байгаагаа олон нийтэд танилцуулсан. Үүнийг буруу зүйл гэж огт бодохгүй байна. Би улсын төсвөөс хувьдаа ашиглаагүй шүү дээ.

Өнгөрсөн дөрвөн жил Дарханы замтай зууралдаж, өнгөрүүллээ. Одоогоор 90 хувьтай ажил хийгдэж байна. Хэрвээ тойрогтоо нэр дэвшвэл энэ ажлаа дуусгана. Мөн Дархан арьс ширний цогцолбор гэх том ажил гацсан. Энэ ажлыг эхлүүлнэ гэж бодож байна.

Мөн надтай холбоотой ямар нэгэн эрүүгийн хэрэг үүсээгүй. Намын хороондоо үүнийгээ баталсан. УЕПГ, УДШ, Нийслэлийн давж заалдах шатны шүүх зэргээс хариугаа аваад намын ерөнхий хороондоо тодорхойлолтоо өгсөн” гэлээ.


НЭМЭЛТ. 18:35 цагт

-Д.Тогтохсүрэн: Нийгэм өөрөө хүлээж байгаа төлөөллийг хангаж нэр дэвшүүлнэ-

МАН-ын бүлгийн дарга нэр дэвшигчдээ тодруулахад ямар бодлого баримталж байгаа талаар мөн намын УЗ-ийн хурал оройтож байгаа тухайд тайлбар мэдээлэл өглөө.

Тэрбээр  “Тойрогт нэр дэвшигч, намын жагсаалтаар нэр дэвшигч гэсэн хоёр янзаар авч үзэж байгаа. Тойрогт нэр дэвшигчдийн хувьд тухайн тойрогтоо хамгийн өндөр нэр хүндтэй, олон түмний санал бодлыг илэрхийлж чадах хүмүүс байгаа. Жагсаалтад бол бид үндсэн хууль, улс төрийн нам, сонгуулийн хуулиндаа өөрчлөлт хийсэн. Энэ дээр нийгмийн захиалга буюу төлөөллийг заавал хангах ёстой. Хамгийн чухал зүйл нь энэ. Манай нам энд шалгуур тогтоох ёстой. Манайх бусад намын өмнө тодорхой үүрэг хариуцлага хүлээсэн нам шүү дээ. Тийм учраас хамгийн том захиалга экспертийг тогтоох ёстой гэсэн зарчмаар хандаж байгаа.

Би өөрөө жагсаалтаар нэр дэвшихгүй, тойргоор нэр дэвшинэ. Нөгөө талаас нийгмийн захиалга явж байгаа. Тэр захиалгыг бид нар биелүүлэх ёстой. Нийгэм өөрөө хүлээж байгаа хүмүүс бий шүү дээ. Багш, үйлдвэрчний эвлэл, малчдын төлөөлөл байх ёстой, үүнийг л бид хангах ёстой.

Удирдах зөвлөл хүмүүстэйгээ уулзаж, зохион байгуулалтаа хийж байна. Манай нам зарчим л яриад байгаа. Бид зарчмын үлгэрлэл үзүүлэх ёстой. Бид зарчмаа л барина” гэлээ.


НЭМЭЛТ. 17:30 цагт

ФОТО: МАН-ын Бага хурлын гишүүд Удирдах зөвлөлийн хурлын шийдвэрийг хүлээж байна

МАН-ын Бага хурлын гишүүд Тусгаар тогтнолын ордонд цугларч, Удирдах зөвлөлийнхөө шийдвэрийг хүлээж байна.


Нэмэлт. 16:50 цагт

Удирдах зөвлөлийн хурал үргэлжилж байна

МАН-ын Удирдах зөвлөл яг одоо Тусгаар тогтнолын ордонд үргэлжилж байна. Удирдах зөвлөлийн хуралдаанд МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ УИХ-ын 2024 оны сонгуульд нэр дэвших 78 гишүүн, жагсаалтад багтах 48 дэслэлээ танилцуулж буй юм.

Одоогоор Удирдах зөвлөлийн хурал нэлээд сунжрах чигтэй байгаа бол Бага хурлын гишүүд цугларч эхлээд байгаа юм. Бага хурлаар Удирдах зөвлөлөөр батлагдсан УИХ-ын 2024 оны сонгуульд нэр дэвших 78 гишүүн, жагсаалтад багтах 48 дэслэлийг танилцуулахаар хүлээгдэж байна.

Бага хурлын гишүүдийн зарим байр суурийг видео хэлбэрээр хүргэж байна.

Ерөнхийлөгч асан Н.Багабанди “Сонгуульд нэр дэвшүүлэх асуудал дээр манай намын дарга нар өөрсдийн байр суурийг тодорхой илэрхийлсэн. Тэр зарчмаар гишүүдээ сонгож, УИХ-ын гишүүнээр нэр дэвшүүлнэ.

Жагсаалтад орж байгаа хүмүүс УИХ-ын гишүүн болоход бэлтгэгдсэн байх хэрэгтэй. Төрийн албанд тэнцээд, УИХ-ын гишүүн байх хэмжээнд бэлтгэгдэх нь хамгийн наад захын шалгуур. Хамгийн чухал зүйл нь жендерийн асуудлыг чухалчилж, тэгшитгэж байгаа асуудал. Би залуучуудын төлөөлөл их ороосой гэж хүсэж байна. Мөнгөний биш, энэ бол цэвэр үзэл бодол, өрсөлдөөний сонгууль болох байх гэж найдаж байна. Аливаа нам улс төрийн ажил явуулахдаа ахмад, дунд, залуу гэсэн гурван үеийнхээ холбоосон дээр тогтож явуулдаг. Энэ шүтэлцээ хоорондоо тэгш хангагдаасай гэж хүсэж байна.

Мөн дээрээс нь “Тухайн үед С.Зоригийн ерөнхий сайд болох асуудлыг надтай ярьж байсан. Би “С.Зоригийн нэр орж ирвэл дэмжинэ” гэсэн байр сууриа тамгын газрын дарга нараараа дамжуулаад илэрхийлчихсэн байсан. С.Зоригийн хэрэг сонгуультай байна уу, үгүй байна уу илрэх ёстой. Энэ хэрэг илрэхгүй байж болохгүй”

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн төрсөн дүү У.Отгонбаяр,

“Ерөнхийлөгчийн дүү гэдгээр нөлөөлөх юм байхгүй ээ. Намын дүрэм цагаан дээр хараар буулгачихсан байгаа. Ерөнхийлөгч өөрөө аль хэдийн намаасаа түтгэлцсэн. Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газар тус тусдаа байгууллагууд шүү дээ. Би УИХ-д нэр дэвших хүсэлтээ илэрхийлсэн. Итгэл үнэмшилтэй байгаа учраас хүсэлтээ өгсөн. Надад залуу наснаасаа төрийн албанд ажилласан, хийж бүтээсэн ажил, амьдралын туршлага байна.

Би Боловсролын зээлийн сангаас авсан зээлээ буцаагаад төлсөн. Сайдаар зээлээ тэглүүлээгүй. Тийм учраас бусдад боломж олгосон гэж бодож байна. Ерөнхийлөгчийн дүү байлаа гээд давуу тал бий болоод байгаа юм алга. Би чинь Ухнаагийн Отгонбаяр гэж хувь хүн. Ухнаагийн Хүрэлсүхийн дүү гэхээсээ илүү нэр дэвшигч Ухнаагийн Отгонбаяр гэсэн байдлаар харвал илүү тодорхой болно.

Миний өвөг дээдэс Ханхэнтий нутгийнх. Аав маань Сүхбаатар аймгийн Халзан суманд төрж өссөн. Би тэнд олон нийтийн ажил багагүй эрхэлсэн. Сүхбаатар аймгийн нутгийн зөвлөлийн албыг одоо хашиж байна. Өмнө нь Сүхбаатар аймгийн Жавхлант бөхийн дэвжээний албыг бас хашиж байлаа. Тэгээд ажил амьдралын хувьд ойрхон, ард иргэдээ, малчдаа илүү ойлгох боломж бололцоо нь илүү юм болов уу гэсэн зүүн бүсийг сонгосон.

Санхүүжилтийн асуудал бол тухайн нэр дэвшигчээс шалтгаална. Би нийтийн хоолны бизнес эрхэлдэг. Би үндсэн хуулиар олгосон сонгох, сонгогдох эрхээ л эдэлж байна”


Эхлэл. 16:00 цаг

МАН-ын УЗ хуралдсаны дараа Бага хурлыг эхлүүлнэ

МАН-ын зүгээс өнөөдөр |2024.05.20| Бага хурлаа 16.00 цагт хуралдах тов зарласан. Одоогоор Бага хурлын гишүүд МАН-ын төв байр Тусгаар тогтнолын ордонд цугларч байна.

Бага хурлаас өмнө Удирдах зөвлөлийн хуралдахаар хүлээгдэж байгаа юм. Уг хурлаар МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ УИХ-ын 2024 оны сонгуульд тойргийн 78 мандат, жагсаалтын 48 дэслэлээ танилцуулж, нэрсийг батламжилсны дагуу Бага хурлаар оруулахаар хүлээгдэж байна.

Өнгөрсөн амралтын өдрүүдээр МАН-ын удирдлагууд Их тэнгэрт зарим хаалттай уулзалтуудыг хийж, тойрог болон жагсаалтад багтаах нэрсийн асуудлаар санал солилцсон юм.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *