ШИНЖЭЭЧ: “Тэнүүн-Огоо“ ХХК улсын төсвөөс санхүүжүүлсэн 134.6 тэрбум төгрөгийн 111 тэрбумтай тэнцэх валютыг гадагш шилжүүлсэн
Ногоон автобусны сонсгол Нийтийн тээврийн автобус нийлүүлэх гүйцэтгэгчид олгох санхүүжилт, түүний зарцуулалтын асуудлаарх мэдээллээр үргэлжилж байна.
Шинжээч танилцуулахдаа “Улсын төсвөөс 2023 онд санхүүжүүлсэн 134.6 тэрбум төгрөгөөс “Тэнүүн-Огоо” ХХК нь нийт 111 тэрбум төгрөгтэй тэнцэх валютыг гадагш шилжүүлсэн нь баримтаар нотлогдож байна. Тухайлбал,
-БНСУ-ын “Iktae” компанид 194 ширхэг DAEWOO автобус, 50 ширхэг COUNTY автобусны төлбөрт 77.3 тэрбум төгрөгтэй тэнцэх 21.9 сая ам.доллар,
-БНХАУ-ын Nanjing golden dragon bus компани болон бусад гурван компанид 55 ширхэг skywell цахилгаан автобус болон түүний дагалдах хэрэгсэлд 30.8 тэрбум төгрөгтэй тэнцэх 63 сая юань,
-БНСУ-ын Wonnam GLS компанид тээврийн хөлс 2.9 тэрбум төгрөгтэй тэнцэх 0.8 сая ам.долларыг шилжүүлсэн байна.
Харин Монгол Улсын хилээр Daewoo 100 ширхэг, COUNTY 50 ширхэг, skywell 55 ширхэг буюу нийт 205 автобус орж ирсэн бол төлбөрийг нь урьдчилж шилжүүлсэн 94 ширхэг daewoo автобус орж ирээгүй байна” гэдгийг танилцууллаа.