Ногоон автобусны нээлттэй сонсгол эхэллээ
“Ногоон автобусны” нээлттэй сонсгол өнөөдөр эхэлнэ. Нийслэлийн нийтийн тээврийн чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, парк шинэчлэх шаардлагын дагуу 2023 онд худалдан авсан автобусны худалдан авах ажиллагаанд хяналт шалгалт хийх түр хороо нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсгол явуулах юм.
Тус сонсголд 100 гаруй хүнийг гэрчээр дуудсанаас эхний өдөр 67 гэрчийг оролцуулна. Тухайлбал, Нийслэлийн Засаг дарга асан Д.Сумъяабазар, сайд асан Ж.Сүхбаатар, Нийслэлийн Тээврийн газрын дарга асан С.Жавхлантбаатар, Нийслэлийн Засаг даргын орлогч асан Ж.Сандагсүрэн, Нийслэлийн Засаг даргын ахлах зөвлөх асан Д.Мөнх-Эрдэнэ зэрэг хүмүүсийг гэрчээр дуудаад байна.
Өнөөдөр “Худалдан авах ажиллагааг шуурхай зохион байгуулсан үндэслэл, шалтгаан” сэдвийн хүрээнд Нийтийн тээврийн автобус (Улаанбаатар) төсөл арга хэмжээг хэрэгжүүлсэн шийдвэр, түүний үндэслэл; Нийтийн тээврийн автобус худалдан авах гүйцэтгэгчийг сонгон шалгаруулсан байдлын талаарх нотлох баримтыг шинжлэн судалж, шинжээчийн дүгнэлт, хянан шалгагч нарын тайланг сонсож, шаардлагатай бичмэл нотлох баримтуудыг танилцуулж, холбогдох гэрчүүдээс асуулт асууж, хариулт аван, гэрч, шинжээч, хянан шалгагчаас тайлбар авна.
Үдээс хойших сонсголоор “Автобус нийлүүлэх гүйцэтгэгчтэй байгуулсан гэрээний хэрэгжилт” сэдвийн хүрээнд Нийтийн тээврийн автобус нийлүүлэх гүйцэтгэгчтэй байгуулсан гэрээ, гэрээний нэмэлт, өөрчлөлт; Нийтийн тээврийн автобус нийлүүлэх гүйцэтгэгчид олгосон санхүүжилт, түүний зарцуулалтын талаар нотлох баримтуудыг шинжлэн судалж, шинжээчийн дүгнэлт, хянан шалгагч нарын тайланг сонсож, шаардлагатай бичмэл нотлох баримтуудыг танилцуулж, холбогдох гэрчүүдээс асуулт асууж, хариулт аван, гэрч, шинжээч, хянан шалгагчаас тайлбар авах юм.