Х.Нямбаатар: Бүхээгт тамхи татдаг, дэмбээ авдаг, иргэдтэй бүдүүлэг харьцаж байгаа автобусны жолоочийг ажлаас нь хална
Нийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөний үеэр хотын дарга нийтийн тээврийн автобусны жолооч нарт хариуцлага тооцохыг Нийтийн Тээврийн Бодлогын Газрын дарга Д.Отгонжаргалд үүрэг болгожээ.
Хотын дарга Х.Нямбаатар “Кабиндаа тамхи татдаг, дэмбээ/бэлэн мөнгө авдаг нууц хайрцгийг жолооч нар дэмбээ гэж нэрлэдэг байна/ авдаг, иргэдтэй бүдүүлэг харьцаж байгаа автобусны жолоочийг ажлаас нь чөлөөлж явуулъя. Ажилд орох хүмүүс зөндөө байна. Чин сэтгэлээсээ ажлаа хийдэг эзэн шиг нь байвал автобусны жолоочоор ажиллана.
Тамхи татаж бааварлаад хүүхдүүдийг хаядаг, шугамаа орхиж давхидаг, машинаа угаахгүй, утсаар ярьдаг, бэлэн мөнгө халаасалдаг автобусны жолооч нарт хариуцлага тооцох хэрэгтэй. Жолооч нэг бүрийн хяналтын камерыг өдөржин хянадаг ажилтан суулга.
Дэмбээний хайрцгийг онгойлгож, орлого нэмэгдүүлэх ажлыг хийх хэрэгтэй байна” гэсэн үүргийг өгөв.
Өнөөдрийн байдлаар нийт 1,124 автобус нийслэлчүүдэд үйлчилж байгаа аж. Автобусны жолоочийн сарын цалинг 3.5 сая төгрөг болгож, хариуцлагыг нэмэгдүүлэхээр болжээ.