Нэг дороос, АН: Үндэсний бодлогын хороо хуралдаж эхэллээ
Өнөөдрөөр улс төрийн нам, эвслүүд УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдээ тодруулах хуулийн хугацаа дуусгавар болно. Энэ хүрээнд АН-ын УИХ-ын сонгуульд нэр дэвших 78, мандатын дэслэлд багтах 48 нэрсээ тодруулах явцыг Eguur мэдээллийн агентлаг НЭГ ДОРООС хэлбэрээр багцлан хүргэж байна.
Нэмэлт: 20.55 цаг
ҮБХ хуралдаж эхэллээ
АН-ын Улс төрийн зөвлөлийн хуралдаан үргэлжилж, дуусжээ. Тус хурлаар АН-аас 2024 оны УИХ-ын сонгуульд сойх нэр дэвшигчдээ тодруулсан. Дараа нь ҮБХ-ны хуралдаанаар, нэрсийг эцэслэн батална.
Тэгвэл дөнгөж сая ҮБХ-ны хурал эхэлсэн байна. Хуралдааныг хүлээж байсан горилогчид хуралдаанд оролцохоор дотогш орлоо.
ҮБХ хуралдаж дууссаны дараа, АН тойрогт дэвшүүлэх 78, жагсаалтад багтаах 48 кандидатын нэрийг албан ёсоор зарлана.
Нэмэлт: 18.45 цаг
ҮБХ-ны гишүүд “Corporate”-д цугларч байна
АН-ын Сонгон шалгаруулах түр хорооны хуралдааны дараа Улс төрийн зөвлөлийн хурал нь үргэлжлэн орсон байна. АН-ын дарга Л.Гантөмөр, генсек Э.Одбаяр, тэргүүн дэд дарга С.Баярцогт, Нийслэлийн намын хорооны дарга Т.Батцогт, гишүүдээс Д.Мөнх-Эрдэнэ, С.Батзаяа, Г.Эрдэнэбат нарын бүрэлдэхүүнтэй Сонгон шалгаруулах түр хороо нь нэр дэвшихээр саналаа өгсөн хүсэлтүүдийг цэгцлэн нэгтгэсэн юм.
Улс төрийн зөвлөлийн хурлаар тэдний эмхэтгэсэн мэдээллийг сонсож, дараа нь Үндэсний бодлогын хороо нь хуралдахаар хүлээгдэж байна. АН-ын ҮБХ нь 500 гаруй гишүүдээс бүрдэх бөгөөд эндээс УИХ-ын 2024 оны сонгуульд нэр дэвших тойргийн 78, жагсаалтад дэслэгдэх 48 нэрс тодорхой болох юм.
Одоогоор ҮБХ-ны гишүүд Корпорейтод цугларч байна.
Эхлэл: 16.50 цаг
Найман хүний бүрэлдэхүүнтэй “Сонгон шалгаруулах комисс” хуралдаж байна
Ардчилсан нам өнөөдөр Үндэсний бодлогын хорооны хурлын товоо 18:00 цагт “Corporate Convention Center”-т зохион байгуулахаар зарласан. Гэвч уг хурал цагтаа эхлэх эсэх нь тодорхойгүй байгаа юм.
Учир нь, АН-ын зүгээс өчигдөр /2020.05.19/ Сонгон шалгаруулах комисс байгуулж, УИХ-ын сонгуульд нэр дэвшихээр намдаа хүсэлтээ өгсөн гишүүдийнхээ асуудлыг эмхлэхээр болсон. Одоо уг сонгон шалгаруулах комисс хуралдаж байна.
Сонгон шалгаруулах комисст АН-ын дарга Л.Гантөмөр, генсек Э.Одбаяр, тэргүүн дэд дарга С.Баярцогт, Нийслэлийн намын хорооны дарга Т.Батцогт, гишүүдээс Д.Мөнх-Эрдэнэ, С.Батзаяа, Г.Эрдэнэбат нар багтсан юм.
Уг комисс хуралдаж дуусаад, нэрсийн жагсаалтаа эмхэлсний дараа Улс төрийн зөвлөл нь хуралдаж, саналаа Үндэсний бодлогын хороо нь хуралдахаар, гишүүд нь хүлээлтийн байдалтай байна.
Эх сурвалж: Eguur.mn